ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

А.Эрдэнэбилэг: Шинжээч эмчид 500 мянган төгрөг өгөөд дуртай хүнээ гэмт хэрэгтэн болгодог

O.Admin
2018-06-08

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эмч нар бусдаас авлига авч хуурамч дүгнэлт гаргаж иргэдийг хилсээр шоронд суулгаж байгаа асуудлаар “Төрд гомдогсод” ТББ-ын тэргүүн А.Эрдэнэбилэг өчигдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр түүнээс цөөн асуултад хариулт авлаа. 

-ШШҮХ-ийн эмч нар хуурамч дүгнэлтийн улмаас хэн хилсээр шоронд суусан бэ?
-2018 оны тавдугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Э гэдэг залуу нэг жил, гурван сар хорих шийдвэр сонссон. Шүүх тус шийдвэрийг шүүх эмнэлгийн эмч нарын дүгнэлтэд үндэслэн гаргасан. Тодруулбал, өнгөрсөн оны аравдугаар сарын 19-ний өдөр Бөхийн өргөөний орчимд Э авто осол гаргаж, хоёр хүнийг гэмтсэн байдаг. Тэр хоёр хүний нэг нь зүгээр, нөгөөх нь хүндэвтэр гэмтэл авсны улмаас зургаан хоног эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгээд гарсан. Уг авто осолд шинжилгээ хийхээр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс Б.Ундармаа гэдэг эмч томилогдон очсон юм билээ. Тэр эмч нарийвчилсан үзлэг шинжилгээ огт хийгээгүй. Харин хохирогч А.Хуламергений өвчний түүхтэй танилцаж, гурван минут орчим хугацаанд үзлэг хийсэн болоод л явсан байдаг. Тэгсэн атлаа шүүхийн шинжилгээний дүгнэлтдээ өвчний түүхээс хоёр гурван өгүүлбэр оруулангуутаа, огт байхгүй олон өвчнийг зохиож бичсэн.

-Ямар өвчнийг нэмж бичсэн бэ? 
-Дүгнэлтдээ өвчний түүхэнд огт байгаагүй “Тархины дунд зэргийн няцрал, нүүрний ясны хугарал” гэсэн маш ноцтой хүнд гэмтэл учруулсан мэтээр бичсэн байсан. Хариуцагч Э Б.Ундармаа эмчийн гаргасан дүгнэлтэд эсэргүүцэл гаргахад О.Болороо, Ш.Одон­­чимэг нараар хоёр дахь шат­ны шинжилгээг хийл­гэ­сэн. Тэдгээр шинжээчид Б.Ундармаа эмчийн дүг­нэлт “Хуулийн хүрээнд хийгд­сэн. Үнэн зөв гарсан байна” гэж дүгнэсэн. Тэр шинжилгээг нь дахин эсэр­гүүцэхэд Ч.Нандинцэцэг, Ө.Сарангэрэл, Б.Гангэрэл, Б.Даваасүрэн, Н.Энхцолмон гэсэн таван эмчийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн баг дахин ажиллаад “Б.Ундармаа эмчийн дүг­нэлт зөв” гэж дүгнэсэн. Уг дүгнэлтийг гаргасан ШШҮХ-ийн есөн эмч бусдын даалгавраар уу, эсвэл мөнгө авсан уу гэдгийн аль нь болохыг мэдэхгүй ч огт байхгүй өвчнийг санаанаасаа зохиогоод шүүхийн эмнэл­гийн дүгнэлтээ гаргасан. 

