ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Зэс, нүүрсний үнийн уналт Засгийн газрын төсөөллийг “нурааж” мэдэх нь

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-12-26

Ирэх оны төсвийн орлогыг өмнөх оноос 2.4 их наядаар огцом нэмэгдүүлж, есөн их наяд 676.5 тэрбум байхаар тооцсон билээ. Ийнхүү орлогоо төлөвлөхдөө 2019 онд уул уурхайн салбарын орлогыг 3.0 их наяд төгрөгт хүрнэ хэмээн тооцсон байх бөгөөд ялангуяа нүүрс болон зэсийн экспортоос тус бүр 1.3 их наядыг төвлөрүүлэх зорилт тавьжээ. 

Энэ тооцоог гаргахдаа нүүрс тонн нь 75.9, зэсийн баяжмал 6272 ам.доллар байна хэмээн тооцсон байдаг. Тодруулбал, Засгийн газрын төсөөлснөөр манай улс ирэх жил 1.4 сая тонн зэсийг тонн тутмыг нь 6272 ам.доллароор экспортолж, 1.3 их наяд төгрөгийн орлого олох аж. Гэвч, уул уурхайн бүтээгдэхүүний ханш дэлхийн зах зээлд сүүлийн хэдэн сар дарааллан унав. Өчигдрийн байдлаар Лондонгийн металлын биржид зэсийн ханш 5931.1 ам.доллар болжээ. 2017 онд 7000 ам.долларыг давтлаа өсөж байсан зэсийн ханш 2018 онд олигтой өссөнгүй. Харин ч, зургадугаар сараас хойш тасралтгүй буурсан үзүүлэлттэй байна. Зэсийн ханшийн эл уналт нь ирэх оны эхэн үед ч хэвээр хадгалагдана гэдгийг шинжээчид онцолж байгаа юм. Өөрөөр хэлбэл, 2019 оны төсөвт төвлөрүүлнэ гэж тооцсон шиг тонн зэсийн баяжмал 6272 ам.доллар хүрэх эсэх нь эргэлзээтэй болж буйн зэрэгцээ, төсвийн орлого ч тасарч мэдэхээр байна. 

Мөн энэ сарын 24-ний өдрийн байдлаар нүүрсний ханш  олон улсын зах зээлд 0.15 хувиар унаж, 102.15 болжээ.  Өмнө нь нүүрсний үнэ 102.3 байсан юм. Түүхэндээ нүүрс 2011 оны нэгдүгээр сард 139.05 ам.доллар болж, өсөж байсан бол 2016 онд 48.8 болтлоо унаж байсан билээ. Ирэх оны төсөвт нүүрсийг 75.9 ам.доллар гэж тооцсон нь одоогийн нүүрсний үнээс харьцангуй бага байгаа юм. Гэвч, манай улсын уул уурхайн бүтээгдэхүүний гол худалдан авагч БНХАУ нүүрсний импортоо багасгах төлөвтэй байгааг судлаачид онцолж байна. 
БНХАУ арваннэгдүгээр сард 4.89 сая тонн коксжих нүүрс импортолсон. Энэ нь 2017 оны мөн үеэс 8.8 хувиар буурсан талаар тус улсын Гаалийн Ерөнхий газраас мэдээлсэн байдаг. Улмаар энэ оны эхний арваннэгдүгээр сард коксжих нүүрсний импорт нийт дүнгээрээ 61.79 сая тонн болсон нь жилийн өмнөхөөс 2.3 хувиар бага дүн болжээ. 
Харин Монгол Улс арваннэгдүгээр сард тус улс руу 2.5 сая тонн нүүрс экспортолсон байна. Энэ нь сүүлийн есөн сарын хугацаан дахь хамгийн бага үзүүлэлт болж байгаа юм. БНХАУ гаднаас авах нүүрсний импортоо бууруулж, харин дотоодын олборлолтоо нэмэгдүүлэх бодлого баримтлах болсон бөгөөд өнгөрсөн сард өдөрт дунджаар 10.61 сая тонн нүүрс олборлосон нь сүүлийн гурван жилд хамгийн их хэмжээтэйд тооцогдож байгаа аж. Мөн нүүрсний олборлолтын гол мужийн нэг болох ӨМӨЗО-ы олборлолт 87.5 сая тонн болсон нь сүүлийн гурван жилд байгаагүй өндөр үзүүлэлт болжээ. Үүнээс үзвэл, 2019 болон 2020 онд БНХАУ нүүрсний импортоо тодорхой түвшингээр бууруулах төлөв ажиглагдаж байгаа юм. 
Энэ оны эхний 10 сарын байдлаар манай улс 2.4 тэрбум ам.долларын 31.3 сая тонн нүүрс экспортолсон гэсэн дүн мэдээ бий. Харин ирэх онд 42 сая тонн нүүрс экспортлоно гэж төлөвлөсөн. Гэвч, экспорт буурах, түүнчлэн дэлхийн зах зээл дэх уул уурхайн бүтээгдэхүүний үнийн уналт зэргээс үүдэлтэйгээр ирэх жил Засгийн газар шинэ эрсдэлүүдтэй тулгарч болзошгүйг ажиглагчид онцолж байна.