Ирэх зургадугаар сарын цаг агаар ямар байх талаар Цаг уур орчны шинжилгээний газрын хэлтсийн дарга Б.Эрдэнэцэцэгээс тодрууллаа.
-Ирэх сард цаг агаар ямар байх вэ?
-Бaруун аймгуудын нутгаар агаарын температурын сарын дундаж нь нутгийн хойд хагаст 11-16, өмнөд хагаст 15-20 градус дулаан буюу ихэнх нутгаар уур амьсгалын дунджийн орчим байна. Харин Төвийн аймгуудын нутгаа агаарын температурын сарын дундаж нь бүх нутгаар 14-19 градус дулаан байх бөгөөд Хөвсгөл, Архангайн ихэнх нутаг, Өвөрхангайн өмнөд хэсгээр уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 0.5-1.0 градусаар дулаан байна. Мөн Зүүн аймгуудын нутгаар агаарын температурын сарын дундаж нь 14-19 градус дулаан буюу уур амьсгалын дунджаас 0.5-1.5 градусаар дулаан байна. Агаарын температурын сарын дундаж нь бүх нутгаар 18-23 градус дулаан буюу Дундговь, Дорноговийн хойд хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна.
-Зургадугаар сард хур тунадас хэр орох вэ?
-Ирэх сард Баян-Өлгийн өмнөд, Увсын зүүн, Говь-Алтайн хойд, Баянхонгорын баруун хойд хэсэг, Завханы ихэнх нутгаар уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар уур амьсгалын дунджаас бага бороо орох төлөвтэй. Мөн Архангайн зүүн, Булганы өмнөд, Төв аймгийн баруун өмнөд, Өвөрхангайн хойд хэсгээр уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим бороо орох төлөвтэй харагдаж байна. Харин Хэнтийн зүүн хойд, Дорнодын хойд хэсгээр уур амьсгалын дунджаас бага, Сүхбаатар, Дорнодын зүүн өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим бороо орох төлөвтэй. Үүнээс гадна, Өмнөговийн ихэнх нутаг, Дорноговийн өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим бороо орох төлөвтэй байна.
-Цаг агаарын онц аюултай үзэгдэл болох уу?
-Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно. Хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар бороотой. Гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар түр зуурын дуу цахилгаантай бороо орно. Бороо хур орох үед салхи түр зуур ширүүснэ. Ялангуяа хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, сүүлчээр дуу цахилгааны үеэр түр зуур 18-20 м/с хүртэл ширүүсэх төлөвтэй байна.