Монгол Улсын Ерөнхий сайд өчигдөр төрийн мөнгөөр хайгуул хийсэн Тавантолгойн бүлэг ордын хамгийн чухал хэсэг буюу коксжих нүүрсний гол нөөцтэй “Ухаа худаг”-ийг 1997 онд хувийн хэвшилд яагаад ямар ч нөөцгүй хоосон газар хэмээн шилжүүлсэн, улмаар 2007-2008 онд ашиглалтын лиценз олгохдоо Улсын Их Хурлаар хэлэлцүүлж, Засгийн газар хуралдахгүйгээр тогтоол гаргаад MCS буюу “Энержи Ресурс”-т шилжүүлсэн асуудлыг судлах, мэдээлэлд дүн шинжилгээ хийх ажлын хэсгийг байгуулсан.
Тус ажлын хэсгийг Хуульзүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл ахлахаар болжээ. Хэрвээ энэхүү ажлын хэсгийн шалгалтаар “Энержи Ресурс” хууль бусаар өмчилсөн нь нотлогдвол “Ухаа худаг”-ийг төрд буцаан өгөхөөс өөр аргагүйд хүрнэ. Мөн 34 хувийг төрийн мэдэлд буцаан өгөх асуудал ч яригдаж байгаа.
Тэгвэл энэ мэдээлэл, ажлын хэсгийн ажил эхлэхтэй зэрэгцэн MCS буюу “Энержи Ресурс” хөдөлгөөнд орж эхэлсэн бололтой.
Тодруулбал, тус компанийн уурхайд ажилладаг 1200 ажилтан, Юнител компанид ажилладаг 800 орчим хүн зохион байгуулалтад орж буй гэх мэдээлэл дуулдсан бөгөөд тэд Засгийн газрыг огцруулах тухай сошиал орчинд ажиллах, "Ухаа худаг"-аа хамгаалах, төр хувийн өмчөөс 34 хувийг авах ёсгүй гэх байдлаар Ерөнхий сайд болон ажлын хэсгийн гишүүд рүү сошиал орчинд дайрах буюу муухайгаар хэлбэл "тролл" байдлаар ажиллахаар дайчлагдаж буй гэх мэдээлэл ч чих дэлслээ. Тэднийг хүний нөөцийн ажилтнууд нь зохион байгуулалтад оруулж байна гэх мэдээллийг албан бус эх сурвалж хэлж байгаа юм.
"УИХ нь Ерөнхий сайдаа огцруулахгүй юм бол ард түмэн хөдлөх биз" хэмээсэн гишүүн Ч.Лодойсамбуугийн мэдэгдэл ийм утгатай байсан уу гэж хардахад ч хүргэж байна.
Угтаа ард түмэн бус 34 хувиа, "Ухаа худаг"-аа өгөхгүй гэсэн нэг компанийн ажилчид зохион байгуулалтад орж, Засгийн газрыг огцруулах ёстой хэмээн дайрч, нэгдсэн байдлаар ажиллаж байна уу гэдгийг хууль хяналтын байгууллага нь сайтар нягтлан шалгах буй за. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.