Монголын нууц товчоонд “Хөнжилдөө орох завгүй хөнөөлдөн тэмцэлдэж байв” гэж бичсэн байдаг даа. Монголчууд одоо харин хоолоо ч идэх завгүй хов зөөлцөж, амьсгал ч авах зайгүй бүгдийг эсэргүүцэж, шүүмжлэн гутааж байна. Тэмцэхгүй болохоор үндэс угсааг нь өөрчилж доромжилно. Тэмцээд эхлэхээр “поп” гэж дайрна. Олонд жаахан танигдвал завхуул, зайгуулаас эхлээд хэлэх хэлэхгүй үгээр доромжилно. Албан тушаалд хүрвэл эмэгтэйчүүдийг янз бүрээр хэлнэ. Эрэгтэйчүүдийг нь цүнх баригч, ул долоогч, даргад долигоносон гэж шүүмжилнэ. Шударга хүнийг их зантан гэж буруутгана, шулуухан хэлэхээр “ааш муут” гэж адлана. Монголчуудын ихэнх нь баярлаж, хөгжиж, сэтгэлийн цэнгэл эдэлж чадахаа больж. Ухаалаг утас, урдах компьютерынхаа араас ухаантай үг, урт хараал урсгаж, хэн нэгнийг, энэ нийгмийг, улс орноо муулах, шүүмжлэх, доромжлох, зүхэхээс өөрийг хийж байгаа нь алга. Одоо баяр ёслолоор ч зүгээр баярлаж чадахаа болилоо. Шинэ жилийн баяраа хийж, хамт олноо шагнаж, нэг орой гоёод, зургаа авахуулж байгаа хүн бүрийг шүүмжлэх нь холгүй байна. Шинэ жил манай баяр биш, барууныхныг хэтэрхий дуурайлаа л гэнэ. Монголчууд хэтэрхий олон баяр тэмдэглэж, байнга амардаг. Нэг ч амралгүй, өглөө 06:00 цагт босоод, өдөржин ажиллаж, шунаж үхэхээс наагуур тэмц. Тэгэхгүй бол хөгжихгүй ч гэж байх шиг. Цагаан сараар амарч яадаг юм, хамаг мөнгөө гуравхан хоног идэж дуусгадаг тэнэг ард түмэн манайхаас өөр байхгүй.
Улс тунхагласны баяраар амарч яадаг юм, ямар ч хэрэггүй илүү баяр. Гэх мэтээр баяр болгоныг харааж, зүхэж, өөрөө юу ч хийхгүй гар утсаа ухаад хэвтэж байгаа залуучууд Монголоор дүүрчээ. Баярлах ч завгүй бахиралдан тэмцэлдэж, хөгжилдөх цаггүй нэгнээ доромжилж, муулах хэрэг үү. Монголчууд тэгтлээ олон өдөр баярлаад, архидаж, алингаа алдаад, улсын хөгжлөөс хойш татаад байгаа юм алга. 2018 онд гэхэд нийтээр амрах өдөр ердөө л 12 байгаа. Шинэ оны эхний өдөр буюу 2018 оны нэгдүгээр сарын 1-нд амарлаа. Дараа нь хоёрдугаар сарын 16, 17, 18-ны өдрүүдэд цагаан сар гэж гурав хоног амарсан. Гуравдугаар сарын 8, зургадугаар сарын 1-ний өдөр эмэгтэйчүүд, хүүхдүүдийнхээ төлөө хоёр хоног амрав. Тэгээд наадмаар тав хоног амарч, бөхийн барилдаан, морины уралдаанаа үзэж, дэлхийд ганцхан Монголд л тэмдэглэдэг эрийн гурван наадмаараа баярласан. Өвөл гэвэл Чингис хааны төрсөн өдөр, Улс тунхагласны баяр, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баяр гээд нийтдээ гуравхан хоног л амарч байгаа. Хүннү гүрнээс эхтэй агуу түүхтэй Монгол Улсад энэ зэргийн баярын өдөр байгаад, ард иргэд нь баярлаад амарчихад буруу юу байх билээ.
