ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Засагт ханы “сайн” эр

Ц.ЭНХТҮВШИН
2019-04-10

Цэнддоогийн Ганбат хэмээх энэ залуу “Петровис” компанийн түгээгч ажилтай жирийн нэгэн. Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын уугуул. Нэг охин зургаан хүүтэй өнөр айлын отгон хүү.  Наймхан  настай байхад нь аав нь бурхны оронд одож хүү ээжтэйгээ үлджээ. Таван ахтай хүн ах нарын “диктатур”-т хүмүүжилтэй өссөн ч харин нэг гэм нь арай л багаасаа тамхи татсан гэнэ. Ах нар тамхи татвал турсагыг нь хуулах дөхөх ч ээж харин энэ тал дээр хүүгээ “буруу эрхлүүлсэн” хэмээн  хэлээд тэрбээр инээнэ.

Ц.Ганбат ерөнхий боловсролын сургуулиа дүүргээд 45 хоногийн мэргэжил олгох курст суралцаж,  барилгын өрлөг, заслын хос мэргэжил эзэмшин дөрөвдүгээр зэрэгтэй төгсжээ. Ээжийнхээ дэргэд мал маллаж байсан хүү нэг л өдөр найз нөхөдтэйгээ нийлэн барилгын бригад байгуулан ажиллаж,  Говь-Алтай аймгийн хоёрдугаар арван жилийн сургуулийн барилга гээд олон арван барилга барилцжээ. 2004 онд нийслэлд шилжин ирж суурьшин “Бүүдий” хэмээх барилгын компанид ажилласан байна. 

Тэр нь “Хурд” хорооллын захиалагч компани байсан бөгөөд тэрбээр “Хурд”-ын олон арван барилгын өрлөгийг хийж тэнд мөрөө үлдээжээ. Түүнээс гадна, Ц.Ганбаатар Сайншанд, Дархан гээд хаана л ажил олдоно тийшээ явж,  10 гаруй жил барилгын салбарт ажилласан боловч эрүүл мэндийн шалтгааны улмаас яалт ч үгүй мэргэжлийн ажлаа орхижээ. “Олон жил хүнд юм өргөөд, өрөгч хүн байнга тонгойж бөхийх нь эрүүл мэндэд, тэр дундаа нуруунд ихээхэн халтай юм билээ” хэмээн Ц.Ганбаатар  ярив. Тэрбээр “Петровис” компанид ажилд ороод жил гаруй болж байгаа ч “Манай компани чинь ажилчиддаа ээлтэй сайхан. Цалин хөлс ч боломжийн. Авто машины түлш гэдэг чинь химийн хортой бүтээгдэхүүн.

Дээр нь 24 цаг гадаа халуунд халж,  хүйтэнд хөрч зогсоно гээд бас ч амаргүй ажил. Ээлжинд гараад 24 цаг ажиллах тул нойр хагас гэх мэтчилэн манай ажлын  онцлог бий. Тиймээс манай компани ажилчиддаа сүү, аарц, чацаргана байнга өгч улирал улиралд тохирсон хувцсаар хангадаг. Хэрэв би хувиараа барилгын ажлаа хийж байсан бол элдэв даатгал энэ тэрээ ч олигтой төлөхгүй. Зээлд хамрагдах ч амар биш шүү дээ. Харин энэ хамт олон дунд ажилласнаараа байнгын даатгалд хамрагдах, зээл авах гээд олон сайхан боломж  нээгдсэн шүү” гээд яриагаа ч бүрэн дуусгаж амжилгүй түгээгүүр рүүгээ гүйлээ. Биднийг ярилцах 30-аад минутад 10 шахам машин ирж үйлчлүүлэв.

Түүнээс үйлчлүүлэгч нарынх нь тухай сонирхоход “Өдөрт ер нь зайгүй л шахам үйлчлүүлнэ. Яг нарийн тоо авч байгаагүй юм байна. Үйлчлүүлэгч болгон өөр өөр араншинтай байх нь мэдээж. Зарим хүмүүс хэн нэгэнд гаргасан уураа түлш авах тэр хэдхэн минутад мань мэтэд бас гаргаад авна. Тэглээ гээд би тэр хүний урдаас уурлах эрх байхгүй. Аль болох л аятайхан харьцаад явуулна. Зарим хүмүүс ёстой нөгөө сайхан энергитэй гэдэг нь байх. Их сайхан соёлтой үйлчлүүлээд явна. За тэгээд янз бүр дээ. Олны танил эрхмүүд бас их үйлчлүүлнэ гэж ажлаараа бахархан ярина.

Түүний ажлын хуваарь нь 24 цаг ажиллаад 48 цаг амарна. Амралтын өдрөөрөө нэгдүгээр ангийн охин, удахгүй амаржих давхар биетэй гэргий хоёртоо үйлчлээд л бараг таарна. Бас боломж гарвал сайн унтаж амрах шаардлагатай. Нэг өдөр нь бүтэн нойргүй ажилладаг болохоор тэгэхээс ч аргагүй байдаг биз. Хааяа зурагт үзмээр байвч “өрсөлдөгч” олонтой гэнэ. Бага хүүхдүүд нь элдэв хүүхэлдэйн кино, хүүхдийн нэвтрүүлэг үзнэ. Тэдэнтэй ямар суваг булаацалдалтай биш. “За даа, тэгээд ч сэтгэл бухимдуулсан элдэв юм үзэж суухаар ханьтайгаа ярьж суух нь сайхан даа” гэсээр хүд хүд инээнэ. Ц.Ганбатынх одоо ам бүл тавуулаа. Удахгүй одонгийн хүүхэд нь төрнө.

