БНХАУ-ын Чиндао хотод болж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалттай зэрэгцэх шахам Канадын Кебек мужид эхэлсэн Их долоон гүрний удирдагчдын уулзалт бямба гарагт өндөрлөлөө.
Дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай орнуудын удирдагчид болох Британий ерөнхий сайд Тереза Мэй, Германы канцлерь Ангела Меркель, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Канадын ерөнхий сайд Жастин Трюдо, Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон, Японы ерөнхий сайд Шинзо Абэ, Италийн ерөнхий сайд Жюзеппе Конте нар уулзалтад оролцов.
Уулзалтаар эдийн засгийн хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцсэн бөгөөд төрийн тэргүүнүүдийн хооронд том мэтгэлцээн өрнөөд амжжээ. Ялангуяа АНУ болон бусад холбоотнуудын хооронд өрнөж буй худалдааны зөрчил уулзалтын гол сэдвийн нэг байсан аж. Тодруулбал, АНУ бусад улсаас авах импортын бараандаа өндөр татвар ногдуулах болсон бол эсрэгээр бусад нь хариу арга хэмжээ авахаар бэлтгэж эхэлжээ. Тиймээс Их долоо татвар, худалдааны асуудлаар нэлээд удаан ярилцсан ч, дорвитой шийдэлд хүрч чадалгүй уулзалтыг өндөрлүүлсэн байна.
Д.Трампын тухайд өөрийн улсын баримталж буй импортын бараанд өндөр татвар ногдуулах байр сууриа онцолж байсан бол бусад улсын төрийн тэргүүнүүд олон улсын худалдаанд баримталдаг дүрэм, журмыг баримтлахыг уриалж байжээ. Уулзалт хоёр өдрийн турш үргэлжилсэн юм. Гэхдээ АНУ-ын Ерөнхийлөгч уулзалтыг дуусгалгүй Канадыг орхисон байна. Харин бусад төлөөлөгчид Дэлхийн худалдааны байгууллагаар дамжуулж, олон талт худалдааны хяналтыг шинэчилж, татварыг бууруулахаар тохиролцжээ.
Нөгөөтэйгүүр, АНУ ОХУ-ыг Их Долоогийн бүрэлдэхүүнд дахин нэмэх санал гаргасан ч, Их Британи, Франц, Герман, Италийн тэргүүнүүд эрс эсэргүүцсэн аж. Тус бүрэлдэхүүнд өмнө нь ОХУ багтаж, “Их найм”-ын уулзалтыг зохион байгуулдаг байсан боловч, Крымын зарим хэсгийг өөртөө нэгтгэсэн гэх шалтгаанаар хасагдаж байсан юм.
Д.Трамп ийн ОХУ-ын дахин их долоогийн бүрэлдэхүүнд нэмэх санал гаргасан ч, эсрэгээр Франц АНУ-ыг бүрэлдэхүүнээс хасах санаачилга гаргасан байна. Тодруулбал, Францын Ерөнхийлөгч Э.Макрон худалдааны зөрчилтэй холбоотойгоор АНУ-ыг хасч, цаашид Их зургаа болох боломжтойг анхааруулжээ.
Гэсэн ч, Д.Трамп уулзалтыг дуусгалгүй Умард Солонгосын удирдагч Ким Жон Унтай уулзахаар Сингапурыг зорьсон байна. Мөн Европын холбооны гишүүн орнууд нийлж, АНУ-ыг ганцаардуулах оролдлого хийж буйг шүүмжилжээ. Тэрбээр Канадыг орхихын өмнө хэвлэлийн бага хурал хийх үеэрээ “Европын холбоо АНУ-ыг ганцаардуулахыг оролдож байна. Тэд үүнийгээ мэдэж байгаа. Намайг ингэж хэлэхээр тэд инээдэг. Ийм арга одоо үеэ өнгөрөөсөн” гэж ярьсан байна. Харин Германы канцлер Ангела Меркел “Бид зөвхөн хууль журамд үндэслэсэн худалдаа хийхийг л хүсч байна” хэмээн хэвлэлийнхэнд ярьжээ. Их долоогийн дараагийн уулзалт ирэх жил Францад зохион байгуулагдах юм.