Дөрвөн уулын дунд сунаж тогтсон их хотод хөдөлмөрлөн зүтгэхэд нийтийн тээврийн том автобуснууд чухал үүрэг гүйцэтгэдэг. Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал, түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлийн давхацлыг бууруулж, иргэдийн зорчих хугацааг хэмнэх зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээний сүлжээний шинэчилсэн төлөвлөлтийг хэрэгжүүлээд багагүй хугацаа өнгөрчээ. Өнөөдрийн байдлаар нийслэл хотод 79 чиглэлд 900 гаруй том оврын автобус иргэдэд үйлчилж байгааг Нийслэлийн тээврийн газраас мэдээлсэн. Тиймээс автобусны үйлчилгээний чанар, зорчигч үйлчлүүлэгчийн соёлын өнөөгийн төрхийг сурвалжиллаа.
Бид 10:00 цагийн үед “Хүнсний дөрөвдүгээр дэлгүүр”-ийн буудлаас “Нисэх-Төв номын сан-7 буудал” чиглэлийн автобусанд сууж Зунжин чиглэлд явлаа.
Автобус сэлүүхэн хүн цөөнтэй байсан учир жолоочийн зэргэлдээх урд талын сандалд сууж, зорчигчдыг хэсэг ажиглав. Явах чиглэлийнхээ автобусны бараанаар уралдан гүйх сургуулийн хүүхдүүд, сул суудал руу уухайлан зүтгэх зорчигчид автобусанд орж ирэнгүүтээ нүдээрээ суудал байгаа эсэхийг нэгжин харцгаах аж. Жирэмсэн эмэгтэй, хүүхэд тэвэрсэн хүн, өндөр настан ороод ирвэл аргагүйн эрхэнд суудлаа тавьж өгөх шаардлагатай болно. Тэгэхээр хүрэх газар зайтай бол хойшоо явж, хамгийн арын суудалд суусан нь дээр байдаг гэж залуучууд ярилцана.
Жирэмсэн болон хүүхэдтэй хүн, өндөр настнуудад суудлаа тавьж өгөхгүйн тулд чихэвч зүүж, нүдээ анин салхины шилийг толгойгоороо налах залуу худлаа унтана. Түүний дэргэд балчир зээгээ хөтөлсөн бөгтөр өвгөн зогсож буй учраас унтсан дүр эсгэж тас гүрийн суух аж. “Хөөе чи босоод өгөөч” хэмээн хяхтнасан хоолой цахиртан дуугарсан нь мөн л бага сургуулийн хүүхэд зөөж буй 60 гаруй насны эмээ байлаа. Нийтийн тээврийн том оврын автобусны гол үйлчлүүлэгчид нь сургууль цэцэрлэгийн хүүхэд зөөсөн өндөр настнууд байдаг аж. Учир нь цахим карт уншигч автомат төхөөрөмжийн дуунаас сонсвол 10 зорчигчийн тав нь ахмад настан, хөнгөлөлтэй зорчигч, хүүхэд хэмээн хэлж байлаа. Мөн үнэ төлбөргүй “туулайчилж” буй иргэд “Картаа нэг нэгээр нь дарна уу” “Үлдэгдэл хүрэлцэхгүй байна” гээд байхад л сонсоогүй юм шиг өөртөө итгэлтэйгээр цааш алхах нь бүдүүлэг санагдав. Цонхон дээрээ “Зөвхөн картаар үйлчилнэ” бичигтэй мөртлөө хүний өгсөн 500 төгрөгийг шүүрэн авч харагдах жолооч цаашаа автобус бааздаа өгч тооцоонд оруулдаг болов уу хэмээн хардах сэтгэгдэл төрж байсныг нуух юун.
Хашир туршлагатай жолооч нар “Хүүе тэр бор цамцтай залуу буцаж ирээд картаа дар. Тэр ногоон цамцтай хүүхэн буцаад буу үлдэгдэл хүрэхгүй гээд байгааг сонсоогүй юм уу” хэмээн шаардлага тавих аж.
Миний сууж яваа автобусны жолооч тамхи зууж, утсаар ярьсан шиг замын хөдөлгөөнд оролцох бөгөөд зарим буудал дээр зорчигчоо буулгаж дуусгалгүй ухасхийн хөдлөх аж. Зарим омогтой зорчигч “Зөөлөн яваач, тэнэг п... вэ” хэмээхэд “Хуцаад байгаарай, Таксигаа бариад явахгүй юу” гэж хариулж байв. Энэ бол ажил мэргэжил төдийгүй, ам хэлээрээ мэргэшсэн 1000 гаруй жолоочийн нэг төлөөлөл юм. Автобусны төлбөр тооцоо цахим хэлбэрт шилжихээс өмнө жолооч нар нэг ч гэсэн хүнийг автобусандаа суулгах гэж хичээдэг байсан бол одоо эсрэгээрээ болжээ. Шугам хоорондын орлогын төлөвлөгөө гэж байхгүй болсон учраас зарим үед араас гүйн ирж буй зорчигчийг харсаар байж хөдөлж байв.
Улаанбаатар хотод үйлчилж буй нийтийн тээврийн автобуснууд маш цөөхөн суудалтай, сэжиг хүрмээр хиртэй, муухай үнэртэй, халтар заваан байдаг учраас хүмүүс аль болох л хувийн унаатай болохыг хүсдэг аж. Түүнчлэн зарим зорчигч автобусны суудлын бүрээс, цонхыг зориудаар заваартуулж, хорлон сүйтгэсэн байх нь ч олонтаа харагдаж байна. Манай улсын нийслэлийн нийтийн тээврийн автобуснууд хамгийн сүүлд хэзээ угаасан нь мэдэгдэхгүй, загалтаж сааралтсан цонхтой, урд хаалганы гишгүүр дээр нь тамхины иш хөглөрүүлсэн хогтой, автобусны бариул тоостой байгаа нь үйлчилгээний чанар үнэхээр хангалтгүй байгааг илтгэнэ.
Бидний сууж яваа “Зунжин-Нисэх” чиглэлийн автобус салхи таттал давхиж байснаа зогсоогоороо зорчиж байсан хүнийг тэнцвэр алдтал нь тоормослов. Солонгос улсын нийтийн тээврийн автобусны жолооч огцом тоормослосныхоо дараа зааланд гарч ирж яагаад огцом тоормослосноо тайлбарлаж, зорчигчдоосоо чин сэтгэлээсээ уучлалт гуйдаг юм гэсэн. Харин манай улсад энэ бүхэн яг эсрэгээрээ байх бөгөөд зорчигчид болон жолооч нь энэ бүхнийг байх ёстой зүйл хэмээн үздэг байна.
Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, нийтийн тээврээр зорчигчдын тоог шат дараатай нэмэгдүүлэхийн тулд нэгдүгээрт, автобусны цэвэрлэгээ үйлчилгээ, жолооч нарын харилцааны соёлыг сайжруулах шаардлагатай байна. Түүнчлэн нийтийн тээврийн автобусны суудлын тоог олон болгож, иргэдийг сууж зорчих боломжийг нэмэгдүүлэхгүй бол автобусаар зорчигчдын тоо өдрөөс өдөрт багасч тэр хэрээр замын түгжрэл бөглөрөл нэмэгдэх нь тодорхой байна.