Уул уурхайн олборлолтын үйлдвэрлэлд технологийн алдаа гаргах нь нөхөж болшгүй асар их хохирол гаргадаг гэдгийн тод жишээг “Эко-Алтан Заамар” ХХК харууллаа. Тус компанийн ашигт малтмалын олборлолтын 100 метр өргөн, 80 метрийн гүнтэй ил уурхайд нуранги болж, дөрвөн хүн дарагдсан харамсалтай осол өнгөрсөн хоёрдугаар сарын 28-ны 16.00-17.00 цаг орчимд болсон. Одоогоор нурангид дарагдаж сураггүй алга болсон дөрвөн иргэний хоёрынх нь цогцсыг таван метрийн гүнд найман удаагийн шумбалт хийж, гаргасан. Үлдсэн хоёр иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Ослын газарт нийт 200 гаруй алба хаагчид тасралтгүй үүрэг гүйцэтгэж, МХЕГ, ЦЕГ, ОБЕГ, Шүүх шинжилгээний ажилтнууд, тус компанийн 130 гаруй ажилчид байнгын эрэл хайгуул хийж байна. Нэгэн компанийн буруутай үйл ажиллагаанаас болж, эрдэнэт хүний амь хохирч, хүн хүч, хөрөнгө мөнгө урсаж байна. “Эко-Алтан Заамар” ХХК-ийн олборлолт явуулж байсан талбай нурахаас ч аргагүй гэдгийг газар дээрээс нь сурвалжилж буй бичлэгээс тод харж болно.
Энд олборлолт явуулна гэхээсээ илүү ажиллах нөхцөл байна уу гэмээр. “Тосон” Заамарыг “тоосон” Заамар болголоо хэмээн иргэд нь өнгөрсөн жил тэмцэж байсан нь зөв байжээ гэсэн бодол төрснийг нуух юун. Австралийн үерт автсан уурхай ч ийм төрхтэй харагдаагүй. Тэгэхээр “Эко-Алтан Заамар” ХХК-ид газрыг нь хурдан ухаж, алт олж авах нь чухал болохоос бусад нь хамаагүй гэсэн бодлоор ажиллажээ. Энгийн аргаар бодож үзье л дээ. Олборлолт явуулж байгаа талбайн эрэг 80 метрийн өндөртэй. Тэгвэл орон сууцны барилгын нэг давхар ойролцоогоор гурван метр гэж бодохоор 26 давхартай тэнцэхүйц хэмжээний өндөр эрэг гэсэн үг. Энэ эргээс нь байнгын ус шүүрдэг гэж бодохоор нуранга үүсэх магадлал 99 хувьтай гэдгийг хэн ч хараад мэдэхээр байгаа биз. Ийм л нөхцөлд олборлолт явуулж байсан учраас осол гарахгүй гэсэн баталгаа байгаагүй гэхэд болно.
Тус компанийн уулын ажил хүндэрсэн тул тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгох саналыг 2006 онд Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлж байсан ч түр хугацаагаар хаагаад 2008 онд дахин олборлолт явуулж эхэлжээ. “Эко-Алтан Заамар” ХХК-ийн удирдлагууд ослын дараа “Газар хөдлөлтөөс болж уурхайн хана цуурч нуралт үүссэн” гэж мэдэгджээ. Төв аймгийн Заамар сумаас баруун зүгт 24 км-т орших Заамарын-Уурхай гэх газарт энэ оны хоёрдугаар сарын 27-ны 22:45 цагт 4.06 магнитудын газар хөдлөлт болсон.
Гэхдээ энэ нь “Эко-Алтан Заамар” ХХК-ийн олборлолт явуулж буй ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй газарт огт мэдрэгдэхгүй гэдгийг албаны хүмүүс батлан хэлсэн. Мөн нутгийн иргэд ч газар хөдлөлтийн чичирхийлэл мэдэгдээгүй гэж хэлсэн байх юм. Компанийнх нь буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж эрдэнэт хүний амь эрсдээд байхад “арьсаа хамгаалах” гэж ийм мэдэгдэл хийнэ гэдэг үнэхээр арилсан дотортой хүмүүс гэхээс өөр юу ч гэхэв. Тус уурхайн нөхцөл байдал ямар байгааг осол гарсан газарт ажиллаж байгаа төрийн байгууллагынхан ийн тайлбарлажээ. Тодруулбал, МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан, “Ослыг бүртгэх, судлах комисс одоо хэргийн газар ажиллаж байна.