Манайхаас бусад оронд ганц ч баяр, амралтын өдөр байхгүй, тэгээд хөгжөөд байна гэж хэн хэлэв. Азийн орнууд гэхэд цагаан сарыг өргөн дэлгэр тэмдэглэдэг. Манайхан шиг гурван хоног тэмдэглэдэг газар бий. Харин Хятад, Түвд гэх мэт орнууд бүр 15 хоног тэмдэглэдэг. Цаашлаад улсаа тунхагласан, дайнд ялалт байгуулсан гээд өөр өөрсдийн тэмдэглэлт, түүхэн өдрүүдтэй, түүгээрээ ч амардаг. Шинэ жилийг ч хаа сайгүй л тэмдэглэж байна. Тийм байхад манай улс яагаад хэдэн чухал баяраа тэмдэглэж, амраад баярлаж болохгүй гэж. Цагаан сарын баярыг олон зуун жилийн өмнөөс л тэмдэглэж ирлээ. Монголын уламжлалт баярын нэг. Гурав хоног уламжлалт баяраараа сарынхаа хоолыг иднэ үү, жилийнхээ хүнсийг барна уу хэнд хамаа байна. Өөр өөрсдийнхөө хэмжээнд тэмдэглээд, баярлахад болно. Эмэгтэйчүүдийнхээ эрхийн төлөөх баяр, хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр ганц, хоёр хоног амарчихад гай болох юун. Эхчүүд, хүүхдүүдийн төлөө тэмцэх л ёстой. Монголд гэр бүлийн хүчирхийлэл ямар хэмжээнд хүрсэн билээ. Ихэнх хохирогч нь хүүхэд, эмэгтэйчүүд. Гэтэл тэдний эрхийг хамгаалах, баярлуулах өдөр нь ердөө л ганцхан. Ганцхан өдрийг эмэгтэйчүүд, хүүхдүүдээсээ харамлаад байгаа хүмүүс хэнээтэн, эсвэл хүчирхийлэгч байж таарах уу. Зуны дэлгэр цагт, уламжлалт хоёрхон том баярын нэг эрийн гурван наадмаараа тав хоног амрахад буруудах юм байхгүй.
Дэлхий дахины жуулчид манай наадмыг сонирхож ирж байхад бид хэд хоног амраад, үүх түүхээ, уламжлалаа гайхуулж, хурдан морь, хүчит бөхөө харж, баясахад яадаг юм. Чингис хааны төрсөн өдөр, улс тунхагласны баяр, Тусгаар тогтнолын баяр гэдэг бас л ач холбогдолтой. Манжийн дарлалаас гарч, тусгаар улс болно гэдэг ямар ч баяртай зүйрлэх аргагүй л баярт үйл явдал. Тиймээс бид амарч, энэ цагийг авчирсан “цусан” гавьяатай хүмүүсийг алдар гавьяаг магтаж, үүх түүхээрээ бахархах ёстой юм. Шинэ жилийн баярыг дэлхийн бүх л улсад тэмдэглэж байна. Бид тэднээс хоцорч, дангаарших хэрэг үү. Бүтэн жилийн ажил хөдөлмөр, амжилтаа тэмдэглэж, сэтгэл, зүтгэл гаргасан, чадварлаг нэгнээ шагнаж, урамшуулж, алдаа, оноогоо дэнслэх нь гэм нүгэл биш л байлтай. Монголд бухимдах зүйл хангалттай их байна. Өглөө гэрээсээ, орой ажлаас гараад л утаанд, түгжрээнд, хүнд сурталд, ядуу байдалд гээд бүх зүйлд бухимдахаар байгаа. Энэ их бухимдлын дундуур жилдээ хэдхэн удаа баярлах зав гаргая. Бидэнд тийм эрх бий.