БСШУС-ын яамнаас ЕБС-ийн “Дотуур байрны үйлчилгээний стандарт”-ыг боловсруулан гаргаж байгаа юм. Шинэ стандартын талаар БСШУС-ын яамны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очироос тодрууллаа.
-ЕБС-ийн дотуур байрны стандартыг шинээр боловсруулж гаргасан гэнэ. Шинэ стандартын талаар мэдээлэл өгөөч?
-БСШУС-ын яамнаас томилогдсон ажлын хэсэг өнгөрсөн аравдугаар сард ЕБС-ийн дотуур байрны үйлчилгээний стандартыг боловсруулж, Стандарт хэмжилзүйн газарт хүргүүлсэн. Стандарт оноос өмнө батлагдах байх. Өмнө нь ЕБС-ийн орчны болон сурагчдын дотуур байрны стандарт гэж байгаагүй учраас дутагдалтай тал маш их байсан юм. Энэ стандарт бий болсноор сургуулийн орчны аюулгүй байдал болон сурагчдын дотуур байрны нөхцөл байдал, үйлчилгээ зэрэгт маш том ахиц, дэвшил гарна гэж найдаж байгаа.
-Улсын хэмжээнд авч үзвэл сургуулийн дотуур байранд хэчнээн хүүхэд амьдардаг юм бэ. Судалгаа байдаг уу?
-2017-2018 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 518 дотуур байр үйл ажиллагаа явуулж байна. Үүн дээр долоон дотуур байрыг шинээр нэмж барин, эхнээсээ ашиглалтад орсон байгаа. Эдгээр дотуур байранд нийт 35 мянга гаруй сурагч амьдарч байгаа юм. Тэдний 70 гаруй хувь нь малчдын хүүхэд байдаг. Тиймээс дотуур байруудын 90 гаруй хувь нь хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж байна.
-Одоогийн нөхцөлд нэг дотуур байранд хэчнээн хүүхэд амьдарч байна вэ. Стандартад хэд байна гэж заасан юм бол?
-Одоо байгаа дотуур байрууд ихэнхи нь 100-150 хүүхдийн хүчин чадалтай байрууд үйл ажиллагаа явуулж байна. Улсын хэмжээнд нийт дотуур байрны 77 нь 50-иас доош хүүхэдтэй байна гэсэн судалгаа байна. Сүүлийн 10 жилд авч үзвэл дотуур байрны хүүхдийн орны тоо ч нэмэгдээгүй, байранд амьдрах хүүхдийн тоо ч жил ирэх тусам цөөрч байгаа юм. Өөрөөр хэлбэл дотуур байрны амьдрах орчин нөхцлөөс шалтгаалаад иргэд хүүхдээ аль болох төв, суурин газрыг бараадуулах хандлага их байна гэсэн үг. Дотуур байрны орчин нөхцөл тав тухгүй байгаагаас үүдэн сургуулиас завсардах асуудал ч хөдөө орон нутагт их гардаг. Сургуульд элсэх нас багасаж зургаан настай хүүхэд сургуульд орж эхэлснээс хойш хөдөө орон нутгийн иргэдээс гомдол санал их ирэх болсон юм. Зургаан настай хүүхэд гэр орноосоо хол, сургуулийн дотуур байранд бие дааж амьдарна гэдэг бодит байдалд маш хэцүү. Тиймээс бид энэ бүх нөхцөл байдалд тулгуурлан “Дотуур байрны үйлчилгээний стандарт”-ыг боловсруулсан. Ядаж л бага насны сурагчид бие засах гэж оройн цагаар харанхуйд бүдчин явахгүй, дотроо нойлтой байх хэрэгтэй. Тиймээс бид улсын ариун цэврийн байгууламж, бохирын татуургатай холбоотой бүх стандартыг тавьж өгч байгаа.
-Стандарт батлагдсанаар бүх дотуур байрууд дотроо нойлтой болно гэж ойлгож болох уу?
-Одоогийн байдлаар нийт дотуур байрны 60 гаруй хувь нь гаднаа нойлтой байна. Тиймээс аль болох бүх дотуур байрыг дотроо нойлтой тухтай болгохын төлөө ажиллана. Мэдээж үүнд төсөв санхүү шаардлагатай. Гэхдээ бидэнд маш олон техникийн боломжууд байгаа учраас томоохон компаниудтай нийгмийн хариуцлагынх нь хүрээнд хийхээр ойрын хоёр, гурван жилд багтаан бүх дотуур байрыг стандартад нийцсэн байдлаар тохижуулна гэсэн төлөвлөгөөтэй байна.
-Нэг дотуур байранд 150 хүүхэд байдаг гэж байна. Гэтэл дотуур байрууд ихэвчлэн ганцхан байрын багштай байдаг шүү дээ. Стандартад үүнийг хэрхэн зохицуулсан бэ?
-50 болон түүнээс дээш хүүхэдтэй дотуур байранд хоёр багш байхаар стандартад тусгасан. Мөн хүүхдийн тооноос хамаараад тэнд ажиллах хүний нөөц, бүтэц, орон тоог стандартчилсан. Тухайлбал 50 болон түүнээс дээш хүүхэдтэй дотуур байранд хоёр тогооч, нэг туслах тогооч байхаар тусгасан байгаа. Үүнээс гадна дотуур байранд ажиллах багш заавал хүүхэдтэй ажиллах сэтгэлзүйн болоод арга зүйн сургалтад хамрагдсан байх ёстой гэж заасан. Сургалтын хөтөлбөрүүд гарчихсан байгаа учраас дотуур байрын багш, ажилчид сургалтад хамрагдах ёстой.
-Дотуур байрны хүүхдийн хоолны талд ямар өөрчлөлт орох вэ. Нэг өдрийн хоолны үнэ нэмэгдэх үү?
-Одоогоор дотуур байрны хүүхдийн нэг өдрийн хоолыг 2400 төгрөг байгаа. Стандартад тусгаснаар 4500 төгрөг байхаар төлөвлөсөн.Тэгж байж хүүхэд өдөрт авах ёстой илчлэгээ бүрэн авах боломжтой гэж үзсэн.