Эрүүл мэндийн даатгалаар олгодог хөнгөлөлттэй эмийн жагсаалт шинэчлэгджээ. Энэ талаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн П.Оюунбатаас тодрууллаа.
-Хөнгөлөлттэй эмийн жагсаалтад ямар өөрчлөлтүүд орсон бэ?
-Хөнгөлөлттэй эмийн жагсаалт 2019 оны нэгдүгээр сараас шинэчлэгдсэн. Улсын хэмжээнд хэрэгжээд явж байгаа. Эмийн жагсаалтыг шинэчлэх болсон шалтгаан нь Эрүүл мэндийн дааталын цахим системтэй болсон учир үүнийг үндэслэн судалгаа хийсэн. Судалгаанд монгол хүмүүсийн дунд ямар өвчин зонхилон тохиолдож байгаа, энэ өвчинд ямар эм түлхүү хэрэглэдэг, тэдгээр эмийн хөнгөлөлтийн хувь хэмжээ, хуучин жагсаалтай харьцуулбал үнийн дүнг нь бууруулах боломжтой эсэхийг тал бүрээс нь судалж үзсэн юм. Үүнтэй холбоотойгоор эм ханган нийлүүлэх байгууллагуудад албан бичиг явуулсан. Улмаар 30 гаруй нэрийн эмийн үнийг бууруулах талаар тохиролцож чадсан. Түүнээс гадна Монгол Улсын хэмжээнд зонхилон тохиолдож буй өвчинд хамгийн их хэрэглэдэг 62 нэр төрлийн эмийн хөнгөлөлтийн хувийг нэмж өгөөд байна. 2018 оны зургадугаар сард буурсан байсан эмийн нэр төрлөөс, нэн шаардлагатай гэж үзсэн эмүүдийн хувийг нэмсэн гэх мэт өөрчлөлтүүд орлоо. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас хөнгөлөлттэй үнийн жагсаалтад орсон нийт эмийн 90 хувийг байлга гэдэг шаардлага тавьдаг. Гэтэл манай улсад үйл ажиллагаа явуулдаггүй, тухайн үйлдвэрлэгч нь байхгүй болсон эмүүд жагсаалтад орсон байсныг, шаардлагагүй гэж үзэн, хассан. Ингээд 29 эмийг хасаж, иргэдэд шаардлагатай эмийн нэр төрлийг нэмж өгсөн байгаа.
-2019 онд хөнгөлөлттэй эмд хэчнээн төгрөг төсөвлөсөн бэ?
-Өнгөрсөн онд 29.1 тэрбум төгрөг төсөвлөж байсан бол, 2019 онд 33.4 тэрбум төгрөг хөнгөлөлттэй эмд төсөвлөсөн. 2018 онд улсын хэмжээнд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээтэй 800 гаруй эмийн сан байсан. Харин 2019 онд энэ тоог нэмж 1000 орчим болгосон. Өөрөөр хэлбэл эмийн хөнгөлөлтийн хүртээмж аль аль талаараа нэмэгдсэн гэж ойлгож болно. Хөнгөлөлттэй эмийн жагсаалтад 170 ерөнхий нэршлийн нийт 812 худалдааны нэрийн эм багтдаг.
-Зарим иргэд хөнгөлөлттэй эмийн хүртээмж муу учир, шаардлагатай эмээ авч чаддаггүй гэж гомдолдог. Үүнд ямар зохицуулалт хийдэг вэ?
-Даатгуулагч иргэдээ нийгмийн хариуцлагын үүднээс хөнгөлөлттэй эмийг импортолж байгаа 10 гаруй эм хангамжийн байгууллагад үнэ буулгах тухай санал хүсэлт явуулсан байгаа. Хөнгөлөлттэй эмийн жагсаалтад зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг Эрүүл мэндийн яам гурван жил тутамд бодлогоороо баталдаг. Энэ жагсаалтыг үндэслээд хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг гардаг. Иргэд эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй эм авч чадахгүй байгаа нь эмийн сангуудын төсөвтэй холбоотой болов уу. Бага төсөвтэй эмийн сангуудад хөнгөлөлттэй эм сарын эхэнд дуусдаг бол, ахиу төсөвтэй нь хөнгөлөлттэй эмийг олгож байгаа гэсэн үг. Гэхдээ Дүүрэг харгалзахгүй хөнгөлөлттэй эмийг худалддаг болсон учир иргэд нэг эмийн сангийн төсөв дууслаа гэхэд, нөгөө дүүргийн эмийн сангаар үйлчлүүлж болно гэсэн үг. Тийм учраас өмнөх шиг эмийн сангийн төсөв дууссан, эмээ авч чадахгүй байна гэсэн асуудал үүсэх нь багассан.
-Хөнгөлөлттэй эмийн үнийг барих асуудалд хэрхэн анхаардаг вэ?
-Манай ерөнхий газраас эмийн үнийн дээд хязгаарыг тогтоож өгдөг. Дээд хязгаараас хэтрүүлээгүй л бол, доошоо хэдэн ч төгрөгөөр зарах нь тухайн эмийн сангийн бодлогын асуудал. Нэмж мэдээлэхэд эрүүл мэндийн даатгал төлж байгаа иргэн бүр эмийн хөнгөлөлтөд хамрагдах бүрэн эрхтэй. Эмийн цахим жор бичсэн өдрөөс хойш долоо хоногийн хугацаанд хүчинтэй байдгийг иргэд анхаарах хэрэгтэй.