ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Э.Маргад: Аав, ээж минь бүх мөнгөө надад өгөөд үдэхэд нь өрөвдөөд нулимсаа арчаад л онгоцондоо орж байсан

С.БУДРАГЧАА (сэтгүүлч)
2018-06-04

Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиол­дуулан Хэнтий аймгийн Батноров сумын Д.Лосолын нэрэмжит ЕБС-ийн 10б ангийн сурагч, “100 буудалт даам”-ны Улсын болон Азийн аварга, Дэлхийн даамны холбооны дэд мастер Э.Маргадыг “Ярилцах танхим” буландаа урьж ярилцлаа.

-Чи хэдэн настайдаа даам тоглож сурсан бэ. Хэн чамд зааж өгч байв?
-Би зургаан настайдаа даам тоглож сурсан. Надад аав минь зааж өгч байлаа. 
Аав даам тоглохыг өвөөгөөс сурсан гэдэг юм. Миний аавыг н.Энхбаяр гэдэг. Даамны спортын ямар нэгэн цол, зэрэггүй жирийн мужаан хүн. Миний өвөө ч гэсэн даам тоглох дуртай энгийн малчин хүн байдаг. Манай хамаатнууд хоорондоо даам тоглодог, даам тоглох дуртай учраас надад зааж өгсөн байх.

-Даамны спортод амжилт гаргах авьяас чинь хэдийнээс тодорсон бэ? 
-Би даам тоглож сурсан жилдээ Өндөрхаан хотын дөрөвдүгээр сургуулийн авар­га шалгаруулах тэмцээнд оролцож мөнгөн медаль авч байсан. Түүндээ урамшаад даамыг хичээнгүйлэн тоглох болсон юм. Улмаар 2012 оноос эхлэн Хэнтий аймгийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргаж хүрэл, мөнгөн медаль авдаг болж, Улсын болон Азийн тэмцээнүүдэд оролцох болсон. Харин 2016 оноос эхлэн даамны улсын аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртэх болсон. Хамгийн сүүлд гаргасан амжилт гэвэл энэ жил улсын аварга болсон. 

-Улсын болон Олон улсын тэмцээнд оролцохын тулд бэлтгэлээ хэрхэн хангадаг вэ. Ямар багшийн удирдлага дор бэлтгэл сургуулилтаа базааж байна?
-Би 2012 онд Даамны спортын мастер Г.Бүрэнболд багштайгаа танилцаж, бэлтгэл хийж эхэлсэн. Г.Бүрэнболд багшийн удирдлага дор бэлтгэл хангаж эхэлснийхээ дараахан Дорноговь аймагт болсон тэмцээнээс хоёр алтан медаль авч байлаа. Багшийнхаа удирдлага дор бэлтгэлээ хангаад зургаан жил болж байна. Багш маань Улаанбаатар хотод нэг цэцэрлэгт нягтлан хийдэг гэсэн. 35 орчим насны хүн байдаг. Миний багш даамны спортыг хөгжүүлэхийн төлөө сэтгэл зүрх, амьдралаа зориулж яваа хүн. Ямар сайндаа л намайг Олон улсын тэмцээнд бэлтгэхийн тулд Улаанбаатарт эхнэр, хоёр хүүхэд, ажлаа орхиод дөрвөн сарын турш Баянмөнх суманд ээж дээрээ ирж байхав дээ. 

-Чи тэгэхээр олон улсын тэмцээнд оролцохын тулд дөрвөн сар өөр суманд амьдарсан гэсэн үг үү?
-Тийм ээ. Азийн аваргад оролцохын тулд гэрээсээ 200 км хол байдаг Баянмөнх суманд очиж дөрвөн сарын турш бэлтгэлээ базаасан. Багш намайг даамны тэмцээнд бэлтгэхийн тулд хотод байдаг гэр бүлээ орхиж ээжийнхээ гэрт ирдэг. Улсын болон Олон улсын чанартай тэмцээнд оролцохын тулд багш бид хоёр өглөөний 11.00 цагаас шөнийн 01.00 цаг хүртэл таван төрлөөр тоглож бэлтгэлээ хийдэг. 

