Маргааш Сингапурын Сентоза аралд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, БНАСАУ-ын төрийн тэргүүн Ким Жон Ун нар түүхэн уулзалт хийх билээ. Тэдний уулзалт орон нутгийн цагаар өглөөний 09:00 цагт эхлэх юм.
Тэгвэл өчигдөр уулзалтад оролцох хоёр улсын тэргүүнүүд Сингапурт очжээ. Д.Трамп Канадад зохион байгуулагдсан Их долоогийн уулзалтад оролцоод, Сингапурыг зорьсон бол өчигдөр Ким Жон Ун тус улсад хүрсэн байна. Тэрбээр Пхеньяны нисэх онгоцны буудлаас орон нутгийн цагаар 08.30 цагт хөдөлсөн аж.
Ким, Трамп нар уулзалт болохоос хоёр өдрийн өмнө ийнхүү Сингапурт очсон байх бөгөөд хоёул тус улсын төв хэсгийн зочид буудалд байрлаж буй гэнэ. Тодруулбал, Трамп Шангрила зочид буудалд байрлаж байгаа бол Ким “Режис” гэх тансаг зэрэглэлийн зочид буудалд буудаллажээ.
Өнөөдөр тэдэнтэй Сингапурын Гадаад хэргийн сайд Ли Сяньлун уулзалт хийх юм байна. Харин маргааш Сентоза арлын Капелла зочид буудалд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах, түүнчлэн эдийн засгийн хамтын ажиллагааны талаар АНУ, БНАСАУ-ын удирдагчид түүхэн уулзалт хийнэ.