ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Сүндий: Нийгэм биднээс шударга ёс, өөрчлөлтийг хүсэж байна

O.Admin
2019-05-22

Энэ удаагийн “Ярилцах танхим” буландаа “Сүндий” сангийн тэргүүн, Нэткапитал санхүүгийн группын ТУЗ-ийн дарга Доржрэнцэнгийн Сүндий урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

-Сүүлийн үед улс төрийн нөхцөл байдал, нийгэмд үүсч буй уур бухимдал, иргэдийн амьдрал доошилж буй энэ бүхнээс яриагаа эхэлье гэж бодож байна. Өнөөгийн үүсээд байгаа нөхцөл байдлын үндэс, суурь шалтгаан юу гэж та бодож байна вэ? 

-Гучин жилийн өмнө монгол­чууд бид улс төрийн ард­чил­сан, эдийн засгийн  чөлөөт зах зээлийн тогтолцоог байгуулах замыг эргэлт буцалтгүй сон­гож зорилгоо Үндсэн хуулин­даа буулгасан. Учир нь энэ тогтолцоог бүрдүүлсэн олон улс орон иргэдийнхээ амьдралын түвшинг харьцангуй богино хугацаанд эрс сайжруулж чадсаныг түүх харуулсан юм. Харин бид энэ замаараа тууштай явахын оронд ихээхэн төөрч будилах боллоо. Төр засгийн эрх мэдэл иргэдээсээ олигархид шилжиж, эдийн засаг хямарч, иргэдийн амьдрал сайжрахын оронд саарах боллоо. Аргаа барсан Монголчууд хөдөөнөөс хот руу хотоос гадаад руу тасралтгүй цувж байна. Улсын хүн амын хагас нь нийслэлд, зургаан хувь нь гадаадад амьдарч байна. Улс төрийн ардчилсан тогтолцоо бэхжиж чадахгүй байгаа нь төрийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалт чадавхигүй, амин хувийн эрх ашгийг бодсон улс төрчид төрд шургалснаас энэ бүхэн үүдэж байна гэж харж байна. 

-Манай улсад тэгш боломж, нийгмийн дав­хар­гын ялгаа асар их мэдрэгдэж байна. Үүнийг өөрчлөхийн тулд бид юун дээр анхаарч, ямар зүйл хийх ёстой вэ? 

-Аливаа улсын хөгжилд дорвитой хувь нэмэр оруулдаг хэсэг нь дундаж давхаргынхан байдаг. Гэтэл байгаа, байхгүйн хооронд урд хормойгоороо хойдохоо нөхөн, нийгмийг нуруун дээрээ авч явдаг дундаж давхаргынхны эгнээ сарнин замхарсаар, харин эсрэгээрээ ядуучуудын тоо хурдацтай өсч байгаа нь гашуун үнэн. Өнөөдөр манай улсад огт орлогогүй өрхийн тоо өмнөх жилийнхээс 30 гаруй мянгаар өсчээ. Энэ нь сар бүр 3000, өдөр бүр 100 өрх ядуурлын доод туйл руу унасан гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, нийгмийн боломжоос сүүлдэж хүртсэн, тэгш бус өрсөлдөөнд оролцож буй хэсгийг өнөөгийн элит давхаргынхан гадуурхаж, шахаж эхэлсэн. Магадгүй хатуу сонсогдож болох ч бодит үнэн. Харин шударга нийгмийн өрсөлдөөн хэрхэн явдаг вэ гэвэл, түрүүлж боломжийг хүртсэн хэсэг нь дараагийнхдаа зааж сургахын сацуу ажлын байраар хангах, соёл, суртахуунд сургах тал дээр анхааран ажиллаж дэмжих учиртай. Хэрэв боломж бүх хүнд тэгш байдаг бол нийгмийн давхаргын ялгаа гарахгүй.

Гэтэл одоогийн нийгэмд үүсч буй нөхцөл байдлаас харвал нийгмийн хөгжилд түүчээлэн, соён гэгээрүүлэх их үйлсэд зүтгэх учиртай, боловсролтой удирдагч, хэмээн бодож буй хүмүүс нь оюуны мухардалд ор­чих­сон, баялгийн тэгш бус хуваарилалт гэх ойл­гол­тыг хэвийн үзэгдэл мэтээр хүлээж авч байгаа нь нийгмийн завхарлыг улам ихээр нэмэгдүүлж байна. Үүний сөрөг үр дагавар нь улсаа хөгжүүлэх боломжийг эрэлхийлж, зүтгэж буй шинэ үеийн залууст шантрах нөхцөл байдлыг үүсгэж бай­гаа нь анзаарагдсаар байна. XX, XXI зуунд үйлдвэрлэл эдийн засгийн хөшүүрэг байсан бол орчин цагт мэдээллийн технологид суурилсан программ хангамж илүү эрэлттэй байна. Манай залуус энэ салбарт дэлхийд танигдах хэмжээнд хүрэх чадвартай болсон нь давуу тал. Тиймээс тодорхой бодлогыг төрөөс хэрэгжүүлнэ гэж хүлээж суулгүй дэлхийд хүч түрэн гарч ирэх арга замыг эрэлхийлэх нь зүйтэй. Харин үүн дээр хамтдаа зүтгэж, залуучууд үзэл бодлоороо нэгдэх шаардлагатай.

