ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

М.Оюунчимэг: Туул голын дагуу үйл ажиллагаа явуулж байсан 55 байгууллагын зөвшөөрлийг цуцалсан

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-02-12

УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Өргөдлийн байнгын хороо хэрхэн ажилласан талаар тайлангаа өчигдөр тавилаа. Намрын чуулганы хугацаанд 23774 иргэнээс 8076 хуудас бүхий 1715 өргөдөл ирүүлсэн байна. Ирсэн өргөдлийн 70 хувийг нийслэлийн иргэд өгчээ.  Өргөдлийн байнгын хороо ирсэн өргөдлийг багцалж, хоёр удаа газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцаж, хоёр удаа албан тушаалтнаас тайлбар авах хэлэлцүүлэг зохион байгуулжээ.  Өргөдлийн байнгын хороо ажлаа тайлагнасны дараа УИХ-ын гишүүн, тус байнгын хорооны дарга М.Оюунчимэгээс зарим зүйлийг тодрууллаа. 

-Иргэдээс ямар асуудлаар хамгийн их өргөдөл ирүүлсэн бэ?

-Өргөдлийн байнгын хороонд өнгөрсөн хугацаанд 23 мянган өргөдөл ирсэн. Ирсэн өргөдлийн 70 хувь нь хувийн шинж чанартай. Үлдсэн 30 хувь нь нийтийн эрх ашгийн төлөө ажиллахыг сануулсан, шаардсан өргөдөл байсан. Хамгийн сүүлд гэхэд тэтгэвэр тэтгэмж, цалин хөлсийг нэмэгдүүлэхтэй холбоотой өргөдлүүд ахмадуудаас их ирсэн. Бид энэ асуудлаар НХХ-ийн сайдтай ярилцаад, тэтгэвэр нэмэх, тэтгэврийн зээлийн хүүг бууруулахад нэлээд анхаарч ажилласан. Үүний үр дүнд цагаан сарын өмнө тэтгэврийн зээлийн хүүг 10 хувь болгож буурууллаа. Мэдээж тодорхой журам­тай. Тэтгэврийн хэмжээ 24-35 мянган төгрөгөөр нэмэгдсэн. Цаашид тэтгэврийг шат дараатай нэмэх талаар Өргөдлийн байнгын хороо Засгийн газартай хамтарч ажиллана. Иргэдээс ирсэн өргөдлийн цөөнгүй хувийг агаарын бохирдолтой хол­боотой санал, гомдол эзэлж байгаа. Байгалийн тусгай хамгаалалттай газар нутгийг төр хяналтдаа аваач. Байгаль орчин сүйтгэж, хууль журам зөрчиж байгаа байдлыг таслан зогсоогооч гэсэн өргөдөл бас их ирлээ. Ашигт малтмалын лицензтэй холбоотой их олон өргөдөл ирсэн. Орон нутгийн удирдлага болгон зөвшөөрөл өгч байна. Монгол Улс 21 удирдагчтай болчихсон юм уу гэсэн өргөдөл олон хувийг эзэлж байгаа. Бид Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад ийм өргөдөл гомдол ирж байгаа талаар албан бичиг хүргүүлсэн. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмалын газар цаашид тусгай зөвшөөрөл олгох асуудлыг зохицуулна гэдгээ ч мэдэгдсэн. Ус бохирдуулсны төлбөртэй холбоотой асуу­далд Өргөдлийн байн­гын хороо анхаарал хан­дуулж бай­гаа. Үүнтэй хол­боо­той­гоор бидэнд 7000 гаруй иргэдийн өргөдөл ирсэн. Усны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гээд төсөл нь УИХ-д ирсэн. Шинэ хуульд ус бохирдуулсны төлбөрийн доод хэмжээг 50-60 хувиар бууруулж байгаад анхаарал хандуулах хэрэгтэй байна гэдгийг өргөдөл ирүүлсэн хүмүүс сануулж байгаа. Тийм учраас ус бохирдуулсны төлбөрийн доод хэмжээг 50-60 хувиар бууруулж байгааг нягтлан үзэх. Ус бохирдуулсны төлбөртэй холбоотой хяналт шалгалтыг чангатгах зөвлөмжийг Засгийн газарт хүргүүлсэн. Ус бохирдуулсны төлбөртэй холбоотой хууль тогтоомж яагаад хэрэгжихгүй байгаа. Зарим заалт нь хэрэгжихгүй байсан шалтгааны талаар иргэдэд ил тод, нээлттэй мэдээлэх зайлшгүй хэрэгтэй байна гэсэн хүсэлтийг тавьж, өргөдөл ирүүлсэн хүмүүс ч олон бий. Тийм учраас Өргөдлийн байнгын хороо иргэд, албан тушаалтнуудаас ус бохирдуулсны төлбөртэй холбоотой хууль, тогтоомж яагаад хэрэгжихгүй байгаа талаар тайлбар авсан. Тэгэхэд нэлээд олон анхаарал татсан асуудлуудыг ярьсан. Архи, пиво, арьс ширний үйлдвэрүүд, уул уурхайн компаниудын лобби маш их байдаг учраас өнгөрсөн 7, 8 жил усны төлбөрийн тухай хууль, Засгийн газрын тогтоомж огт хэрэгжээгүй. Ус бохирдуулсны төлбөр, хураамж нь огт бүрдээгүй. Улсын хэмжээнд ганцхан сая төгрөг орж ирсэн тохиолдол ч бий. Энэ бол байж боломжгүй зүйл гэж ТББ, иргэдээс ирсэн өргөдөлд бичсэн байсан. Холбогдох яам, хариуцсан албан тушаалтнууд нь ч үүнийг хүлээн зөвшөөрсөн. Тиймээс ус бохирдуулсны төл­бөрийн доод хязгаарыг бууруулах заалтаа эргэж харахыг бид хууль санаач­лаг­чид, хариуцсан ажлын хэсэг, холбогдох байнгын хороо­ны гишүүдэд илэрхийлсэн. 

