Агаарын бохирдол нийслэлд гамшгийн хэмжээнээс хэтэрсэн. Үүнийг хүн болгон ярьдаг ч дорвитой өөрчлөлт гаралгүй өнөөдрийг хүрээд байгаа билээ. Тэгвэл сүүлийн үед монголчууд арай өөрөөр харж, сэтгэдэг болоод байна. Үүний нэг нь “Ногоон эвсэл” ТББ. Гэр хорооллыг нарын эрчим хүчээр дулааны асуудлыг нь шийдэе гэж уриалаж эхэлсэн. Тус төрийн бус байгууллагын ерөнхий зохицуулагч О.Бум-Ялагчтай уулзаж гэр хорооллын утаанаас хэрхэн салах вэ гэсэн сэдвээр ярилцлаа.
-Утааг гаргаж байгаа шалтгаан нь гэр хороолол түүхий нүүрс түлсэнээс болж байна гэж манай эрх баригчид үзэх боллоо. Тэгвэл гэр хорооллын энэ их утаанаас хэрхэн ангижрах вэ гэсэн асуулт хүн болгоны толгой явдаг гэж болно. Харин шийдэл нь нэг сайн харагдахгүй байна?
-Улаанбаатар хотын утаа гамшгийн хэмжээнд хүрчихээд байна. Гамшгийн тухай хуулиар бол эрх баригчид үүнийг арилгах үүрэгтэй гэдгээ мэдэрч арга хэмжээ авах хэрэгтэй. Засгийн газар утааг багасгах, арилгах нэрээр өнгөрсөн хугацаанд 800 гаруй тэрбум төгрөг зарцуулсан ч үр дүнд хүрээгүй. Харин манай эвсэл 2002 оноос гэр хорооллыг сэргээгдэх эрчим хүчээр хангах санал гаргасан. Тухайн үед сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжийг гэр хорооллын нэг өрхөд тавихад 30 мянган ам.доллар болж байна гэсэн судалгааг эрх баригч нар гаргаж энэ санаачлага маань мухардалд орсон. Тэгвэл сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжийг монголчууд эх орондоо өөрсдөө хийвэл 1000 ам.доллар болох тооцоо бий. Үүнийг хийж байсан туршлага ч манай эрдэмтэдэд байгаа. Социализмын үе буюу 80-иад оны сүүлчээр Физик техникийн хүрээлэн нар, салхины цахилгаан хураагуураар гэр, байшин халаах төхөөрөмж угсарч байсан юм билээ. Үүнийг сэргээж хийхэд болохгүй юм байхгүй. Тэгэхээр гэр хороололд тулгамдаад байгаа нэн тэргүүнд шийдэх ёстой асуудал бол нар, салхины эрчим хүчээр хангах гэж бид хараад байгаа юм. Нар, салхины эрчим хүчээр дулааныхаа асуудлыг шийдвэрлэх нь хот утаанаас салахаас гадна гэр хорооллын иргэд байнгын орлоготой болно.
-Яаж орлоготой болно гэж тооцоолж байна вэ?
-Гэр хорооллын бүх айлд нар, салхины эрчим хүчний тоног төхөөрөмж тавьсан тохиолдолд илүүлдэл цахилгаанаа улсад зардаг тогтолцоог бий болгох нь чухал байна. Одоо манай улс Замын-Үүд, Салхитын хөндий зэрэг газарт байгаа нар, салхины станцуудаас 1квт сэргээгдэх эрчим хүчийг 400 төгрөгөөр төр худалдан авдаг. Хуулиар гэр хорооллын нэг өрх 0,07 га газар эзэмшиж байгаа. Тэгэхээр иргэн энэ газартаа нар, салхиар сэргээгдэх эрчим хүч гаргах тоног төхөөрөмж суурилуулаад, өвөл нь дулааны асуудлаа шийддэг, зун нь гарсан цахилгааныг нь төр худалдан авдаг болох хэрэгтэй. Сэргээгдэх эрчим хүч нүүрс түлж үйлдвэрлэж байгаа цахмлгаанаас үнэтэй байдаг. Гэхдээ гэр хорооллынхон хямд үнээр төрдөө цахилгаан өгье гэж бодвол нэг өрх өдөрт 5 квт цахилгаан үйлдвэрлэнэ. Үүнийгээ төрдөө борлуулахад өдөрт багаар бодоход таван мянган төгрөгийн орлоготой болно. Өвлийн улиралд халаалтаа шийдэх боломжтой. Энэ тохиолдолд утаа гэдэг гамшиг арилна.