-Гэхдээ үүнд төрийн оролцоо тодорхой хэм­жээнд шаардлагатай байх тийм үү? 

-Төрийн оролцоо гэдгийг зөв талаас нь харж бас ойлгох ёстой. Төрийн оролцоо гэдгийг бизнесийнхэнтэй зэрэгцээд компани байгуулан ажиллахыг, иргэдийн болом­жийг хулгайлахыг хэлдэггүй. Харин ажиллах зарчмыг нь тодорхой болгож, хяналт тавьж, тухайн салбарынхан хууль дүрмийг биелүүлж байгаа эсэх дээр анхаарал хандуулж, төрийн данхар бүтцийг багасгах хэрэгтэй. Хамгийн чухал нь төрийн хүнд суртал. Данхар бүтэц байх тусам их хүн ажиллана, зардал өндөр, хүнд суртал оршсоор байна. Хүнээс хэт хамааралтай байх тусам хүнд суртал байсаар л байна. Ер нь хүнд суртал ард иргэдэд хамгийн хүнд цохилт болдог. Тиймээс улсын эдийн засгийг нуруундаа үүрч яваа иргэдийн ачааг хөнгөлөхийн тулд хүнд суртлыг арилгах ёстой. Үүний тулд төрийн албан хаагчдийн тоог бууруулах алхмыг нэн тэргүүнд хийх хэрэгтэй гэж боддог. Төрийн оролцоо томрох тусам авлига тэлж, хувийн хэвшил хумигдаж, улмаар эдийн засгийн жам ёсны хөгжлийг гацааж, ажилгүйдэл, ядуурлыг бий болгож байгаа юм.  

-Сүүлийн үед ЖДҮ буюу жижиг, дунд үйлд­вэр­лэлтэй холбогдсон асуудал нэлээдгүй яригдаж байна. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ? 

-Тийм ээ. Энэ асуудал зайлшгүй хөндөх сэдвүүдийн нэг. Зүй нь бидний толгойны өвчин болоод удаж буй ядуурал, ажилгүйдлийн түвшинг бууруулах гол арга бол жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх байдаг. ЖДҮ-г хөгжүүлснээр дотоодын ажлын байр нэмэгдэж, өнөөх ажилгүй байгаа залуучууд ажилтай орлоготой болж улмаар тэдний цаана байгаа өрх гэрийн амьжиргаа дээшилнэ гэсэн үг. Гэтэл төр нь тэр дундаа иргэдийн итгэл үнэмшлээр сонгогдож гарсан гишүүд нь мөнгийг нь хулгайлаад байхаар ЖДҮ нь ч хөгжихгүй, ядуурал нь ч буурахгүй байна. Баг зүүсэн хуурамч дүр үзүүлсэн эрх мэдэлтэй хэсэг хүмүүс нь бага хүүтэй авсан зээлээсээ олсон орлогоо далд эдийн засаг руу шингээж, улс төрийн хээл хахуульд зарцуулдаг учраас энэхүү мөнгө нь тухайн үйлдвэрлэлээ өргөжүүлэх ажилчдын цалинг нэмэгдүүлэх зэрэгт зарцуулагдахгүй. Энэ бол ёс суртахууны хувьд ч буруу, эдийн засгийн хувьд ч үр ашиггүй болохыг харлаа. Зөвхөн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан гэлтгүй. Хөгжлийн банкны маш их хэмжээний бондуудын мөнгө ихэнх нь ийм замаар явж, улс орны хөгжилд хувь нэмэр оруулж чадаагүй. Үүнийг одоо бид хараад суудаг хуучны хэвшмэл байдлыг халах цаг ирсэн гэж бодож байна. Тэр ч утгаараа нийгэмд өөрчлөлтийг бий болгоё, залуучуудыг нэгтгэе, зөв зүйлд уриалж ажиллая гэдэг утгаараа өөрийн нэрээр нэрлэсэн “Сүндий сан” гэж байгууллагаараа дамжуулан үйл ажиллагаа тогтмол явуулж байна. 

-Сайхан мэдээ байна. Та сангийхаа талаар болоод өнгөрсөн хугацаанд ямар ажлуудыг хийж бүтээсэн талаараа дурдвал ...? 