-Шүүх шинжилгээнд хяналт тавьсан найман эмч ямар материалд үндэслэн дүгнэлтээ гаргасан юм бол?
-Гурав дахь шатны дүгнэлтийг гаргасан таван эмч “Б.Ундармаа эмчийн баримт материалд үндэслэн дүгнэлтээ гаргалаа” гэсэн байдаг. Тэгэхдээ Б.Ундармаа эмчийн зохиож бичсэн өвдөг, шилбэ гэмтсэн зэрэг өвчний түүхэнд огт байхгүй баахан зүйлийг баримтаа болгосон байсан. Би ШШҮХ-ийн дарга нартай уулзаад танай Б.Ундармаа гэдэг шинжээч буруу дүгнэлт гаргасан байна. Энэ хүнийг хэзээ, хэний тушаалаар шинжилгээ хийлгэхээр томилсон бэ гэж асуухад арванхоёрдугаар сарын 20-ны өдөр н.Цэцэгмаа эмч, 24-ны өдөр Б.Ундармаа эмчийг томилсон гэж хэлсэн. Жижиг авто осол гэмтэл дээр яагаад хоёр хүн томилогдсон бэ гээд тодруулахад “Шүүх шинжилгээнд ирсэн гомдлын дагуу эмч нар томилогдохдоо энэ ч миний хамаатан, тэр ч тэрний хамаатан гээд өөрсдийгөө томилуулаад явдаг гэдгийг шүүх эмнэлгийнхэн хэлсэн. 

-Үнэн гэж үү?
-Шүүх эмнэлгийнхэн гэмт­лийн зэрэг тогтоохдоо авли­гаар дүгнэлтээ гаргадаг. Өөрөөр хэлбэл, шинжээч эмчид 500 мянган төгрөг өгөөд дуртай хүнээ гэмт хэрэгтэн болгож болгодог юм байна. ШШҮХ-д 30 гаруй шинжээч эмч ажилладаг юм билээ. Эдний ес нь худлаа дүгнэлт гаргаж байна. Энэ есөн шинжээчийг шалгуулах асуудлаар би цагдаад хандана. Захиалгаар худлаа дүгнэлт гаргадаг эмч нар шүүх эмнэлгээр дүүрсэн байна. “Бандаашны хэрэг”-т тус эмнэлгийн эмч нар ямар асуудал гаргасныг та бүхэн мэднэ. 

-Шүүхийн шинжилгээг хийсэн эмчийг шүүх хуралд оролцуулсан уу?
-Б.Ундармаа эмч шүүх хуралд оролцсон. Шүүх хурлын үеэр А.Хуламергений өвчний түүхэн дээр тархины няцрал гэдэг ямар ч онош байхгүй байна. Яагаад ийм зүйлийг бичсэн бэ гэж асуусан чинь “Компьютер томографын шинжилгээний зурган дээр нягтрал гэсний урьд тоо гарсан байгаа. Энэ бол тархины няцралын томъёо”  гэж хэлсэн. Мөн “Өвчний түүхэн дээр орос хэлээр няцрал гэдгийг бичсэн байсныг би орчуулж бичсэн” гэснийг шүүх хүлээн аваад шийдвэрээ гаргачихсан. 

-Та яагаад эмч нарын дүгнэлт хуурамч гэж үзээд байгаа юм бэ?
-Шүүх эмнэлгийн эмч нарын гарын авлага болсон хоёр ном байдаг юм билээ. Тэр номонд “Тархины няцрал нь хөнгөн, дунд, хүнд гэсэн гурван төрөлтэй. Тархины няцрал болсон хүн хамгийн түрүүнд ухаан алдана гэсэн байсан. А.Хуламерген огт ухаан алдаагүйгээр барахгүй зургаан хоног эмнэлэгт эмчлүүлээд л гарсан. Цаашлаад цус харвана, комын байдалд орно гэж заасан байдаг юм билээ. Мөн “Тархины няцрал болсон хүнийг 1-2 сараас дээш хугацаанд хэвтүүлж эмчилнэ гэсэн байсан. Үүнээс дүгнэж үзвэл ШШҮХ-ийн есөн эмч бүгдээрээ тархины няцрал гэдгийг мэддэггүй, эвсэл бүгдээрээ авлигач. Эдгээр эмч нар бүгд луйварчин. Энэ бүхнээс үзвэл шоронд байгаа хүмүүсийн тал нь гэмт хэрэг хийгээгүй байх боломжтой. Шүүх эмнэлгийн эмч нарын хуурамч дүгнэлтийн улмаас хилсээр ял үүрсэн байхыг үгүйсгэхгүй. Монгол улс хэлмэгдлийн орон болсон байна. Шүүх эмнэлгийн авлигач нарыг шоронд нь хатаасан цагт л шударга ёс тогтож магадгүй. 

Б.Саран-Учрал