-Монгол гэрийг халаах тухай яриад байна уу. Гэр хорооллынхон ихэнхи нь өвлийн байшинтай шүү дээ.
-Энэ бол олон талын ашигтай. Зун цагт гэр хорооллынхон илүүдэл цахилгаан эрчим хүчээ төрдөө зараад орлоготой болно. Монгол улсын эрчим хүчний нөөц нэмэгдэнэ. Гэр хорооллынхон нүүрс түлэхгүйгээр гэр, байшингаа халаах бүрэн боломжтой.
-Таны яриад байгаа энэ санаа дөнгөж сая гарч ирж байгаа зүйл биш байх л даа. Өмнө нь ийм санаачлага гарч байсан гэж ойлгож болох уу.
-Болно. Манай “Ногоон эвсэл” эхлээд нийслэлээ эко хот болгох санаачлага гаргаад байгаа юм. Эрх баригчид сэргээгдэх эрчим хүчийг нөөцөлж чадахгүй байна гэдэг. Гэтэл Германчууд сэргээгдэх эрчим хүчийг устөрөгч болгон хадгалдаг технологийг гаргачихаад байна. Энэхүү технологийг монгол улсад нэвтрүүлэх санамж бичигт АН төр барьж байх үед гарын үсэг зурсан. Уг санамж бичгийн дагуу Германы Сэргээн босголтын банк жилийн 0.2 хувийн хүүтэй 20 жилийн хугацаатай нэг тэрбум еврогийн зээлээр өөрийн орны экспортыг дэмжих санал гаргасан. Харамсалтай нь УИХ-ын сонгуулийн үр дүнгээс шалтгаалж энэ асуудал ажил хэрэг болоогүй. Нэг нам гарахаараа өөр намын санаачилсан ажлыг улс оронд хэрэгтэй байсан ч цааш нь үргэлжлүүлдэггүй нэг тийм муухай зуршил тогтоод удаж байна. Үүнээс болж улс орны хөгжил удааширч, утаагаа ярьж утаан дотроо бужигнаж сууна. Монгол-Германы уулзалт дээр энэ асуудлыг германчууд байнга дурьддаг. Тэгэхээр германчууд өөрийн технологио экспортлохыг хүсч байна гэсэн үг.
-Нэг тоног төхөөрөмжийн тухай хоёулаа яриад байдаг. Тэгэхээр яг юу юу байх юм. Үнийг нь манай гэр хорооллын иргэд дийлэх болов уу?
-Нарны хавтан, салхины сэнс, зай хураагуур, халаалтын систем байх юм. Энэ бүхэн нийлээд 1000 ам,доллар л болно. Ийм тоног төхөөрөмжийг төр худалдаж аваад гэр хорооллын иргэдэд зээлээр тараах хэрэгтэй. Зээлийнхээ төлбөрийг үйлдвэрлэн гаргаж байгаа сэргээгдэх эрчим хүчээр нь эргүүлэн авч болно. Нэг өрх 0,07 га газартаа дээрх төхөөрөмжийг суурилууллаа гэхэд 8-10 квт цахилгаан гаргана. Энэ нь өвлийн улиралд нэг өрхийн дулааны асуудлыг шийдэх хэмжээний цахилгаан гэсэн үг. Харин зун нь ийм хэмжээний цахилгааныг улсдаа өгөхөд 2-3 жилийн дараа нар, салхины сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжийнхээ үнийг бүрэн төлөх боломжтой. Энэ бол хамгийн боломжтой давуу талтай шийдэл юм. Үүнийг манай эсвэл санал болгож байгаа юм. Бид зүгээр ярих биш ажил хэрэг болгох зорилгоор хотын төвд байдаг нэг гэрийг ийм төхөөрөмжөөр халааж үзүүлье гэж байгаа.