-Миний хувьд санхүүгийн салбарт 10 жил ажиллаж өөрийн компаниа тодорхой хэмжээнд байр суурийг нь бэхжүүлсэн гэж боддог. Харин одоо нүдэн дээр хар бараан зүйлүүд ар араасаа хөвөрч буй энэ цаг үед түнэр харанхуйг зүхэж суухаар ганц ч гэсэн лаа асаая гэдэг шиг нийгэмд болж бүтэхгүй асуудалд шүүмжилж суух бус өөрийн чадах чинээгээр хувь нэмрээ оруулах үүднээс “СҮНДИЙ” гэж өөрийн нэрээр сангаа нэрлэж, үйл ажил­лагаагаа явуулаад  жилийн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд бид гэр хорооллын захын сургуульд суралцаж буй 10 мянган хүүхдэд иж бүрэн хэрэгсэлтэй цүнх өгөх “10000 инээмсэглэл” төсөл, Эх үрсийн баяраар 1000 хүүхдэд гарын бэлэг өгөх “Сэтгэлийн бэлэг” төсөл, улсын хэмжээнд ЕБС-ийн 11 болон 12 дугаар ангид суралцаж буй 55 мянган сурагчид англи хэл, математикийн элсэлтийн шалгалтад бэлтгэх өврийн номыг бэлэглэх “Бяцхан туслагч” хэмээх боловсролын салбарт чиглэсэн томоохон төслийг хэрэгжүүлж байна.Мөн “Цагаан сэтгэл” аян буюу Чингэлтэй дүүргийн 55-аас дээш насны ахмад гишүүнтэй өрх бүрт хүндэтгэл үзүүлэн гялгар уутыг хэрэглэхийг хориглож эхэлсэнтэй холбогдуулан эко даавуун торыг бэлэглэж байна. Тус аяны гол зорилго нь  Монгол улсынхаа хөгжил дэвшил, хойч үеийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж, уйгагүй зүтгэж ирсэн ахмад буурлуудынаа санаа оноо, санал бодлыг сонсож цаашид хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар ярилцаж “Сүндий” сангийнхаа ажлын төлөвлөгөөндөө тусгаж өгч байгаагаараа онцлогтой юм. Мөн саяхан болсон Тусгай олимпийн наадамд хэвлэлийн ивээн тэтгэгчээр оролцсон байгаа. 

-Саяхан болоод өнгөрсөн хүн төрөлхтний эв нэгд­лийн илэрхийлэл болсон Дэлхийн ТУСГАЙ ОЛИМП-2019 наадамд Монголын баг тамирчдыг ивээн тэтгэж оролцсон байсан. Энэ талаараа мэдээлэл өгвөл ...? 

-Тийм ээ тусгай олимп гэдэг бол оюуны бэрхшээлтэй хүмүүсийн дунд явагддаг дэлхийн хамгийн том хөдөлгөөн гэж хэлж болно. Арабын нэгдсэн эмират улсын Абу Даби хотноо дэлхийн 190 гаруй орны 7500 орчим тамирчид чуулж, тусгай олимпын наадамд хагас сарын хугацаанд оюун ухаан, бие махбодийн хосолмол тэвчээр, ялалт ялагдлын төлөө бүхий л чадлаараа өрсөлдсөн. Монгол Улсын шигшээ баг анх удаа хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй буюу 28 тамирчид тус олимпийн наадам оролцож, гурван алт, долоон мөнгө, найман хүрэл нийт 18 олимпийн медалийг эх орондоо авч ирлээ. Хамгийн гол нь бидний дэмжиж ажилласан шалтгаан бол оюуны бэрхшээлтэй хүмүүс биднээс ялгаагүй, тэдэнд ч гэсэн хүсэл мөрөөдөл, амжилтын төлөөх тэмүүлэл, эр зориг, хатуужил байдгийг хүмүүсд ойлгуулж, тэд эх орныхоо төлөө ямар их зүйл хийж чаддагийг харуулах зорилготой байсан. Энэ маань ч биелэсэнд сэтгэл хангалуун байна даа. 

-Маш сайхан мэдээ байна. Таны хувьд “биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэдэг шиг хийж буй ажлууд тань иргэдэд үр өгөөжөө өгөх нь ойлгомжтой байхаа танай сангийн хамт олонд амжилт хүсье. 

-Баярлалаа. Миний бие хуримтлуулсан туршлага, мэдлэгтээ түшиглэн улс орныхоо хөгжлийн гацааг хараад суухыг үл хүсч, хамтдаа нэгдэж эерэг нийгмийг бүтээхийн төлөө зүтгэцгээе залуучуудад хэл­дэг. Бид энэ бүхнийг өөчилж чадна гэдэгт итгэж байна.  

-Ярилцсанд баярлалаа. Цаашдын ажилд нь амжилт хүсье.