Том охин  нь 11 дүгээр ангид сурдаг. “Амьдрал сайхан байна даа. Миний ээж 80 гарсан хөгшин одоо мэнд тунгалаг байна. Нэг ахынхтай цуг долоон буудалд амьдардаг юм. Ээж минь сэтгэл нь амар, энх тунх, үрс минь эрүүл саруул, сэргэлэн цовоо байвал өөр бидэнд юу ч нэг их хэрэгтэй билээ” гэсээр хуучлах Ц.Ганбат их сайхан хоолойтой юм. Дуулдаг л шинжтэй гэхэд минь “Дуулна аа дуулна. Аав минь сумын заан хүн. Бас их сайхан дуулдаг, улсын тэргүүний уран сайханч байсан гэдэг. Аавын юм бий бий” гэнэ.

Тэрбээр цааш нь “Барилгын багаж хэрэгсэл их цуглуулдаг байлаа. Сайндаа ч биш дээ. Ажил хийлгүүлсэн зарим нэг компани чинь хөлсөө өгөхгүй  луу унжина. Тэгснээ багажаа өгнө. Өнөөхийг нь цуглуулна. Тэгэж байтал ажилтай ажилгүй үед мөнгөтэй мөнгөгүй болно. Барилгын ломбард гэж байдаг. Тэрэнд аваачиж тавьчихаад заримдаа ч буцааж авч чадахгүй алдана. Энэ мэтээр хөгжилтэй юм их болно” гэсээр инээнэ. Ээжийнхээ тухай, тэр их хайр үрээ хэрхэн хүн болгон төлөвшүүлдэг тухай ярихдаа нүд нь сэргэг  харагдах тэрбээр “Миний ээж харин намайг арай л их хэт эрхлүүлээд өсгөчихсөн юм. Гэхдээ би хайранд өссөн хүүхэд буруу явдаггүй гэж  боддог. Миний жаахан буруудсан зүйл гэвэл тамхи л эрт татсан даа. Ах нар мэдчихээд зад загнана. Хөдөө малдаа явах болоход ээж дүнсэн тамхи боож өгөөд явуулна. Тэр үед чинь зах зээлд ороод хамаг юм картанд шилжсэн байж дээ. Тэгээд картанд ирэх ганц нормын дүнсэн тамхиа далд хийчихээд надад өгч татуулна. Хүүхэд байсан болохоор найзуудтайгаа дарвиж хамаагүй татсаар сүүлдээ бүр тамхичин болчихгүй юу. Томчуудаас нуугаад туулайн баас энэ тэр гээд юу эсийг татаж үзсэн гэх вэ. Нэг удаа бүр мохор тамхи гээчийг татаад,  ухаан алдаж унасан шүү. Тэр мохор чинь найрлагандаа даралт буулгадаг бодистой гэх юм билээ. Тэгээд л муу ээж минь намайг элдэв юм татаж байгаад хордоод үхчихвэл яана гэж бодсон байх даа. Өөрөөр би ээжийгээ зовоосонгүй дээ. Энэ тухайгаа тэр онцлон ярьсан шалтгаан нь түүний ажиллаж буй орчин тамхи татахад “хамгийн таагүй” газар. Галын аюултай бүс. Тиймээс хүн хэдий өөрийн хэрэглээд зурсан зүйл ч гэлээ ажил л бол ажил, аюулгүй байдал л бол аюулгүй байдал шүү дээ. Тиймээс дүрэм журмаа дагаж  татдаг тамхиа хүртэл ажлын үед хорьж,  өөртөө хяналттай ажиллах шаардлагатай. Энэ нь нэг ёсондоо хүнийг өөрөөр нь хүмүүжүүлж буй хэрэг юм даа гэсээр инээмсэглэх. Тэрбээр цааш нь “Ер нь миний эгч, ах нар бүгд их сайхан зөв хүмүүс шүү дээ. Аав ээжийн минь л ач. Хүн ер нь аав ээжийнхээ ачийг хариулдаггүй гэдэг үнэн шүү. Санааг нь чилээхгүй байхсан л гэж үргэлж боддог доо” гэсээр дараагийн машинд бензин хийхээр гүйлээ. Эргэж ирээд “Таныг удаан хүлээлгэж байна шүү” гэсээр уучлалт гуйх нь цаанаа л зөв хүний бас нэг шинжтэй. Өөрийнх нь хэлснээр “Хамт олон дунд орж ажиллах чинь харилцааны том соёлд хүртэл суралцдаг юм байна” гэснээ батлах мэт. Ер нь Засагтханы хөх харчууд “За гэвэл ёогүй” гүдэсхэн шулуун зантай даа.