БНХАУ-ын Ерөнхий сайдын орлогч, тус улсын эдийн засгийн архитектур гэгддэг Лю Хэ тэргүүтэй төлөөлөгчид АНУ-ын Вашингтон хотноо айлчилж, хоёр орны хоорондын худалдааны яриа хэлэлцээрийг эхлүүлсэн билээ. Хэлэлцээр энэ сарын 9, 10-нд үргэлжилсэн юм.
Тус хэлэлцээр эхлэхээс өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп тавдугаар сарын 10-наас Хятадын бараа бүтээгдэхүүнд ногдуулах татвараа 10 хувиас 25 болгон нэмнэ хэмээн “сүрдүүлсэн”.
Ингэх шалтгаанаа хэлэлцээрийн явцад Хятадын тал тохиролцооноосоо татгалзсантай холбон тайлбарлаж байв. Харин Бээжингийн зүгээс “Хятад улс харилцан хүндэтгэлтэй хандаж, эрх тэгш, харилцан ашигтай байх зарчим нь хэлэлцээр хийх үндсэн нөхцөл гэж үзсээр ирсэн. Татварыг нэмэгдүүлэх нь ямар ч асуудлыг шийдвэрлэж чадахгүй. Хэлэлцээр гэж хэлэлцүүлгийн үйл явц, Талууд зөрөлдөх бол хэвийн зүйл. Хятадын тал хэлэлцээг үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа” гэх хариу тайлбарыг хэвлэлд өгсөн байдаг. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт болсон 11 дэх удаагийн хэлэлцээрийн дараа Д.Трампын байр суурь өөрчлөгдөж, хоёр их гүрний хооронд өрнөсөн худалдааны дайныг дуусгавар болгож магадгүй гэдгээ сэтгүүлчдэд мэдэгджээ.
Тэрбээр өнгөрсөн удаагийн “сүрдүүлэг” нь хоёр орны худалдааны хэлэлцээрийг түргэсгэхэд нөлөөлсөн гэдгийг дурьдаад, “Бид тохиролцоонд хүрэхэд тун ойртсон байтал тэд зарим амлалтаасаа буцаж, дахин хэлэлцэх санал гаргаж эхэлсэн” хэмээсэн байна. Тэдгээрийн нэг нь оюуны өмчийн хамгаалалтын асуудал байжээ. Харин энэ удаагийн хэлэлцээрийн үеэр тэрбээр БНХАУ-ын дарга Ши Жиньпинээс тун нааштай захидал хүлээн авснаа мэдэгдлийнхээ үеэр онцолсон байна.
Тодруулбал, “Саяхан би Хятадын дарга Ши Жиньпинээс гоё захидал хүлээж авсан. Тэр хамтарч ажиллаад үзье, ямар үр дүнд хүрэхийг нь харцгаая гэсэн байна. Надад Ши дарга их таалагддаг. Тэр миний сайн найз. Гэхдээ би АНУ-ыг, тэр БНХАУ-ыг төлөөлж байгаа учраас бидний ажилд хувийн харилцаа нөлөөлөх ёстой” хэмээн Д.Трамп ярьжээ. Хоёр орны удирдагчид өнгөрсөн жил “Их-20” бүлгийн орнуудын төрийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалтын үеэр асуудлыг 90 хоногт хэлэлцэн шийдвэрлэх тохиролцоонд хүрч байв. Гэвч, өнөөдрийг хүртэл эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа тул АНУ-ын шахалт үзүүлж, Ерөнхийлөгч Д.Трамп ч ноцтой мэдэгдэл хийхэд хүрч байв. Тэрбээр АНУ-ын дараагийн сонгууль хүртэл асуудлыг удаашруулах оролдлого хийж байна хэмээн Хятадын талыг буруутгаж буй юм.
Энэ талаар “Хятад улс 2020 оны ерөнхийлөгчийн сонгууль болохыг хүлээж болох бөгөөд Ардчилсан намаас нэр дэвшигч сонгуульд ялах аз тохиовол тэд АНУ-аас жилд 500 тэрбум ам.доллар хулгайлсаар байх болно. Худалдааны хэлэлцээрийг миний Ерөнхийлөгчийн албыг хаших хоёр дахь удаагийн хугацаанд байгуулвал хэлэлцээр илүү дор болно гэдгийг тэд мэдэж байгаад гол асуудал оршиж байна. Хэлэлцээрийг одоо л байгуулах нь ухаалаг шийдвэр” хэмээн үзэж байгаагаа тэрбээр мэдэгдсэн билээ.
Үүнээс гадна Хятадын бараа бүтээгдэхүүнд өндөр татвар ногдуулах нь АНУ-д ашигтай гэдгийг онцолж байв. Дашрамд дурьдахад, АНУ-БНХАУ-ын худалдааны дайн бүс нутагт төдийгүй, манай улсад ч нөлөө үзүүлэх магадлалтай гэдгийг судлаачид хэлдэг. Ерөнхийдөө сөргөөр нөлөөлнө гэдгийг онцолж байгаа юм. Тодруулбал, юун түрүүнд экспортын бүтээгдэхүүний үнэ буурахад, мөн хөрөнгө оруулагчдын итгэл сулрахад нөлөөлж болзошгүй юм байна.
Учир нь зэс, алт, ашигт малтмалын үнэ эдүгээ өсөхгүй байгаа нь тус худалдааны дайны улмаас Хятадын эдийн засаг сулрана гэх хүлээлт хөрөнгийн зах зээлд үүссэнтэй холбоотой аж. Түүнчлэн, зарим хүмүүс АНУ-ын хоригт өртсөн бүтээгдэхүүнийг Монголд үйлдвэрлэж, БНХАУ руу экспортлох, БНХАУ-д хоригт өртсөн АНУ-ын хөрөнгө оруулалтыг Монгол руу татах гэх мэт санал санаачилгыг гаргадаг ч, бодит байдалд хэрэгжих магадлал сул гэнэ. Ерөнхийдөө олон улсын эдийн засаг, зах зээл нэг нэгээсээ өндөр хамааралтай болсон энэ үед хөршийн хямрал манай улсад сөргөөр нөлөөлөх нь гарцаагүй юм. Харин АНУ-БНХАУ асуудлаа хэлэлцээрийн зарчмаар шийдвэрлэх нь манайд учрах эрсдэлийг бууруулах боломжтой гэж үзэж болохоор байна.