Монголын үзэсгэлэнт байгаль, хүн зоны амьдрал ахуйг харуулсан гадны уран бүтээлчдийн цуврал нэвтрүүлэг, кино олон улсын дэлгэцнээ гарч буйн нэг тод жишээ нь “Вивант” юм.
Японы А зэрэглэлийн жүжигчид тоглосон уг бүтээл нь Монголд зураг авалтаа хийснээс гадна монгол жүжигчид тоглосон гэдгээрээ онцлог бөгөөд манай улсын хувьд том сурталчилгаа болж чадсан билээ. Тэгвэл энэ киноны гол дүрд тоглосон Японы алдарт жүжигчин Масато Сакайгийн Монголд өнгөрүүлсэн амьдралынхаа тухай Японы “tbs.co.jp”сайтад өгсөн сонирхолтой ярилцлагыг орчуулан хүргэж байна.
-Та дүрийнхээ тухай яриач. Таны тоглосон Есүкэ Ногигийн дүр ямар хүний тухай өгүүлэх вэ?
-Миний дүр болох Ноги нь Марүбиши корпорацийн Эрчим хүчний хөгжлийн хэлтсийн менежер, элит оффисын ажилтан. Гэвч гүйлгээ хийх явцдаа гэрээний мөнгөн дүнг буруу шилжүүлж, улмаар нөгөө мөнгөө олж ирэхийн тулд Бүгд найрамдах Балк гэх улс руу явдаг. Гэвч тэндээ дэлхий нийтийг хамарсан асар том эргүүлэгт ордог залуугийн дүр байгаа юм. Анх зохиолыг нь уншихдаа надаас их сорилт шаардсан хэцүү дүр байна гэж бодсон. Нэг үзэгдэлд өөрийгөө хоёр хувилж харуулах гэх мэтээр. /инээв/ Жүжигчин хүний хувьд надад айхтар том гэрийн даалгавар хийж байгаа мэт санагдаж байсан.
-Киноны зохиолыг бичиж, найруулсан Кацүо Фүкүзаватай хамтран ажиллахад ямар байсан бэ?
-Кацуо Фүкүзава найруулагчтай “Antarctica” цуврал киноноос хойш хамтран ажиллаж байна. Найруулагчийн хувьд ямар ч сорилтыг хүлээж авч чаддаг нь надад маш их урам зориг өгдөг. Фүкүзава найруулагч зөвхөн толгойдоо бодож жүжиглэхэд дургүй, дүрээ бие, сэтгэлээрээ мэдэрч, жинхэнэ сэтгэл хөдлөл гаргахыг шаарддаг. Зураг авалтын үеэр өөрийгөө амьд амьтан гэдгийг илүү мэдэрсэн. Манай кинонд шаардагдаж буй нэг том мэдрэмж нь энэ юм. Сэтгэлийн гүнээс гарах анир, сэтгэлийн гүнээс урсах сэтгэл. Үүнийг харуулж чадсан байх гэж бодож байна.
-Монголд хийсэн зураг авалт ямар байсан бэ?
-Монголд бараг хоёр сар байсан ч миний хувьд зүүд шиг л цаг хугацаа өнгөрлөө. 20 гаруй жилийн өмнө би аялалаар ирж байсан. Миний хамгийн дуртай улс. Энэ удаа зөвхөн Улаанбаатарт биш, говь цөлөөс гадна жуулчдын тэр бүр очоод байдаггүй газруудад очсон. Хоёр сарын хугацаанд амьдрахдаа аялагчийн нүдээр бус тэнд амьдардаг хүмүүсийн өнцгөөр аливааг харж, Монгол гэх орныг мэдэрч чадсан гэж бодож байна.
Монголыг шүтэн биширдэг хүний хувьд үнэхээр сайхан өдрүүд байсан. Үүнээс гадна Маморү Нозакигийн дүрд тоглосон Хироши Абэ, Каорү Юзүкигийн дүрд тоглодог Фүми Никайдо зэрэг чадварлаг жүжигчидтэй өдөр бүр хамтран ажиллаж байсан болохоор жүжигчин хүний хувьд юу юунаас ч илүү жаргалтай байсан. Яахав, Монголд Японоос ирэх нислэгийн тоо цөөн учраас Монгол руу явахад хүндрэлтэй, бас дээр нь зочид буудлаасаа зураг авалтын талбай руу явахдаа шороон замаар машинаар олон цаг сэгсчүүлж явах гэх мэт хэцүү зүйл ч байсан. Яг л паркийн галзуу хулганад суусан юм шиг л донсолдог. Гэхдээ дасаад ирэхээр тоохгүй унтдаг болчихдог юм билээ.
-Монголд өнгөрүүлсэн амьдралынхаа тухай яриач?
-Тэмээ унасан нь энэ удаагийн зураг авалтын хамгийн сайхан зүйлсийн нэг. Үнэхээр хөөрхөн байсан. Тэмээ бүрийн царай төрх нь яг хүн шиг дахин давтагдашгүй өөр, өөр. Дув дугуй нүүртэй тэмээ ч байсан. Уурлахаараа шүлсээ гоожуулчихна. Нэг тэмээг нь эрхлүүлж байгаад нөгөө рүү харахаар гунигласан харагдана. Тэмээ хүртэл нэгэндээ атаархаж байгаа хэрэг. Монголын нүүдэлчдийн амьдрал дахь амьтдын дотор хүн байгаа юм шиг санагдаж байсан.
Бид ч амьтан. Амьдралын тойрогт бид мах идэж, сүүгээ ууж зэрэгцэн амьдардаг юм байна гэдгийг ухаарсан. Тэмээ, морь, ямаа, хонь. Тэд амьдралын хамтрагчид юм уу даа. Монголын өдөр урт. Өдөр бүр нар мандаж, жаргахыг харж чадна. Эгэл жирийн амьдрал гэж энэ байх нь ээ гэж бодсон.
Монголын “ааруул” гэх бяслагт дуртай болсон. Энэ нь тослоггүй сүүгээр хийсэн бяслаг юм билээ. Жаахан исгэлэн ч, үнэхээр амттай. Бие организм минь ааруулгүй бол байж чадахгүй болох хэмжээний болсон /инээв/. Ялангуяа чихэргүй аарууланд нь дуртай. Зам зуурын дэлгүүрээс худалдаж авсан ааруулаа Монголын багийнхандаа тараасан удаа ч байгаа. Ингэж нутгийн идээ ундааг хуваалцангаа хүн бүртэй харилцах нь их утга учиртай юм. Хироши Абэ ч амтанд нь татагдсан /инээв/.
-Энэ киног үзэх үзэгчдэд та юу гэж хэлэхийг хүсч байна вэ?
-Юуны өмнө киног үзсэн хүмүүст үнэхээр их баярлалаа. Дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдөхүйц уран бүтээл хийх нь найруулагч Фүкүзавагийн хүсэл. Тэр дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүст Японы соёл, япон жүжигчид, япон драма ямар сонирхолтойг харуулж чадахуйц даацтай кино хиймээр байна гэж анх эхлэхдээ хэлж байсан. Үүний төлөө бид бүгдээрээ хичээсэн. Кино багийнхан, уран бүтээлчид нэг үзэгдэл, нэг кадр бүрийн төлөө бүх л хүч чадвараа зориулсан. Нийт үзэгчдэдээ үргэлж дэмжиж байдагт баярлалаа.