ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Трамп Нобелийн шагналаа “алдах” уу

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-05-28

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Солонгосын хойгт энхтайвныг тогтоох, цөмийн зэвсэггүй бүс болгоход АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын хүчин чармайлтыг үнэлж, Нобелийн энхтайвны шагнал хүртэх ёстой хүн гэж тодорхойлсон байдаг. 

Энэ нь ч ирэх сарын 12-нд Сингапурт болохоор товлогдсон БНАСАУ-АНУ-ын төрийн тэргүүнүүдийн түүхэн дээд хэмжээний уулзалттай салшгүй холбоотой байсан юм. Учир нь хоёр улсын төрийн тэргүүнүүдийн ярилцах хамгийн чухал сэдэв нь Солонгосын хойгт энхтайвныг тогтоох асуудал. 

Уулзалтын бэлтгэл болгож Умард Солонгос өнгөрөгч пүрэв гарагт цөмийн зэвсгийн Пунгери туршилтын талбайгаа усгасан. Гэхдээ АНУ-ын тал уг үйл ажиллагааг бэлгэдлийн чанартай, нэгэнт ашиглагдахгүй болсон талбайгаа устгаж буй дүр үзүүлж байна хэмээн хардаж байв. 

Тэгвэл Д.Трамп пүрэв гарагт гэнэтийн мэдэгдэл хийлээ. Тодруулбал, АНУ-БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалтыг цуцалж буйгаа мэдэгдсэн. Тэрбээр үүнийгээ захидлаар илэрхийлсэн бөгөөд захидалдаа “Товлосон газартаа тантай уулзахыг ихэд эрмэлзэж байлаа. Гэвч харамсалтай нь сүүлийн үед таны хийж буй мэдэгдлүүдэд үлэмж их уур хилэн, илт дайсагнал илэрхий агуулагдах болсноор удаан хугацаанд төлөвлөсөн дээд хэмжээний уулзалтыг энэ удаа хийх нь зохимжгүй юм байна гэх дүгнэлтэд хүрлээ. Энэ захидлаар Сингапурт болох байсан дээд хэмжээний уулзалтыг орлуулан илэрхийлж байна.

Уулзалт цуцлагдлаа. Гэхдээ хэрвээ бодлоо өөрчилбөл хэзээ ч хамаагүй холбогдохдоо бүү эргэлзээрэй. Умард Солонгос улс энхтайван амьдрах, хөгжиж дэвших боломжоо алдаж байгаад гүнээ харамсч  байна” хэмээсэн байдаг. Энэ захидлыг илгээснээрээ Д.Трамп энэ оны Нобелийн энхтайвны шагнал хүртэх боломжоосоо өөрийн хүсэлтээр татгалзсан юм. Харин үүний дараа Пхеньян АНУ-тай уулзалт хийх сонирхолтой хэвээр байгаагаа илэрхийлсэн. БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Ким Ке Гван “Бид АНУ-тай хэзээ ч хэлэлцээрийн ширээний ард суухад бэлэн байна. Ямар ч хэлбэрээр уулзалт зохион байгуулсан бэлэн. АНУ-ын уулзалтыг цуцлах шийдвэр нь хоёр улсын хооронд дайсагнал байсаар байгааг харуулж байна.

Тийм болохоор л дээд хэмжээний уулзалтыг ойрын хугацаанд хурдан явуулах ёстой. Солонгосын хойгт энх амгалан байдал тогтоох бидний хүсэл зорилго хэвээр байгаа” гэжээ. Гэтэл Хойд Солонгосын талаас ийм мэдэгдэл гаргасны дараа хэзээнээс яаж ч хувирч болох, тогтворгүй нэгэн гэдгээрээ зартай Д.Трамп бодлоо дахин өөрчилж, Ким Жон Унд хаягласан захидлаасаа нэг хоногийн дараа “Сингапурт уулзалт болох магадлалтай” гэж дахин мэдэгдсэн нь олон нийтийг гайхшруулав. Тэрбээр баасан гарагт Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзахдаа “Бид тэдэнтэй ярилцаж байна. Бүгдээрээ удахгүй юу болохыг харах байх. Уулзалт зургадугаар сарын 12-нд төлөвлөсний дагуу болж магадгүй. Тэд уулзалт хийх сонирхолтой байгаа. Бид ч гэсэн” гэх санаанд оромгүй мэдэгдлийг хийжээ. Харин нэг хоногийн дотор эсрэг тэсрэг мэдэгдэл хийснээ “Тоглолт” хэмээн тайлбарласан байна. 

Хоёр Солонгосын Ерөнхийлөгч дахин уулзлаа

Ким Жон Ун, Доналд Трамп нарын уулзалтад гол зуучлагчийн үүрэг гүйцэтгэгч нь БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт АНУ-д айлчилж, Цагаан ордонд Д.Трамптай уулзаж, Солонгосын хойгийн нөхцөл байдлын талаар ярилцсан. Мөн Ким, Трамп нарын түүхэн уулзалтын талаар ч санал солилцсон байдаг. Харин өчигдөр цэрэггүй бүс Панмунжомд дахин БНАСАУ-ын тэргүүн Ким Жон Унтай хоёр дахь удаагаа уулзжээ. Тэдний уулзалтын гол сэдэв нь мөн л удахгүй болох уулзалт байсан аж. Ингэхдээ Мүн Жэ Ин хил давж, Панмунжомын Умард Солонгосын талд очиж уулзсан байна. Хоёр Солонгосын төрийн тэргүүнүүд өмнө нь дөрөвдүгээр сарын 27-нд уулзаж байсан бол түүнээс яг нэг сарын дараа дахин уулзсан нь энэ байв. Уулзалт 15:00 цагт эхэлж, хоёр цаг орчим хугацаанд үргэлжилжээ. Харин уулзалтаар Ким юу ярьсан, удирдагчид ямар асуудлаар тохиролцоонд хүрсэн эсэх нь өнөөдөр тодорхой болох юм. Учир нь Мүн Жэ Ин уулзалтын үр дүнгийн талаар өнөөдөр мэдэгдэл хийнэ гэдгийг Хөх ордноос мэдээллээ.

Хоёр Солонгосын удирдагчдын уулзалтаар Ким, Трамп нарын уулзалт болох эсэх асуудлаар тохиролцоонд хүрсэн байж магадгүй гэж хүлээлт үүсээд байна. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп нэг хоногийн  дотор уулзалтын талаар зөрүүтэй мэдэгдэл хийсэн тухай дээр дурьдсан билээ. Тиймээс Мүн Жэ Ин мэдэгдлийнхээ үеэр  уулзалт товлосон хугацаандаа, эсвэл өөр цаг хугацаанд болох эсэхийг зарлаж магадгүй байна. 

Нөгөөтэйгүүр, АНУ-ын зарим төлөөлөгчид Сингапурыг зорьж, уулзалт болох талбайг бэлтгэхээр төлөвлөж байгаа аж.