Зам дагаж хөгжил гэдэг. Энэ үг үнэн болохыг Дорноговь аймгийн хөгжил цэцэглэлт гэрчилж байна. Хэдэн жил очоогүй Сайншанд засмал замтай болсоноос хойш нүүрээ угаасан хүүхэд шиг л болжээ. Тус аймгийн энэ их хөгжил, хүн амын төвлөрөл, зорчигчдын урсгал нэмэгдэж буйг дагаад Авто тээврийн Үндэсний төв Дорноговь аймаг дахь Авто буудлынхаа өнгө зүсийг заслаа. Авто тээврийн оношилогооны төвийн сэндивчин байранд хамтдаа үйл ажиллагаа явуулж байсан Авто буудлаа шинэ байртай болгож, нээлтийг нь өнгөрөгч амралтын өдрөөр хийлээ. Уг байрыг Авто тээврийн үндэсний төв өөрийн хөрөнгө оруулалтаар буюу 809,9 сая төгрөгөөр барьжээ. Хоёр давхар барилга нэг давхартаа үйлчлүүлэгчийн танхим, ахмад настанууд, нярай хүүхдийн өрөө, эмчийн өрөө, цайны газар, тээш хадгалах болон тасалбар түгээх өрөө гээд зорчигч ая тухтай үйлчлүүлэх бүхий л нөхцөлийг бүрдүүлжээ.
Харин хоёр давхарт хурлын танхим болон оффисын өрөөтэй тохилог сайхан барилгыг хүлээн авлаа. Дорноговь аймгийн хувьд сүүлийн жилүүдэд дотоодын болон гадаадын аялал жуулчлал эрс нэмэгдэж байгаа тул зорчигчдын аюулгүй байдал, ая тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор ийнхүү шинэ байртай болгож байгаа ажээ. Авто тээврийн үндэсний төв 2018 оныг үйлчилгээний чанарыг сайжруулах, зорчигчдын ая тухтай зорчих нөхцлийг хангах жил болгон зарлаж багагүй ажлыг амжуулсан гэнэ.
Авто тээврийн үндэсний төвийн дэд дарга Ш.Батсайхан:
-Манай хамт олон энэ онд улс хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулах зорилго тавин ажиллаж ирлээ. Энэ хүрээнд бид саяхан Хэнтий аймагт Зүүн бүсийн Авто буудлыг нээлээ. Төв аймгийн авто буудлыг шинээр барьж ирэх онд хүлээж авна. Мөн тээврийн дэд бүтцийг сайжруулах зорилгын хүрээнд 2019 онд Завхан, Баян-Өлгий аймгийн авто буудлыг шинэчлэн засварлаж стандартад нийцсэн соёлтой үйлчилгээ үзүүлэх нөхцлийг бүрдүүлнэ. Энэ оны арванхоёрдугаар сард Хан- Уул дүүрэгт байрлах “Лавай” төвд өмнө зүгийн аймгуудын Авто буудлыг нээх гэж байна. Тус буудал нээгдсэнээр “Драгон” төвийн хэт их төвлөрөл, ачаалал буурч, иргэд ая тухтай үйлчлүүлэх нөхцөл бүрдэнэ гэж ойлгож байгаа гэв.
Дорноговь аймаг шинэ авто буудалтай болсоноор үйлчлүүлэгчийн ая тухтай орчин бүрдэхээс гадна орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээг албажуулж байгаа гэнэ. Энэ Авто буудал Сайншанд-Улаанбаатар, Улаанбаатар –Сайншанд, Сайншанд- Замын-Үүд, Замын-Үүд-Сайншанд чиглэлийн хот хоорондын болон тус аймгийн арван сум руу явах зорчигч тээврийн үйлчилгээг иргэдэд хүргэдэг байна. Мөн ирэх оноос Эрээн-Сайншанд, Сайншанд-Эрээн гэсэн улс хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний шинэ шугам нээгдэх гэрээ хэлцэлээ хийжээ. Шинэ өргөөнийхөө үүдийг дөнгөж нээгээд байгаа Авто тээврийн үндэсний төвийн харьяа Дорноговь аймаг дахь Авто тээврийн төвийн дарга Б.Хүдэрболдтой уулзлаа. Тэрбээр, “Манай төв 2009 онд баригдаж ашиглалтад орсон техникийн хяналтын үзлэгийн байранд үйл ажиллагаа явуулдаг байсан. Шинэ байртай болсоноор зорчигчдыг ая тухтай үйлчлүүлэх нөхцлийг бүрдүүлж байна. Цаашид үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад илүү анхаарч ажиллана. Мөн ирэх онд гадна талбайн тохижилтын ажлыг бүрэн хийж, орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулах зорилготой байгаа” гэж ярилаа. Ийнхүү Дорнын говь стандартад нийцсэн орчин үеийн тохилог авто буудалтай боллоо.