Аврах ажиллагаатай зэрэгцээд хяналт шалгалт давхар явагдсан. Олон зүйл тодорхой болсон ч хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа учраас нарийн мэдээлэл өгөх боломжгүй” гэв. ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр “Онцгой байдлын аврагчдын эрэн хайх ажиллагаа явуулж байгаа талын ханан дээр зузаан тогтсон мөс өдрийн цагаар хайлж, дусаад байгаа. Хэрвээ мөс ихээр нурвал олон хүн эрсдэх аюултай байдалд байна” гэсэн мэдэгдлийг хийв. Нуранги болсон газар рүү хүрэх гэж дөрвөн хоолой тавьж, өдөр шөнөгүй усыг нь соруулан шавхсан ч өндөр эргийг даган тасралтгүй ус шүүрч байгаа тул төвшин нь нэг метр орчим доошилжээ.
Аврагчид бүсэлхий давсан усан дунд л ажиллаж байгаа. Энэ усыг хэрэв шавхаж дуусвал дор нь хоёр метр лаг шавар бий гэнэ. Үүнийг зайлуулж байж осолдсон техникт хүрнэ гээд бодохоор ямар аймшигтай нөхцөлд уурхайчид ажиллаж байсан нь тодорхой байгаа биз. Уулын ажил хүндэрсэн энэ уурхай технологийн горим бариагүй, алт олох гэж хэт их улайрсан нь том осол үүсэх шалтгаан болов. Энгийн хүний нүдээр харахад газар хөдлөлтөөс бус газрын хөрс нурна гэж бодолгүй “шунал гүйснийх” гэж мэдрэгдэх байх. Уурхайн уулын ажил хүндрэх тутам олборлолт явуулж буй газрын гүнээс шалтгаалж үелэн ухдаг.
Олон жил олборлолт явуулж буй Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн уурхай явган хүний шат мэт үелэн ухсан байдаг даа. Яг л ийм технологийг “Эко-Алтан Заамар” ХХК-ийнхан хэрэглэх байсан юм. Гэвч хууль зөрчдөг гэж цоллуулдаг тус компанийнханд юун технологи. Говь-Алтай аймагт уул уурхайн олборлолт явуулдаг “Алтайн хүдэр” ХХК-ийн охин компани болох “Эко-Алтан Заамар” ХХК нь одоогийн олборлолт явуулж байгаа уурхайн орчимд дөрвөн хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг юм байна. Тус компанийн хувьд тухайн газар олон жил үйл ажиллагаа явуулж байгаа.
Өнгөрөгч оны долдугаар сард БОАЖЯ-наас гаргасан Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй тул ашиглалтын тусгай зөвшөөрлийг нь цуцлах дүгнэлт гаргажээ. Харамсалтай нь “Эко-Алтан Заамар” ХХК-ийн жинхэнэ эзэд төрийн яамнаас илүү эрх мэдэлтэй учраас дээрх хүсэлт ажил хэрэг бололгүй дарагдсан гэдэг. Энэ бол ганц л баримт. “Эко-Алтан Заамар” ХХК-тай холбоотой ямар ч шийдвэр, гомдол, хууль болон төрийн эрх барих дээд шатны байгууллагуудад очоод гацаж, замхарч алга болдог шидтэй гэнэ. Энэ л ид шидийн хүч нь өнөөдөр ийм гамшиг хөтөлж иржээ. Хэрэв тэд хуульд захирагддаг байгаад тухайн үед үйл ажиллагаагаа зогсоосон бол өдгөө дөрвөн хүний эрдэнэт амь эрсдэхгүй, дөрвөн гэргий бэлэвсэрч, олон хүүхэд өнчрөхгүй байлаа.