Урсгал сөрөхгүй хөдөлгөөнд оролцоё

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-01-09

Улаанбаатар хотын замын түгжрэлийн дийлэнх хувь нь хөдөлгөөнд соёлгүй оролцдог, дүрмээ барьдаггүй, бүдүүлэг жолооч нараас болдог гэсэн албан ёсны, албан бус ч судалгаа байх юм.  Энэ туйлын үнэн. Замын хөдөлгөөнд соёлгүй оролцдог жолооч нарын дүрэм зөрчиж байгаа үйлдлийг бичлэгээр, зургаар баталгаажуулж оруулдаг фэйсбүүк хуудас бий. Тэнд ороод үзэхэд гэмгүй байх, жолооч нар.  

Өчигдөрхөн урсгал сөрж яваад, бөглөрөл үүсгэчихээд, дүрэм зөрчсөн үйлдлийг нь бичсэн таксины жолооч руу улаан галзуу дайрч, хэлэх хэлэхгүй үгээр дайрч байгаа залуу бүсгүйн бичлэг цахим хуудсанд орж, хэлэлцүүлэг өрнөлөө.  Урсгал сөрж дайрчихаад, зам тавьж өгөхгүй зүтгэчихээд, шаардлага тавихаар харааж загнана гэдэг чинь юу гэсэн үг вэ.

Жолооч нар аа, иргэд минь ээ, өөрсдөө дүрмээ мөрддөг байя. Үгүй ядаж урсгал сөрж дайрахаа  болиоч.  Улаанбаатар хотын зам түгжрэлтэй, хэцүү байгаа. Хүн бүр л ажилдаа, гэр рүүгээ яарч байгаа. Гэхдээ энэ урсгал сөрөх эрхтэй гэсэн үг биш. Манай жолооч нар түгжрэлтэй байвал урсгал сөрж давхидаг. Өмнөх машин бага зэрэг удаан явж байвал урсгал сөрж гүйцэж түрүүлдэг. Бүр хоёрхон эгнээтэй зам байхад урсгал сөрж давхиад, өөдөөс ирж байгаа машинуудыг гацаадаг тохиолдол ч цөөнгүй гардаг.  Ийм хувиа бодсон увайгүй зангаа татах хэрэгтэй байна.

Иргэд ч бурууд нүд хурц байж, баримтаар баталгаажуулж, цагдаагийн байгууллагад хүргэдэг байх ёстой. Дүрэм зөрчигчидтэй өөрсдөө л хатуу тэмцэж байж энэ байдал өөрчлөгдөнө. Дүрэм зөрчихгүй, урсгал сөрөхгүй, адгаж дайрахгүй бол түгжрэл буурна. Цаашлаад мөргөлдсөн, шүргэлцсэн осол ч буурах учиртай юм.