-Нууц биш бол багшдаа сард хэдэн төгрөгний төлбөр төлдөг вэ?
-Багшдаа сард 200 мянган төгрөг өгдөг. Тэр мөнгө сургалтын төлбөр биш. Харин миний хоол хүнсний зардал юм уу даа. Би тэднийд өдөр шөнөгүй байрлаж, хооллож ундалж байгаа шүү дээ. 

-Багшийн чинь сургалтын онцлог, давуу тал нь юу вэ?
-Манай багш миний хор шарыг малтахдаа их сайн. Тухайлбал, надтай тоглож байхдаа энүүхнийг харахгүй байгаа юм уу гэх зэргээр хор малтах мөртлөө, дараа нь улам зориг сэргээсэн сайхан үгсийг их хэлдэг. Багш их сууж тоглодог. Маш тооцоотой хөдөлдөг учраас би ч бас тэр чанарт нь суралцаж, их удаан бодож юмыг найдвартай хийхийн төлөө л зүтгэдэг болсон. Томоохон тэмцээн уралдаанд оролцох үедээ хүнд нүүдлийг хийхийн тулд дунджаар 20-30 минут бодож нүүдэг. Багш минь намайг яаж илүү сайн тоглуулах вэ гэдгийн төлөө л хичээж явдаг. Надад хаяа хожигдохоороо “Би үүн дээрээ алдсан байна, дараа ингэж алдахгүй” гэж хэлээд намайг бас тийм алдаа гаргахгүй байхад суралцуулдаг.  

-Чиний хамгийн хүчтэй өрсөлдөгч одоогоор хэн байна?
-Надтай хамт нэг багш дээр бэлтгэл сургуулилт хийдэг Баянмөнх сумын Г.Дүүрэнбилэг гэдэг охин байгаа. Бид хоёр нэг насанд тоглодог. Мөн доод наснаас айхтар хүүхдүүд гарч ирж байгаа. Тухайлбал, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн “Шавь” цогцолбор сургуулийн Б.Мөнхжин, Б.Анужин гэдэг хоёр ихэр охин байна. Хэдийгээр надаас дүү ч гэлээ маш хүчтэй өрсөлдөгч. Бас 84 дүгээр сургуулийн Б.Мишээл гэдэг охин байгаа. Улсын аваргын төлөөх гол тулаан одоогоор бидний дунд өрнөж байна. Хожино, хожигдоно. Хэн нь илүү бэлтгэл хийнэ тэр нь аварга болдог. 

-Улсын аваргад анх оролцсон сэтгэгдлээсээ хуваалцаач?
-“100 буудалт даам”-ны Улсын аварга шалгаруулах тэмцээн таван төрлөөр болдог. Би анх Улсын аваргад оролцохдоо эхний гурван төрөлдөө аймаг, дүүрэг бүрээс цойлон гарч ирсэн 30 хүүхэдтэй тоглоод тав, зургадугаар байранд орж байлаа. Үүнээсээ болоод сэтгэл санаагаар унаж, багш дээрээ очсон чинь багш маань “Одоо л сайн тоглочих. Энэ бол чиний хамгийн их бэлтгэл хийсэн төрөл шүү дээ”  гэж хэлсэн. Би үндсэн төрөлд долоон өрөг тоглохдоо зургаа хожиж, нэг тэнцсэнээр Улсын аварга болж байлаа. Тэр өдөр ёстой л миний од гийсэн өдөр байсан. Би ээж рүүгээ тэр даруй залгаад “Ээжээ би улсын аварга болчихлоо” гэхэд ээж минь “За боллоо, боллоо” гэж хэлж байсан. Би явсан тэмцээн уралдаандаа амжилт гаргаж аав, ээжийгээ баярлуулахыг л маш их хүсдэг. 