-Та байгаль орчин, тус­гай хамгаалалттай газар нутаг­тай холбоотой өргөдөл олон ирж, асуудлыг шийдвэрлэсэн гэсэн. Ямар үр дүн гарсан бэ. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Тусгай хамгаалалттай газар­тай холбоотой асууд­луудыг шийд­вэр­лэхээр хичээж ажил­ласан. Тодорхой үр дүнгүүд гар­сан. Гэхдээ цаашид шийдвэрлэх шаард­лага­тай зүйл маш их байгаа. БОАЖ-ын сайд чуулганы хуралдааны үеэр тусгай хам­гаалалттай газар нутгийг хамгаалахад чиглэсэн багц хуулийг оруулж ирнэ гэд­гээ амласан. Мөн Туул гол­той холбоотой асуудалд Өргөдлийн байнгын хороо сүүлийн хоёр жилийн хугацаанд анхаарал хандуулж ажиллаж байгаа. Энэ дагуу 55 лицензийг цуцалсан. Шүүхээр хэлэлцэж байгаа, нааштай үр дүнд хүрч байна. БОАЖ-ын яамны удирдлагууд манай байнгын хороотой хамтраад үр дүнд хүрэхийн төлөө ажиллаж байгаа. Баянзүрхийн гүүрнээс Яармагийн гүүр хүртэлх зайг аялал жуулчлалын бүс болгох ажилд анхаарлаа хандуулж байгаагаа мэдэгдсэн. Хотын шинэ дарга томилогдсоны дараа энэ асуудалд илүү анхаарал хандуулах, ажлыг нь эхлүүлэх талаар хамтарч ажиллана. 

-Туул голын дагуу барил­га барьсан компаниуд­тай холбоотой шүүхийн маргаан нэлээд удаж байна. 2020 он гэхэд Туул голын бүсийг амралт, чөлөөт цагийн бүс болгоно гэсэн. Гэтэл 2020 он жилийн дараа боллоо. Ажил хэрэг болгож амжих уу. Өргөдлийн байнгын хороо энэ ажилд анхаарал хандуулж байгаа юу. Туул голыг тусгай хамгаалалтад авах асуудлыг бас ярьж байсан. Тэр юу болсон бэ?

