ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Будзаан: Хүүхдийн эсрэг гэмт хэргийн 30 хувийг эцэг, эхчүүд үйлддэг

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-05-01

Өчигдөр ЦЕГ-аас “Зөв тусгал” хөдөлгөөнийг нэг сарын хугацаанд хэрэгжүүлэхээр болсон талаар мэдээллээ. Энэ талаар ЦЕГ-ын Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаанаас тодрууллаа.

-“Зөв тусгал” хөдөлгөө­ний хүрээнд ямар ажлуудыг зохион байгуулах вэ?  
-Нийгэмд хүүхэд үйлдсэн болон хүүхэд хохирч байгаа гэмт хэргийн тоо буурахгүй байгаа тул урьдчилан сэргийлэх ажлуудыг зохион байгуулах шаардлагатай байгаа юм. Тиймээс төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран “Зөв тусгал” хөдөлгөөнийг нэг сарын хугацаанд хэрэг­жүү­лэхээр боллоо. Энэхүү хөдөл­гөө­ний зорилго нь эцэг, эхчүүдэд чиглэж буй бөгөөд хүүхэд бол томчуудын тус­гал тул өөрсдийгөө эхлээд хүмүүжүүлж, хүүхдээ ойлгохыг уриалах юм. Аяны хүрээнд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон Дэлхийн зөн олон улсын байгууллагаас хүүхдүүдийн насны онцлогт тохируулан хэрхэн харилцах, хүүхэд хүмүүжүүлэх оновч­той арга барил зэрэг сэд­вээр эцэг, эхчүүд, сурган хүмүү­жүүлэгчдэд чиглэсэн сургалт, зөвлө­гөө мэдээллийг өгч ажиллана. 

-Хүүхэд өртсөн болон хүүхэд үйлдсэн гэмт хэрэг хэр их байна вэ. Тоон баримт бий юу?
-Сүүлийн гурван жилийн хугацаанд 2.833 хүүхэд гэмт хэрэг үйлдэж, 4.922 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон. Хүүхдүүд ихэвчлэн зодолдох, танхайрах, булаах, хүчиндэх гэмт хэргийн хохирогч болж байна. 2019 оны эхний дөрвөн сарын байдлаар хүүхэд хохирсон гэмт хэрэг 554 бүртгэгдсэн бөгөөд эдгээр гэмт хэргийн 84 хувийг насанд хүрэгчид үйлдсэн байдаг. Улсын хэмжээнд сүүлийн гурван жилийн байдлаар 2833 хүүхэд гэмт хэрэг үйлдэж, 4922 хүүхэд гэмт хэрэгт өртөж, хохирсон байна. Тухайлбал хүүхэд Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг буюу зодолдох танхайрах, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг болох хулгайлах, залилах, дээрэмдэх гэмт хэрэг үйлдэн шалгагдаж байгаагаас дийлэнх нь 16-18 насны хүүхдүүд байгаа юм. Мөн хүүхэд эдгээр гэмт хэргийн улмаас хохирч байгаа юм. Цагдаагийн байгууллага гудамж талбайд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг зөрчлийн гаралтыг бууруулах, хүүхэд гэмт хэрэг зөрчилд өртөж болзошгүй эмзэг цэгүүдийг иргэд, олон нийтийн орол­цоо­той хяналтад авах зорил­гоор “Хүүхэд хамгаалагч” төслийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамтай хамтран энэ оны тавдугаар сарын 1-ний өдрөөс улсын хэмжээнд хэрэгжүүлж эхэлнэ. 

-Хүүхэд хүүхдээ хүчир­хийлж, гэмт хэргийн хохи­рогч болгох тохиол­дол хэр их байгаа вэ. Эцэг эхчүүд хүүхдээ хүчирхийлсэн хэрэг нийт хэргийн хэчнээн хувийг эзэлдэг юм бол?
-Хүүхэд өртсөн гэмт хэргийн 10-13 хувийг хүүхэд хүүхдийнхээ эсрэг үйлдсэн байдаг. Үлдсэн хувийг насанд хүрэгчид, эцэг эхчүүд үйлддэг. Би эцэг, эх нь юм чинь гэсэн хандлага хүүхэд хүчирхийлэлд өртөх шалтгаан болдог. Нийт гэмт хэргийн 30 орчим хувийг эцэг, эхчүүд үйлдсэн байдаг.

-Бага насны хүүхдийг хүчир­хийлж, ноцтой гэмтэл учруул­сан хэрэг гарсан. Хүүх­дийг гэр бүлийн хүчир­хийллээс хамгаалах талаар ямар арга хэмээг авч байгаа вэ?
-Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг баталж, хэрэг­жүүлс­нээс хойш хоёр жил өнгөрлөө. Хуульчилж өгсөн хэдий хүүхдийн гэмт хэрэг илрэх­гүй байх эрсдэл их бай­на. Таван настай хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өрт­лөө гэхэд хаана хандахаа мэдэх­гүй. Харин гэр бүлийн хүчир­хийл­лийн талаар хөршүүд мэдээл­дэг явдал нэмэгдэж бай­гаа нь сайшаал­тай. Хүүхдийг хүчир­хийллэс хамгаалах талаар сур­галт, нөлөөллийн ажлуудыг зохион байгуулж байна. Мөн хяналт шалгалтын хариуцлагыг өн­дөр­жүүлэх ажлыг хийж байгаа. Хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэг бол Эрүүгийн хуульд заасан хамгийн хүнд гэмт хэрэг байдаг. 

-Хүүхдийг хэрцгийгээр хүчирхийлсэн гэмт хэр­гүүд­­тэй холбоотойгоор ир­гэдийн зүгээс цаазын ялыг сэргээх ёстой гэсэн ханд­лага гарах болсон. Цаазын ялыг сэргээвэл гэмт хэргийн тоо буурах магадлалтай юу?
-Бэлгийн хүчирхийлэл болон хар тамхины хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа нь олон улсад Эрүүгийн хэргийн ялын бодлогоороо явдаг. Хүнд ял, шийтгэлтэй гэдэг утгаараа иргэд айдаг учраас, ийм гэмт хэргийн тоо бага гарах бод­лого байдаг. Гэхдээ цаазын ял байх ёстой гэдгийг илэр­хийлэх байгууллага манайх биш. Хууль тогтоох бай­гууллагын ярих асуудал юм. 

-Сэлэнгэ аймгаас алга болсон Б.Ундармаа охиныг хүчиндүүлж амиа алдсан гэх мэдээлэл цацагдлаа. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөөч?
-Охиныг нас барсан талаарх мэдээ батлагдаагүй, тодорхой ирсэн мэдээлэл алга байна. Одоогийн байдлаар охиныг хайх ажиллагаа үргэлжилж байна. Тиймээс олон нийтэд цацахгүй байхыг хүсч байна. Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд 2019 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Б.Ундармаа гэх есөн настай охин алга болоод өнөөдрийг хүртэл олдоогүй байна. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр охиныг амь насаа алдсан байдалтайгаар олдсон гэх мэдээлэл цацагдаад байна. Хэвлэлд гарсан шиг тийм гэмт хэрэг одоогоор бүртгэгдээгүй.