Энэ удаагийн “Эгэл амьдрал” буландаа Монголын мэргэжлийн анхны эмэгтэй хөөмийч Ч.Баяржаргалыг урилаа. Тэрбээр Завхан аймгийн Идэр сумын харьяат бөгөөд урлагийн гэр бүлээс гаралтай гэдгийг нутаг усаараа мэдэх билээ.
-Танай гэр бүлийг багаасаа мэднэ. Бүгд л урлагийн авьяастай сайхан дуулдаг хүмүүс байдаг. Та хэд ч эцэг, эхийнхээ замналаар урлагт зүтгэж явна?
-Тийм ээ. Манай аав, ээж, эгч, хоёр дүү маань урлагийн авьяастай. Нутагтаа манайхан урлагийн авьяастай гэр бүл хэмээн үнэлэгдэж, хүндлэгдэж явдаг. 2008 оны Завхан аймгийн авьяаслаг шилдэг гэр бүл болж байсан. Одоо хэр нь бүгд урлагийн зам мөрөөр явж байна.
-Анх жүдо бөхөөр хичээллэж байсан гэж сонссон. Яаж яваад урлаг руу хөл хальтирчихсан юм бэ. Тэр дундаа хөөмийн урлагийг яагаад сонгох болов. Эсвэл гэр бүлийнхэн тань нөлөөлөв үү?
-2001 онд Улаанбаатар хотод ирээд “Женко” клубт жүдо бөхийн секцэд явж эхэлсэн. Анхны багш маань МУГТ Ш.Цэвэлмаа. Олон гавьяатуудыг төрүүлсэн мундаг багш бий. Спортоос урлаг руу орсон замнал минь нэлээд түүхтэй. Хүүхэд ахуй цагаа хөдөө нутагт өнгөрүүлсэн. Тиймээс өөрт оногдсон ямар ч ажлыг голохгүй хийдэг. Түүнээс гадна, өөрөө биерхүү, чийрэг хүүхэд байсан болохоор спортод маш их элэгтэй. Сурагч байхдаа сургуулиас зохион байгуулдаг тэмцээн уралдаанд их идэвхтэй оролцдог байлаа. Амралтаараа жуулчны тоглолт үзээд, анх хөөмийн урлагийг мэдэрсэн. Надад хөөмийг сурчихмаар юм шиг мэдрэмж төрсөн. Тэгээд эргэлт буцалтгүйгээр хөөмийн урлаг руу орсон доо.
-Гэнэтийн шийдвэр гаргажээ?
-Тийм ээ. Тэгээд л спортоо орхиод эргэлт буцалтгүй урлагийн зам руу хөтлөгдсөн дөө. СУИС-д хөөмийн анги шинээр нээгдсэн гэж сонсоод, багшийг нь олж уулзах гэж нэлээд хөөцөлдсөн. МУУГЗ, алдарт хөөмийч, профессор Б.Одсүрэн багштайгаа анх таарсан. Багш маань 2006-2007 онд ганцаарчилж хөөмий зааж сургасан. 2008 онд СУИС-д шалгалт өгөөд тэнцсэн. Шалгалтад нэлээд бэлдсэн. Багшийнхаа заасан заавар зөвлөгөөг сайтар дагасны хүчинд сургуульдаа тэнцэж чадсан. Манайхан гурав дахь анги нь болж байсан юм. Есөн эрдэнийн орон шиг есөн хүүхэд орж байлаа. Би ангидаа ганц эмэгтэй нь. Манай ангиас хичээлээ орхиод явсан нэг ч оюутан байгаагүй. Есүүлээ төгссөн.
-Хөөмий сурахад хэцүү байв уу. Хэн дуртай нь хийгээд байдаггүй урлагийн төрөл шүү дээ?
-Мэдээж хэцүү. Учраа олохгүй явсан үе ч бий. Хөөмийд хэлний хөдөлгөөн болон сонсгол маш чухал үүрэгтэй. Нүд эрээлжлэм олон нот дунд хөгтэй, хөгжилтэй зүйл нэлээд тохиолдоно. Олон мундаг багшийнхаа зааж сургасан зүйлийн хүчинд энэ дайны явна даа. Мэргэжлийн гэдэг талаасаа бол анхны эмэгтэй хөөмийч юм.
-Шантрах үе байв уу. Орхиод гараад гүймээр санагдаж байсан биз дээ?
-Байлгүй яах вэ дээ. Багшийнхаа заасан сургасан бүхнийг хөсөр хаяхгүй, итгэлийг нь алдахгүй гэсэн бодлоор явж ирсэн. Багш маань үе, үе хатуурхана. Үүний хүчинд хөөмийн урлаг ахиц дэвшилтэй яваа байх. Олон мундаг залуусыг төрүүлж байна. Ардын үндэсний язгуур урлагийн олон хамтлаг төрөн гарсан. Тэд дэлхий нийтэд үнэлэгдэж явна. Бид төгссөн гэлтгүй одоо хэр нь багштайгаа байнга холбоотой байж, заавар зөвлөгөөг дагасаар байна.