-Туул голтой холбоотой асуудалд манай байнгын хорооны зүгээс боломжтой бүх арга хэмжээг авсан. Бид гүйцэтгэх засаглал биш учраас ажил хийгээд байх хууль эрх зүйн тогтолцоо байхгүй.  Тиймээс бид өгсөн үүрэг даалгаврынхаа биелэлтэд хяналт тавьж, БОАЖЯ, Улаанбаатар хотын удирдлагуудтай хамтарч ажиллаж байгаа. Эхний үед байдал амар байгаагүй. Шүүх дээр очоод гацчихдаг. Газар чөлөөлөх, хашаа буулгах, лиценз цуцлах асуудал тийм ч амар байгаагүй. Гэхдээ л бид шахаж, салбарын яамтай хамтарч ажиллаж, зарим хүмүүстэй хариуцлага тооцсоноор бага ч болов үр дүнд хүрч байна. БОАЖЯ-ны тусгай хамгаалалттай газрын албан тушаалтнууд нь үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлдэггүй, удаа дараа хурал тасалж, ажил хийхгүй байсан. Тиймээс хариуцлага тооцож, зарим хүмүүс нь ажлаасаа халагдсан. Шинэ албан тушаалтнууд харин чих зөөлөн хандаж байгаа. Ямар ч байсан 55 лицензийг цуцалсан асуудал нааштай шийдэгдэж байгаа юм билээ. “Зүүнбаян рефайнер” гэдэг компани байгаа даа. Энэ компанийн үйл ажиллагааг шүүх зогсоосон. Тэр компанийн удирдлагууд бидэнтэй уулзаж, аялал жуулчлалын зориулалтаар газраа ашиглах талаар хамтарч ажиллая гэсэн. Бид салбарын яамтайгаа хамтарч ажилла гэж хэлсэн.  Аялал жуулчлалын бүс болгох ажлыг 2019, 2020 онд хийнэ, эхлүүлнэ гэдгийг Н.Цэрэнбат сайд хэлж байгаа.  

-Ипотекийн зээлийн хөрөнгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа юм билээ. Танай байнгын хороонд ч гэсэн энэ асуудлаар багагүй өргөдөл ирсэн байх. Ипотекийн зээлийн хөрөнгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхээр банкуудтай уулзаж, тохиролцоонд хүрсэн. Гэхдээ Засгийн газраас эцсийн байдлаар шийдвэр гаргана гэсэн мэдээлэл байсан. Шийдвэр нь гарсан юм болов уу?

-Ипотекийн зээлтэй холбоотой асуудлыг хүн бүр л ярьж байгаа. Санхүүжилтийн хэмжээ 2-3 дахин нэмэгдэж, 600-гаад тэрбум төгрөгийн эх үүсвэр бүрдүүлчихсэн байгаа. Харин ипотекийн зээлийн журамд өөрчлөлт орж байгаа. Гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотой шинэ заалтуудыг журамд оруулсан. Инженерийн шугам сүлжээ орсон газруудыг эхний ээлжид чөлөөлөх, тэндээ орон сууц барих боломжийг бий болгохоор журамд өөрчлөлт орж байгаа. Яагаад гэвэл газраа чөлөөлж чадахгүй байгаагаас болоод гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлууд гацчихаад байна. Цаашид Засгийн газар ипотекийн зээлийн хүүг бууруулах асуудлаар хуралдана гэсэн. Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба ажлын хэсэг гаргасан юм билээ. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг сайжруулах, инженерийн шугам сүлжээнд хамрагдсан айл өрхийн ипотекийн хөнгөлөлттэй зээлд хамруулах боломжийг хэлэлцэж, “Хөгжлийн сан” гэдэг менежментийн компани байгуулсан. Энэ компани ипотекийн зээлд зорилтот бүлгийг хамруулах ажлыг зохион байгуулахаар ажиллаж байна.  

-Түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлт, өргөдлөө хаана өгөх вэ. Энэ талаар мэдээлэл өгөөч. Хүмүүс маш их сонирхож байна?

-Түрээсийн орон сууцанд орох өргөдлөө иргэд Өргөдлийн байнгын хороонд өгөөд байгаа. Манай байнгын хороо өргөдөл хүлээж авахгүй шүү. ТОСК хүлээж авна. Тэгэхдээ цахимаар хүлээж авах юм билээ. Иргэд өргөдлөө цахимаар өгөөд, хууль журмынх нь дагуу шийдүүлээрэй. Миний авсан мэдээллээр Буянт-Ухаа хоёрын үлдсэн барилгууд гуравдугаар сарын 1-ний өдрөөс дулаанаа аваад, зургадугаар сарын 1 гэхэд ашиглалтад орно гэсэн.