-Аав, ээж хоёр чинь чиний хамгийн сайн хөгжөөн дэмжигч учраас уу?
-Даамны Улсын болон Олон улсын тэмцээнд оролцох хөрөнгө мөнгийг босгохын тулд аав, ээж минь л маш их хичээдэг. Азийн болон Дэлхийн аваргын тэмцээн уралдаанд оролцоход 3.5-5 сая төгрөгийн дундаж зардал гардаг. Би 2014, 2015 онд дэлхийн аваргын шалгаруулах тэмцээнд 14-16 насны төрөлд оролцож байлаа. Эстони улсын Таллин гэдэг хотод 2014 онд болсон тэмцээнд оролцоход 3.5 сая төгрөгийн зардал гарч байсан. Аав, ээж хоёр минь тэмцээн уралдаанд л охиныгоо явуулж байвал бидний мөнгөгүй үлдэх яах вэ гээд л зүтгэдэг. Аав ээж хоёр минь надад хөлсөө дуслуулан байж олсон бүх мөнгөө өгөөд үдэж байхад нь өрөвдөөд нулимс арчаад л онгоцондоо орж байсан. “Охин нь сайн яваад ирнээ” гээд л... (нулимс нь цийлэгнэв)

-Олон улсын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөөд оролцож байгаа тамирчнаа төрөөс дэмждэггүй юм уу?
-Ямар ч дэмжлэг байдаггүй. Ер нь оюуны спортыг огт дэмждэггүй шүү дээ. Жижигхэн сурагчдыг тоож дэмжих компани ч байдаггүй. Би улс орондоо нэрээ дуурсгасан тамирчин болж аав ээжийгээ баярлуулахсан л гэж боддог. Эх орон, ээж аавынхаа нэрийг олон улсад дуудуулахсан гэж мөрөөддөг.

-Даам тоглох болсноор чамд ямар давуу талууд бий болов? Олон улсын тэмцээнд анх оролцсон сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Даам тоглосноор хүүхэд маш сайн сууж сурдаг. Аливааг маш сайн ойлгож, ул суурьтай хөдөлдөг болдог. Сэтгэх чадвар нь илүү хөгждөг юм болов уу даа. Би 2013 оноос Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож эхэлсэн. 2013, 2014 онд Азийн аварга шалгаруулах тэмцээнээс таван хүрэл медаль авч байсан. Би ер нь хүрэл медаль их авдаг шүү. (инээв) Харин 2016 онд Азиас нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл авсан. Харин энэ жил хоёр мөнгөн медаль авсан. 

-Азийн аварга шалга­руулах тэмцээн аль улсад болсон бэ? Хөдөөний сумнаас дэлхийн том хотод очиж тоглоход ямар мэдрэмж төрж байв?
-Азийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Шинтай мужийн Шанду хотод болж байсан. Тэнд очихын тулд Улаанбаатар-Замын Үүд-Эрээн-Бээжин-Шинтай-Шанту гэдэг чиглэлд талдаа хоёр хоног явж хүрсэн. Энэ хугацаанд дандаа бэлэн гоймон идэж байсан учраас маш их ядарч очиж байлаа. Замын гуанз нь заваан учраас хоолыг нь идэж чаддаггүй байсан. Би 14-16 насанд тоглохоор Монгол Улсаас шигшигдэн гарч ирсэн есөн хүүхдийн хамт очсон. Энэ жил Узбекстан, Казакстан зэрэг орнуудаас ирэх ёстой байсан тамирчид нь ирээгүй учраас үндсэн тоглолт Монгол Хятадын хооронд өрнөсөн. Тэр тэмцээнд миний хийсэн хамгийн удаан өрөг таван цаг үргэлжилсний эцэст тэнцээгээр өндөрлөсөн. Хожих байсан тоглолтоо үр дүнгүй болгож тэнцсэндээ харамсаад уйлах шахаж билээ. 

