ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

О.Энхбат: Иргэд хууль бус тээвэрлэлтээс татгалзах хэрэгтэй

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-01-27

Хот хооронд тээвэрлэлт хийж буй зарим автобуснууд шинэ авто буудалд төвлөрөхөөр болсон. Тэгвэл энэ талаар Авто тээврийн Үндэсний төвийн тасгийн дарга О.Энхбатаас тодрууллаа.

-Шинээр нээгдсэн авто­буудалд аль аймгийн чиглэлд зорчих авто­буснууд төвлөрч байгаа вэ? 

-Авто тээврийн Үндэсний төвөөс Нийслэл болон Сонгино­хайрхан дүүргийн “Драгон” орчмын автозамын ачааллыг бууруулах зорил­гоор Өмнөговь, Дундговь, Зуун мод хотын чиглэлийн тээвэр­лэл­тийг Хан-Уул дүүр­гээс явуулах талаар судалгаа хийсэн. Улмаар төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Мишээл экспо төвд  байр­лах “Лавай” худалдааны төвд Зорчигч тээврийн авто бууд­лыг шинээр байгуулж гурван аймгийн чиглэлийг  тус буудал руу шилжүүллээ. Үүнд Дундговь аймгийн Сайхан-Овоо, Сайнцагаан, Эрдэнэ­далай, Өмнөговь айм­гийн Даланзадгад, Гурвантэс, Цогтцэций, Ханбогд сумын Цагаан хад баг,  Төв аймгийн Зуун мод гэсэн найман чиг­лэлийг хамарч байгаа. Эдгээр  найман чиглэлийн зургаа нь “Драгон”, хоёр нь “Баянзүрх”-д байсан.  Нийтийн тээврийн  үйлчилгээ цагийн хуваарьтай ч, автозамын ачааллаас хамаараад хоцрох нь их. Жишээ дурдахад Баянзүрхээс гарч буй хоёр чиглэл нь хотоос гарахын тулд хоёр цагийг түгжрэлд зарцуулдаг учир аль аль талаа бодолцож, ийм зохион байгуулалт хийсэн. Мэдээж авто буудлын MNS 6300, 2011 стандартын хүрээнд байгуулагдсан. Ир­гэдэд боршур хэвлэж тараах, аймгуудын телевизээр мэдээ­лэл цацах байдлаар хүргэж бай­на. Үнэ тарифт ямар нэ­гэн өөрчлөлт ороогүй. Үйл ажил­ла­гааг  жигдрүүлсний да­раа, төв аймгийн баруун бо­лон хойд чиглэлийн сумдын тээв­рийг “Лавай авто буудал”-д шилжүүлэхээр төлөвлөж байна.  

-Зөвшөөрөлтэй тээврээс гадна, дунд оврын автобус, жижиг тэрэгнүүд хууль бусаар хот хооронд тээвэрлэлт хийдэг. Харин “Лавай авто буудал”-д хэр­хэн зохицуулалт хийсэн бэ?

-Авто тээврийн хяналтын улсын байцаагч нар тухайн төвүүдэд ажиллаж хяналтаа тавьж байгаа. Одоогоор зохион байгуулалтын хү­рээнд хууль бус тээвэр­лэлтээс татгалзах нарийн зохицуу­лалт хийхээр төлөвлөж бай­на. Аль болох хууль бус тээв­рийн хэрэгслээс тат­гал­зах хэрэгтэйг  иргэддээ анхааруулъя. Иргэд хууль бус тээвэрлэлтийг сонгох гол үндэслэл нь цаг хугацаа хожих зорилготой. Гэтэл тогтмол  хурдтай,  цагийн хуваарийн дагуу явж буй тээврийн хэрэгсэл  нь тэдгээрээс дунджаар 30 орчим минутын зөрүүтэй хүрэх газраа очдог. Харамсалтай нь иргэд 30 минутын төлөө өөрийнхөө амь насыг даатгаад  орхиж байна. Манай Авто тээврийн үндэсний төвөөс гарч буй бүх тээвэрлэлт  гэрээтэй байдаг. Гэрээт аж ахуй нэгжийн тээврийн  хэрэгслүүд  иргэдийн амь насыг дааж явдаг учир,  жилд дөрвөн удаа техникийн үзлэг хяналтад  ордог,  техникийн  бэлэн  байдлаа хангадаг, стан­дартын шаардлагаа бие­лүү­лэн зорчигчдод үйлчилдэг. Мөн бүх тээврийн хэрэгсэлд байршил тогтоох хяналтын GPS суурилуулсан. Үүгээр  бид тухайн тээврийн  хэрэгс­лийн байршлыг шууд харах, хөдөлгөөний хурд хязгаарлах боломжтой байгаа. Жишээ нь хөдөөнөөс өндөр настай хүн,  бага насны хүүхдээ автобусанд суулгаад явуу­лахад хаана явж  байгааг нь төдийлөн мэдэх боломжгүй байдаг. Тэгвэл Авто тээврийн үндэсний төвийн лавлах утсанд холбогдоод, тухайн автобус хэдэн цагт хөдөлсөн, хаана явж буйг цаг тухайд нь асуух боломжтой. 

-Улсын хэмжээнд стан­дарт хангасан автобуудал дахин барих уу?

-Улаанбаатар хотын хувьд “Драгон” төвөөс зургаан чиглэлийн хассан ч,  ачаалал байсаар байна. Дахин тооцоо судал­гааг хийнэ. Авто­тээврийн үндэсний төв 2016 оноос хойш барьж буй бодлогын  хувьд, аймгийн төвүүдэд стандартын шаард­лага хангасан авто буудал ашиг­лал­тад оруулна гэж тоо­цож байна. Энэ хү­рээнд  Хэнтий, Дорнод аймагт шаард­­лага хангасан буудал­тай бол­сон. Харин  2019 оны төлөв­лөгөөнд Завхан, Баян-Өлгий, Увс  аймаг орсон  байгаа.