ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Ганцэцэг: Миний хань олны анхааралд нас барсан бол Ерөнхийлөгч тоох байсан юм уу

O.Admin
2025-04-08

Ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ харамсалтайгаар амиа алдсан гал сөнөөгч Ж-ийн гэр бүл хэвлэлд хандлаа. Тэдний зүгээс Онцгой байдлын аврагчдын хувцас хэрэглэлд анхаарахыг хүслээ. Одоо хэрэглэж байгаа шар өнгийн малгай, олон улсын аврагчдын хэрэглэдэг цагаан өнгийн малгайг харьцуулан харууллаа. Тэрбээр, “Би энд гурван шалтгаанаар хэвлэлийн хурал хийх гээд сууж байна. Миний хань одоогоос жилийн өмнө Чингэлтэй дүүргийн долдугаар хороонд байрлах “Миний дэлгүүр”-т гарсан галыг унтраах явцдаа амиа алдсан. Бид таван хүүхэдтэй. Хамт амьдраад 22 жилийн хугацаа өнгөрчээ.

Хүү Ж.Бат-Оргил маань надтай хамт энд сууж байна. Ханиа алдсанаас хойш маш олон зүйлийг үзэж туулж, олон даргын хаалгыг сахилаа. Энд ингээд яриад сууж байгаадаа маш их харамсаж байна.

Миний хань 25 жил энэ байгууллагад ажилласан. Гэтэл 25 жил ажилласан иргэнээ, ажилтнаа Монголын төр яагаад үнэлэхгүй байгаа юм бэ. Миний хань албан үүргээ гүйцэтгэж яваад өргөсөн тангаргийнхаа төлөө амиа алдсан. Миний хань 1.1 буюу аливаа том гал руу хамгийн түрүүнд ордог эрсдэлтэй албыг олон жил хашсан.

Энэ хугацаанд 7000 гаруй хүний амь насыг аварсан. Энэ тооны ард маш олон гэр бүл элэг бүтэн байгаа. Ханийгаа алдсанаас хойш хоёр ч удаа хагалгаанд орлоо. Онцгой байдлын алба хаагчдын хувцас хангамжийн талаар ярихгүй байж чадахгүй нь ээ. Нэг жилийн хугацаанд олон зүйлийг судалж, мэдээд явж байна. Хувцас хангамжийн стандарт нь олон улсын стандартад нийцэж байна уу гэдгийг судалж үзлээ. Солонгос, Япон, Хятадын онцгой байдлын албаны хувцас хэрэглэлтэй өөрийн биеэр үзэж танилцлаа.

Гэтэл Монголын хувцас хэрэгслийг та бүхэн хараад үзээрэй. Ийм малгай хүний амийг аврах уу. Аврагчийг хувцас хэрэглэл нь хамгаалдаг. Аврагч харин ард түмнийг аврах ёстой. Цэргийн албаны хангамжийн хувцас жилдээ хоёр удаа солигддог атлаа аврагчийнх яагаад өчнөөн жил болдог юм бэ. Аврагч зөвхөн цалин, хоолныхоо талаар л эрхээ хамгаалах эрхтэй байдаг. Гэтэл хувцас, хамгаалах хэрэгслийнх нь талаар яагаад дуугардаг албан тушаалтан байхгүй юм бэ. Холбоо станц яагаад энэ улсад байдаггүй юм бэ. Хань минь холбоо станцтай байсан бол амьд үлдэх байсан ч юм билүү. Гамшиг хэзээ ч улс орны хэмжүүрээр ирдэггүй юм аа.

Европын улс орнуудад хэрэглэдэг хувцас, Хятадын захын нэг сайтаас захиалаад авч болох Монголын алба хаагчдын хувцас хоёрыг судалж, шинжлэх лаборатори Монголд алга. Би олон зуун дуугарч чадахгүй байгаа алба хаагчдын эрх ашгийн өмнөөс дуугарч байгаа юм шүү. Зөвөөр ойлгоорой. Би ханийгаа баатар гэж хэлнэ. Нас барсан хүнд баатар цол нөхөн олгодоггүй юм шиг байна лээ. Энэхүү шагнал нь ямар хүнд олгогддог юм бэ гэдгийг би асуумаар байна.

Монгол Улс дайн байлдаангүй тайван орон. Эх орныхоо төлөө амиа алдаж байгаа алба хаагчдад тэр цолыг нь өгчихөж болдоггүй юм уу. Хэчнээн төмөр ч гэлээ тэр чинь гэр бүлд нь туйлын үнэ цэнтэй. Гавьяа шагналыг дарга нар л авдаг. Гал ус руу харин эгэл албан хаагч нар л орж, 4000, 5000 мянгаар хүний амь авардаг.

Хариуцлагын асуудал яригдахад тэр шагнал авсан дарга нар гарч ирдэг юм уу. Монгол Улсын Ерөнхийлөгч бусад амиа алдсан алба хаагчдын ар гэрт буцалтгүй тусламж үзүүлсэн. Гэтэл миний гэр бүл, үр хүүхдэд яагаад шударга бус хандаад байгаа юм бэ. Надад хуулийн хүрээнд авах ёстой тэтгэмж бол ирсэн. Гэхдээ энд суугаад ийм зүйл ярих сонголт үлдээгүй учраас энд ирж байна. Хуулийнхаа хүрээнд шийдэж өгч болохгүй юм уу. Ажилласан жилийг нь үнэлдэггүй юм гэхэд яагаад таван хүүхдэд нь шударга бус хандаад байгаа юм бэ. Миний хань заавал олны анхааралд өнгөрөх ёстой байсан юм уу. Тэгсэн бол миний хүүхдүүд тэр тусламжид хамрагдаж чадах байсан хэрэг үү" хэмээлээ.