-Урын сандаа хэчнээн бүтээлтэй вэ?
-Миний хувьд судалгааны үндэслэлтэй бүтээл гаргахыг илүүд үздэг. Сэтгэлийн хөөрлөөр бус чанарт илүү анхаардаг. Нэлээд судалсны үндсэн дээр Говийн догшин хутагт Д.Данзанравжаагийн “Үлэмжийн чанар”-ыг хөөмийлсөн. Хоёр том клиптэй уран бүтээл болсон. Эхний клип нь Д.Данзанравжаа гуайн өөрийнх нь нутагт хийсэн. Дараагийнх нь монгол ахуйгаа илүү харуулсан байдлаар дүрсжүүлсэн. Монгол хүн Монголын өв соёлыг тээгч, өвлүүлэн уламжлагчийнхаа хувьд хөөмийн урлагийг сурталчлан таниулан дэлгэрүүлэх үүднээс орон нутгаар явж хөөмий, морин хуур, цуур, төмөр хуур, хулсан хуур, аяган товшуур зэрэг хөгжмийн соёлоо нэгтгээд теле концертоо хийсэн. Мөн өөрийн төрсөн нутаг болох Завхан аймгийн таван суманд хүүхдүүдэд үндэсний өв соёлын талаар өөрийнхөө сурсан мэдсэнээ сурталчлан таниулах үүднээс, илтгэл, лекц тавьсан.
-Анхны тоглолтоо хийсэн шүү дээ. Хэдэн онд хийлээ?
-“Цаст уулын цуурай” нэртэй анхны бие даасан тоглолтоо хийсэн. Мундаг багш нарынхаа хүчинд тоглолт их сайхан болсон. Одоо цомгоо гаргах гээд ажиллаж байна. Бэлтгэл ажил 40 хувьтай байна.
-Спортоос урлаг руу орсон. Энэ хоёрын ялгаа юу байна вэ?
-Хөөмийн урлаг хүнд шүү дээ. Биет бус урлаг учир маш нарийн техниктэй. Спорт хүнийг тэсвэр тэвчээртэй болгож чаддаг. Спорт, урлаг гэдгээрээ ялгаатай болохоос тэсвэр тэвчээр, ур ухаан шаарддаг гэдгээрээ бол адилхан.
-Нэг үеэ бодвол хөөмийн урлаг сэргэж эхэлжээ. Энэ төрөлд олон сайхан хамтлаг ч бий болж байна. Чанартай уран бүтээлчид олноороо төрөн гарч байна?
-Монголын үндэсний язгуур урлаг хэзээ ч мөхөхгүй. Нүүдэлчин соёл иргэншил маань ийм том өв соёлтойгоо нэгдэн нийлж ирсэн байдаг. Цаашид ч олон сайхан бүтээл, хамтлагууд төрөн гарна гэдэгт огт эргэлздэггүй. Морин хуур, уртын дуу, хөөмийгүйгээр монголчуудыг төсөөлөхөд бэрх. Тиймээс улам л түгэн дэлгэрнэ. Хамгийн түрүүнд хүнд
ёс зүйтэй байхыг сургадаг даа.
-Эмэгтэй хөөмийч хэр олон байна вэ?
-Сүүлийн үед эмэгтэйчүүд төрөн гарч байна. Мундаг, мундаг бүсгүйчүүд бий. Гадаадад уран бүтээл хийж яваа хүмүүс ч байгаа.
-Хөөмийн урлагийг дотор нь хэд ангилдаг юм бэ. Уран бүтээлчдийг сонсоход дуугаралт нь өөр өөр байдаг?
-Олон ангилдаг. Эрдэмтэн багш нар янз бүрээр хуваасан байдаг. Зарим нь гурав хуваахад арав гаруй төрөлд нэрлэх нь ч бий. Миний хувьд 5-6 төрлөөр хөөмийлдөг. Хархираа, исэргээ, хэлний гэх зэргээр явж өгнө. Одоо хэр нь суралцсаар явна. ОХУ, БНХАУ руу тоглолтоор явж байсан. Гадны улс орнуудад явахад эмэгтэй хүн хөөмийлж байхыг хараад тэд маш их сонирхдог. Тиймээс үндэсний өв соёлоо Монголдоо төдийгүй дэлхийн хэмжээнд таниулах үүднээс өөрийнхөө хүчин чадлыг бүрэн дайчилна хэмээн зориод явж байна.