-Хаана байдаг гэр вэ?
-Скатель компанийн дэргэд байдаг нэг гэр бий. Үүнийг нь халааж үзүүлэх санал тавьсан. Үндсэндээ зөвшөөрөөд байгаа. Удахгүй бид нар хийнэ.
-Нар, салхины эрчим хүч үйлдвэрлэх боломж бий гэж та үзэж байна уу?
-Би биш олон орны эрдэмтэд үүнийг батлаж, монголыг сонирхож байна. Үүний нэг нь Герман улс. Манай орны эрчим хүчний хэрэглээ жил ирэх бүр өсч, нэмэгдэж байна. Монгол Улс нэг цагт нэг гватт цахилгаан зарцуулж байна. Энэ хэрэглээ жил ирэх бүх нэмэгдэнэ. Гэтэл тавдугаар цахилгаан станц баригдахгүй боллоо. Ийм нөхцөлд бид өөрт байгаа нөөц бололцоогоо ашиглаж, өөрийн оронд төдийгүй дэлхийн хэмжээнд хэрэглээ нь нэмэгдэж байгаа эрчим хүч үйлдвэрлэх боломж байгаа нь харагдаж байна. Монгол Улс нэг сая 566 мянган км2 газар нутагтай. Үүний нэг сая км2 газарт нь нарны эрчим хүч гаргах бололцоотой гэж германы эрдэмтэд үзэж байгаа. Нэг квт сэргээгдэх эрчим хүчийг 10 м2 талбайгаас гаргана гэсэн тооцоо хийсэн байна лээ. Тэгэхээр нөөц их байна. Германы эрдэмтэдийн судалгаагаар цөлжилтөөс хамгаалах зорилгоор нар нэвтрүүлэх хавтан тавих хэрэгтэй. Тэгвэл хөрсөн дэх хурц нарны ачаалал багасана гэж үзэж байгаа. Монгол Улсад 100.000 гватт цахилгаан үйлдвэрлэх бололцоо байна гэж эрдэмтэд харж байна. Энэ бол ирээдүйн маш том бизнес.
Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг монголд хийх сонирхол гадаадынханд маш их байна. Ялангуяа Африк, Энэтхэг зэрэг орны ядууралыг бууруулах зорилгоор байгуулагдсан сангууд их сонирхож байна. Эдгээр сангууд монголд сэргээгдэх эрчим хүчний цахилгаан станц барихад хөрөнгө оруулж, үйлдвэрлэсэн цахилгаанаа хятадад худалдаж олсон орлогоор нь дээрх орнуудыг ядууралаас гаргах гэсэн бизнес төлөвлөгөө гаргачихаад манай төрийн шийдвэрийг хүлээгээд сууж байна. Яагаад манай орныг сонирхоод байна уу гэхээр худалдан авагч нь дэргэд байна. Нар, салхи, газар нутаг нь байна. Тийм болохоор сонирхоод байгаа юм. Тэгэхээр бид нар салхиа сэргээгдэх эрчим хүч болгож чадвал олон асуудлыг шийдэх нь ээ. Тухайлбал. Нийслэл утаагүй болж, иргэд орлоготой болно. Төр зоригтой шийдвэр гаргаж, гадаадын хөрөнгө оруулалтыг энэ зүгт чиглүүлж чадвал Монголчууд ядууралаас гарч, бас дэлхийн ядууралыг бууруулах үйл хэрэгт хувь нэмрээ оруулж, эрчим хүч импортлогч биш экспортлогч орон болох боломж байна. Төрийн эрх баригчид, ард иргэд маань сэргээгдэх эрчим хүч рүү бүх анхааралаа хандуулж, барууны шилдэг технологийг нэвтрүүлэхийг уриалж байна.