ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Давхардсан 10 километр зам танахад 10 хүртэлх тэрбум төгрөг хэмнэнэ

Ц.ЧАНДМАНЬ-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2018-06-04

Завхан аймгийн гаралтай М.Амарбаяр, Ч.Батсүх нарын сэтгүүлчид өнөөдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас Увс аймгийн Улаангом хот руу баригдах 167 километр замын талаар хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ үеэр шүүмжлэл дагуулаад буй замын асуудлаар сэтгүүлч Ч.Батсүхээс цөөн асуултад хариулт авлаа.

-Тосонцэнгэл, Улаангом чиглэлийн авто замын ажлын концессын гэрээ хэдэн онд батлагдсан бэ?

-Концессын гэрээ 2015 онд батлагдсан. Тус замын ажил эхэлсэнтэй холбогдуулан ганц хоёр зүйлийг анхаарч үзээч ээ гэдэг хүсэлтийг Завхан нутгийнхны дуу хоолой болж, УИХ болон Засгийн газарт бид саналаа хүргүүлж байна. Тус замыг БНХАУ-ын хөрөнгө оруулалтайгаар “Монгол ЛЗ зам гүүр” компани 660 сая юаний өртгөөр, хоёр жилийн хугацаанд концессоор барьж гүйцэтгэхээр Засгийн газартай гэрээ байгуулсан. Зам ашиглалтад орсноор Завхан аймгийн хойд талын сумд болон Увс аймаг Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбогдоно. Гэвч Улаангомын замын зургийг хийлгэхдээ өмнө нь хийлгэсэн Улиастайн замтай уялдуулаагүйгээс 20 гаруй километр газарт зэрэгцсэн зам баригдахаар болчихоод байна.

-Концессын гэрээний дагуу авто замын зураг төсөв хийгдэж батлагдчихсан юм байна. Одоо өөрчлөлт оруулснаар хэдий хэмжээний хөрөнгө хэмнэгдэх боломжтой вэ?

-Тус замуудын зураг төслийг 2012 онд Зам тээврийн яамны захиалгаар хийсэн байдаг. Одоогийн байдлаар Улиастайн зам баригдаж эхэлсэн байгаа. Хэрвээ анх хийгдсэн зураг төсөлтэйгөө уялдуулаад  шинээр тавих  замын зурагтаа ялимгүй өөрчлөлт хийвэл 10 км-ын ажлыг барих хөрөнгө хэмнэгдэхээр байгаа. Хэрвээ зураг төсөлд өөрчлөлт оруулахгүй бол шинээр батлагдсан зургийн дагуу 25 км орчим газар Улиастай чиглэлийн зэрэгцээ хоёр зам Хүрэн тал дээгүүр давхихаар байна. Тиймээс Улаангомын чиглэлийн замыг дөрвөн замаас биш, 15 км-ын цаанаас Улиастайн замаас салаалж эхлүүлбэл дор хаяж 10 км зам хэмнэнэ.

-Танаж буй замын уртаас хэдэн төгрөгийн хэмнэлт гарна гэж та нар тооцоолсон бэ?

-Эдийн засгийн өртгөөрөө доод тал нь тав, дээд тал нь 10 хүртэлх тэрбум төгрөгийн хэмнэлт хийх боломжтой тооцоо гарсан. Замын зургийг ингэж өөрчлөхөд газрын байршлын хувьд ч ямар нэгэн асуудалгүй гэдгийг мэргэжлийнхэн хэлж салбар яам, замын мэргэжлийн зөвлөлд танилцуулсан ч хүлээж аваагүй. Концесс бол эргэн төлөгдөх хүүтэй мөнгө. Иймд хайхрамжгүй байдлаар улсын хөрөнгийг үрэн таран хийхгүй байхыг Завхан аймгийнхныг төлөөлсөн сэтгүүлчид бид анхааруулж байна.

-Та нарын дэвшүүлж буй саналаар хэмнэсэн замаа өөр зүйлд зарцуулах шийдлийг судалж үзсэн үү?

-Хэмнэсэн 10 километр  замаа Түдэвтэй сумыг шинэ замтай холбох эсвэл Нөмрөг, Сонгино, Түдэвтэй сумын төвд хатуу хучилттай зам тохижилтын ажил хийх байдлаар үр ашигтай зарцуулахыг хүсч байна. Үүнийг шулуун татаж сумын төвөөр дайруулбал эдийн засгийн хувьд хэдэн зуун метр зам хэмнэнэ.  Мөн сумын төвийнхөн зам дагаж нүүхгүйгээр байгаа газраа хөгжих боломжтой тул өөрчилж өгөөч гэсэн хүсэлтийг Нөмрөг сумын Иргэдийн хурал, Засаг даргын зүгээс Зам тээврийн хөгжлийн яаманд ирүүлсэн. Иймд тавьж бидний байгаа асуудлыг Засгийн газар анхааралдаа авахыг хүсч байгаа.