Цаг, нартай уралдсан хотын амьдралд тээврийн үйлчилгээ, унааны асуудал хамгийн чухал. Ялангуяа өвлийн улиралд хүйтэн, утаа хоёроос хоргодохдоо иргэд автобус хүлээж зогсохын оронд такси барих нь элбэг. Гэтэл хувиараа такси үйлчилгээнд явж байгаа иргэнийг 100 мянган төгрөгөөр торгоно. Торгохоо болилоо гэх мэтээр “самарч” байна Хувиараа такси үйлчилгээ эрхлэгчид байхгүй бол өвлийн хүйтэн, зуны халуунаас хоргодох такси үгүй болж, хувьдаа машингүй иргэд автобус хүлээх эсвэл алхахаас өөр сонголтгүй болох нь тодорхой. Албан ёсны зөвшөөрөл бүхий такси үйлчилгээний цөөхөн хэдэн такси ховорхон харагдах ч гар өргөн зогсох хүнийг авдаггүй. Учир нь тэд дор бүрнээ дуудлагатай явдаг учраас замын хүн авах боломжгүй байхгүй гэх.
Үйлчилгээний төлбөрөөс гадна дуудлагын төлбөр төлөөд үйлчлүүлэх иргэн ч мөн тийм олон биш. Нөгөө талд амжиргаагаа залгуулдаг олон зуун мянган иргэн орлогогүй болно гэсэн үг. Хэн хэндээ тустай энэ үйлчилгээг үгүй болгохын оронд албан ёсны таксины тоог нэмэгдүүлэхэд анхаарах нь иргэдийн эрх ашгийг хүндэтгэсэн шийдвэр болно гэдгийг олдон хүн ярьж, хүсэж байна. Нэг нь нөгөөгөө нөхсөн энэ үйлчилгээг хориглож, иргэдийн халааснаас татаас авч байснаас тэднийг албажуулж, нэгдсэн үйл ажиллагаанд оруулбал, такси тойрсон асуудлууд нэг талдаа гарах боломжтой. Хувь таксичдийн ариун цэвэр, үйлчилгээний соёл, аюулгүй байдлыг шүүмжилж байхаар тэднийг нэгдсэн зохион байгуулалтад оруулан, такси үйлчилгээний стандартыг хэрэгжүүлэх нь аль аль талдаа ашигтай юм.
Жолооч нар дор бүрнээ ухамсарлаж, заавал хувиараа таксинд явж, ашиг олно гэхийн оронд үйлчлүүлэгчдээ хүндэтгэн буух эзэн, буцах хаягтай нэгдсэн зохион байгуулалтад орох нь хэн хэндээ эрсдэлгүй. Нөгөө талаас үйлчилгээ авч байгаа иргэд ч мөн өөрийн аюулгүй байдлаа даатгаж байгаа учраас хариуцлагатай хандаж, таарсан такси бүхэнд суудаггүй байхад суралцъя. Бид шинэ зууны соёлт нийгмийн хүмүүс. Тиймээс наад захын энгийн соёлыг хэвшил болгож, бие биедээ хүндэтгэлтэй хандая.