-Шатар тоглодог хүмүүс долоон нүүдлийн цаадахыг хардаг гээд байдаг. Даам тоглодог хүмүүс хэдэн нүүд­лийн цаадахыг харах уу?
-И-комбинаци гэхэд л 10 өгөөд, 10 идэж өөртөө хожлын байршлыг бий болгож чаддаг. Энэ комбинацийг хийхийн тулд 10 нүүдлийн цаадахыг тооцолно шүү дээ. Ингэхийн тулд онолыг мэддэг байх шаардлагатай. Мөн дунд үе, төгсгөлөө хэрхэн хийх бодлогыг бодож байж л энэ үйлдлийг хийдэг. БНХАУ-д даамны үндсэн сургууль гэж байдаг юм билээ. Уг сургууль нь хүүхдүүдэд ерөнхий эрдмийн хичээл ордоггүй зөвхөн даам тоглохыг л заадаг. Улсаас нь дагнасан сургууль барьж өгөөд их хэмжээний мөнгөөр багш, дасгалжуулагчийг нь цалинжуулж, сурагч хүүхдүүдээ жигд хувцас, хэрэглэлээр нь хангадаг юм билээ. БНХАУ-ын тамирчдын өмссөн пүүз нь хүртэл ижилхэн байсан. Гоё хувцастай хүүхдүүдийг харахад ямар гоё юм бэ хэмээн атаархах сэтгэл төрж байсан. Тэдгээр хүүхдүүд зөвхөн даам тоглоход шамдан суралцдаг бол бид даамны тэмцээнд оролцоод ирэхдээ хичээлээсээ маш их хоцорчихсон байдаг. Тэмцээнээс гадна хичээлдээ шаналаад сэтгэл санаа хоёрдмол байдалтай л тэмцээнд оролцдог доо.  Манай улс 1983 оноос даамны спортоор хүмүүсээ бэлтгэж эхэлсэн байдаг бол БНХАУ нэлээн хожуу даамын спортыг эрчимтэйгээр хөгжүүлж эхэлсэн гэсэн. Хятадууд дэлхийн даамны спортын 10 удаагийн аварга, ОХУ-ын тамирчин А.Чижов гэдэг хүнийг урьж авчраад ерөнхий дасгалжуулагчаар ажиллуулж байгаа юм билээ. Тэр хүний бэлтгэсэн гарын шавь нь энэ жил 16 насанд Дэлхийн аварга болж олон улсын их мастер болсон. Хэдийгээр БНХАУ-ын тамирчдын бэлтгэл сургуулилт, төрийн дэмжлэг маш их ч гэлээ манай сурагчид оюун ухаанаараа тэднээс илүү. Бид одоохондоо Хятадуудыг хожоод л байгаа. 

-Хятадын тамирчинтай хийсэн гоё тулаанаасаа хуваалцаач?
-Даам тоглож байгаа хүн дунд үе дээрээ төвөө авч чадвал хожлынхоо 50 хувийг гүйцэтгэлээ гэж үздэг. Энэ жил би БНХАУ тамирчинтай тоглож байхдаа төвөө авахын тулд төв рүүгээ их давшиж тоглосон. Хятадын тамирчин төвөө алдахгүйн тулд ухарч хамгаалсан, өрсөж идэлцсэн тоглолт хийсээр байгаад хоёулаа нэлээн дундарч зургаа зургаан хүүтэй үлдсэн. Надад тухайн үед тэнцчихлээ дээ гэсэн бодол төрсөн. Гэтэл хоёр өгч, хоёр идээд даам руу зүтгэх нэг боломж байгааг олж харсан. Азаар Хятадын тамирчин миний тооцоолсныг олж хараагүй учраас надад хожигдож байсан. Би их азтай. 

-Мартагддаггүй ялагдал гэж байдаг уу?
-2014 онд би аймгийнхаа аваргад оролцож алтын төлөө тоглож байхдаа дөрөв идүүлж байсан. Яагаад тэгж идүүлснээ ч ойлгоогүй шоконд ороод үлдсэн. “100 буудалт даам”-нд 2-3 хүүгийн зөрүүтэй болчихвол маш хүнд байдалд ордог. Хоёр хүүгээр дутуу хүн хожих бус зөвхөн тэнцэхийн төлөө л тоглодог. Хүүгийн зөрүү эхэндээ мэдэгдэхгүй боловч төгсгөл дээр аймаар гарч ирдэг. Дааманд гараа сайн бол бариа сайн гэж үздэг. Мөн төгсгөлөө сайн хийж сурах ёстой. 

-Миний дүү удахгүй төгсөх ангид орох юм байна. Ирээдүйд ямар мэргэжилтэй болохыг хүсч байгаа вэ. Ямар хичээлдээ түлхүү шамдан суралцаж байна?
-Би математик, монгол хэлний хичээлдээ арай дөнгүүр. Ирээдүйд АНУ юм уу, БНСУ-д Бизнесийн удирдлага, маркетингийн чиглэлээр суралцахыг хүсдэг.