Английн алдарт “Queen” хамтлагийн гоцлол дуучин Фредди Меркуригийн амьдрал, уран бүтээлийн тухай өгүүлэх “Bohemian Rhapsody” кино дэлхий дахинд яг одоо ярианы гол сэдэв болж байна. Өнгөрсөн оны сүүлчээр “box office”-ыг тэргүүлж, нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо 50 сая ам.долларыг Хойд Америкийн кино зах зээлээс халаасалж чадсан эл уран бүтээлтэй гол дүрийн жүжигчний чадвар салшгүй холбоотой юм. 1980-аад оны сүүлчээр тухайн үед 40 нас шүргэж явсан АЖ Н.Сувд “Мандухай сэцэн хатан” кинонд тоглоход хүмүүс төдийлөн ойшоогоогүй гэдэг. Харин дэлгэцнээ гарах үед жүжигчний дүрээ амилуулах чадвар нь олон хүний сэтгэлд хүрч, өнөөдрийг хүртэл Мандухай сэцэн хатны дүрийг тэр л янзаар олны сэтгэлд хадаж чадсан гавьяатай. Тэгвэл яг л ийм зүйл “Bohemian Rhapsody” кинонд болсон юм. Тиймээс ч “Дэлхийн хүн” буландаа энэ удаа Фредди Меркуригийн дүрийг бүтээсэн Рэми Малекийг онцолж байна.
“Англи нэг л хатан хаантай. Тэр нь Элизабет бус, Фредди Меркури. Тэр бол бүх цаг үеийн од юм” гэх үг хэвлэлийн хуудаснаа дурайна. Тэр бүх цаг үеийн од юм бол түүний дүрийг түүнээс илүү өөр хэн амилуулах билээ. Магадгүй ийм бодол эдүгээ 37 настай Рэми Малекийг “Queen” хамтлагийн алдартай дуугаар нэрлэсэн “Bohemian Rhapsody” кинонд Фредди Меркуриг амилуулах үед үзэгчдэд төрсөн байж мэдэх юм. Гадна төрхөөрөө ч тэр. Гэхдээ өөрийн авьяас чадвар, үйл хөдлөлөөрөө тэртээх он жилүүдэд балартаж, бүдгэрсэн домогт дуучныг өнөөх жүжигчин нь “амилуулж”, тэгэхдээ бүр тултал жүжиглэж чадсан нь кино сонирхогчдын, басхүү домогт хамтлагийн сая сая шүтэн бишрэгчдийн талархлыг хүлээгээд байгаа юм. Түүнийг Рэми Малек гэдэг. Тэрбээр 1981 оны тавдугаар сарын 12-нд төрсөн, америк жүжигчин. Гэхдээ Египетээс гаралтай нэгэн юм. Түүний эцэг эх Египетээс АНУ-д цагаачлан ирсэн бөгөөд Рэми Калифорни мужийн Лос-Анжелес хотод төрж, өсчээ. Багаасаа л жүжиглэх, урлагийн авьяастай байсан тул Индианагийн Эвансвилл их сургуульд театрын чиглэлээр мэргэжил эзэмшиж, түүнээс хойш жүжигчний карьераа эхлүүлсэн байна.
2005-2007 онд тэрбээр “The War at home”, 2010 онд “The Pacific”, “Night at the Museum film trilogy” зэрэг кинонуудад туслах дүрд тоглож байснаас гадна телевиз, видео тоглоомын бүтээлд дуу оруулагчаар ажилладаг байсан аж. Ерөнхийдөө 2015 он хүртэл эгэл даруу, бусдын нүдэнд үл өртөн ажиллаж, амьдарч ирсэн байх юм. Гэхдээ түүний амьдралд эргэлт гаргасан бүтээл нь “Mr.Robot”. Тус телевизийн олон ангит кинонд Рэми компьютерийн хакерын дүрд тоглосон бөгөөд үүгээрээ 2016 онд Цуврал киноны шилдэг жүжигчний шагнал хүртсэн билээ. Чухам энэ үеэс “Bohemian Rhapsody” киноны уран бүтээлчдийн хараанд өртөж, домогт дуучин Фредди Меркуригийн дүрд тоглох эрхээ халаасалсан гэлцдэг. Жүжигчин эр 2016 онд домогт дуучны дүрээр шүтэн бишрэгчидтэйгээ уулзана гэдгээ албан ёсоор зарлаж байсан юм. Рэмигийн эцэг эх Каир хотыг 1978 онд орхижээ. Аав нь даатгалын ажилтан байсан бол ээж нь нягтлан бодогч мэргэжилтэй гэнэ. Өөр нэгэн сонирхолтой баримт гэвэл Рэми ихрийн өрөөсөн аж. Түүний ихрийг Сэми гэх бөгөөд түүнээс дөрвөн минутын дүү гэнэ. Ихрийн өрөөсөн нь англи хэлний багшаар ажилладаг бол эгч Ясмин нь эмчээр ажилладаг байна.
Эцэг эх нь хүүхдүүддээ үндэсний уламжлалаа, Египет соёлоо уламжлуулан үлдээхийг чухалчлан үздэг бөгөөд шөнө дундад хүүхдүүдээ сэрээн араб хэлээр ярилцдаг байсан гэх мэдээлэл байгаа юм. Рэми бага байхдаа ихэнх цагаа дүр хувиралт, дуу хоолойгоо өөрчилж суралцахад зарцуулдаг байжээ. Гэхдээ эцэг, эхийнх нь хүсэл өөр байлаа. Тэд түүнийг хуульч болгохыг мөрөөдөж, мэтгэлцээний багт ч элсүүлжээ. Гэвч, эцэст нь багш нь мэтгэлцээн түүнд тохирохгүй, харин театр, жүжиг илүү тохирно гэдгийг учирласан байна. Ингэж л тэр урлагийн замналыг сонгожээ. Улмаар нэгэн тэмцээнд тэрбээр “Zooman and The Sign” гэх нэг хүний жүжгийг тогложээ. “Тэр үед би тайзан дээр аавтайгаа, бас бусад хүмүүстэй хамт байсан” хэмээн Рэми ярьжээ. Ингэхдээ анх удаагаа аавынхаа сэтгэл догдолсон царайг олж харсан гэдэг. Түүний жүжиглэлт эцгийнх нь зүрх сэтгэлийг хөндөж, цаашдаа жүжигчний мэргэжлээр ажиллахад ямар ч саадгүй болсон гэнэ.
Угтаа “Bohemian Rhapsody” киноны ажил 2010 оноос эхэлжээ. “Хатан” буюу “Queen” хамтлагийн бүх цаг үеийн шилдэг дуу “Bohemain Rhapsody” хамтлагийн дөрөв дэх цомогт багтсан бөгөөд анх цацагдсан даруйдаа л жинхэнэ тэсрэлт хийсэн байдаг. Тэгвэл Английн цорын ганц “Queen” Фреддиг Рэми Малек хэрхэн бүтээснийг та ч бас үзээрэй. Кино тун удахгүй Оскарт өрсөлдөх билээ.