ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ц.Түмэнбаяр: Оргүй хоосноос овоо босгохын төлөө л зүтгэсэн

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-04-30

Оюутны ширээнээс салаад удаагүй байхдаа хэсэг нөхдийн хамт компаниа байгуулж, эдүгээ нийслэлийн төв гудамжуудын гол ногоон байгууламжуудыг хийж, гүйцэтгэсэн “Ургамлын далай” ХХК-ийн захирал Ц.Түмэнбаярыг “Хөлсний амт” буландаа урьж, ярилцлаа.

-Тохижуулсан талбайгаар чинь таныг хүмүүс андахгүй ч, хувь хүн талаас чинь төдийлөн мэдэхгүй болов уу. Тиймээс эхлээд өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?

-Би Хөвсгөл аймгийн Арбулаг сумын уугуул. Бага ангиа сумынхаа сургуульд, харин ахлах ангиа аймгийнхаа хоёрдугаар арван жилийн сургуульд суралцан дүүргэсэн юм. Тэгээд 2004 онд ХААИС-д элсэж, инженер эдийн засагч мэргэжил эзэмшсэн. 1997 онд тавдугаар ангид байхдаа сургууль завсардаж, гурван жил хөдөө мал маллаж байгаад 2000 оны зуднаар хамаг малаа алдсаныхаа дараа дахин сургуульдаа орж байсан юм. Зургаа, долдугаар ангидаа суулгүй, шууд л наймдугаар ангид орсон. ЕБС-иа иймэрхүү л түүхтэй, алдаж, онож төгсч билээ. Харин 2004 онд ХААИС-д элссэн тэр үеэс сургуулийнхаа нийгмийн ажилд идэвхтэй оролцдог байсан.

-Муухайгаар хэлбэл, хэрэв зуд болоогүй бол та малчин болох байжээ?

-Магадгүй, тийм байх. Би 1993 онд нэгдүгээр ангид элсч байлаа. Тухайн үед сумын сургууль хямралтай, дотуур байранд маш их өлсдөг байж билээ. Аав, ээж хөдөөнөөс хоёр сард нэг удаа л орж ирнэ. Түүнээс ч болсон уу, тавдугаар ангидаа сургуулиас гарахаар шийдсэн юм. Тухайн үед зах зээлийн нийгэмд шилжээд удаагүй байсан болохоор мал өсч, хүүхдүүд ч их сургууль завсардаж байв. Сургуулиас гараад мянгат малчин болно гэж мөрөөднө. Харин ээж жаахан дургүй байлаа. Гэхдээ аавтайгаа нийлж, зүтгэсээр байгаад л гарсан даа. Манайх 2000 оны зуднаар тав, зургаан үхэртэй л үлдсэн. Хонь ямаа зуу, зуугаараа л үхэж байсан. Тэгээд л мал бүтэхгүй юм байна гээд сургуульдаа буцаж орсон хэрэг. Тавдугаар анги хүртлээ хамгийн сайн сурагч байсан хүн албан бус сургалтад сар орчим сураад, наймдугаар ангид ороход хамгийн муу сурагч болж хувирсан. Юугаа ч мэдэхгүй л наймдугаар ангиа төгсч, харин дараа жилээс нь арай дөртэй болж, ЕБС-иа төгсөөд консурс өгөхдөө ХААИС-ийн хуваарь авсан юм. Энэ сургуульд орсондоо би баярладаг. Хамгийн амьдралд ойр сургууль юм шиг санагддаг.

-Бизнесээ эхлүүлж байсан түүхээсээ хуваалцаач. Таныг оюутны ширээнээс компаниа байгуулсан гэх юм билээ?

-2009 онд сургуулиа төгссөний дараа жил гаруй ажилгүй явсан. Гурван дүү маань ч оюутан болоод хотод ирлээ. Дөрвүүлээ оюутан. Жил гаруй арга, эвээ олохгүй явж байгаад 2010 онд “Ургамлын далай” компаниа гурван найзтайгаа нийлж байгуулсан юм. Оргүй хоосноос овоо босгох гээд л зүтгэсэн.

-Та инженер мэргэжилтэй байж яагаад тохижилт, ногоон байгууламжийн компани байгуулсан юм бэ?

-Би оюутан байхдаа амралтаараа хотод ажил хийдэг байсан юм. Өдрийн 5000 төгрөгийн цалингаар сургуулийнхаа нэг багшийн удирдлага дор зүлэг тарьдаг байв. Айлын хашаа, оюутны байр, сургуулийнхаа гадаа талбайд хүртэл тарьсан. Тухайн үед үүнийгээ бизнес болгоно гэж төсөөлж ч байсангүй. Харин сургуулиа төгссөний дараа ажил олддоггүй, эзэмшсэн мэргэжлээрээ хувиараа ажиллах боломж байгаагүй. Тэгээд хамгийн сайн чаддаг зүйлээ бодсон. Ингээд л зүлэг тарихаар шийдэж, компаниа байгуулж байлаа. ХААИС-ийг төгссөнийхөө дараа магистраар үргэлжлүүлэн сурч байсан учраас тэр үед оюутны байранд дүү нартайгаа амьдардаг байж билээ. Компани байгуулах амархан, цааш нь авч явах л хэцүү юм байна гэдгийг тэгэхэд л яс махаараа мэдэрсэн. Компани байгуулах яах вэ, Улсын бүртгэлийн газарт очиж, 100 хүрэхгүй мянган төгрөг төлөөд тамга, гэрчилгээгээ авчихна. Сургуулиа төгсөөд удаагүй нэг нөхөр ямартай ч компанийн гэрчилгээ цүнхлээд авлаа. Харин ажил олох гэж 5-6 сар гутлынхаа улыг эргэтэл явсан.

-Ямар байгууллагуудад хандаж байв?

-“Би зүлэг, мод тарья. Энэ чиглэлийн ажил өгөөч” гээд бүх барилгын компани, дүүргийн Засаг даргын Тамгын газруудаар явсан. Гэхдээ нэг нь ч надад итгэж, ажил өгөөгүй. “Чи шинэ, туршлагагүй байна” гэж хэлдэг байлаа. Маш олон удаа татгалзсан хариу сонссон. Тухайн үед ХААИС-ийн оюутны байрнаас нэг л сүрхий компанийн захирал тамга, тэмдгээ халааслаад, бизнесийн байгууллага, том дарга нарын үүдийг сахиад л явдаг байж. Хонхны баяраар авсан цагаан цамцных нь зах сэмэрч, ботинкны хамар нь гурав халцарчихсан, хар өнгөтэй костюмаа саарал болтол нь өмсөөд “9969”-тэй оюутны дугаар барьчихаад, 5-6 сар ажил олох гэж явж байлаа. Гурван дүү оюутан байсан болохоор автобусны ч мөнгөгүй, оюутныхаа байрнаас Энхтайвны гүүр даваад л алхчихна. Тэр үед одоогийнхоос хэд дахин илүү эрч хүчтэй, мөрөөдөлтэй байжээ. Тэгж алхсаны эцэст 2010 оны долдугаар сард анхны ажлаа авч байж билээ.

-Нууц биш бол анх хэдэн төгрөгөөр ямар ажил гүйцэтгэсэн бэ?

-Тэр үед Чингэлтэй дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан, одоогийн УИХ-ын гишүүн Д.Ганболд, мөн түүний орлогчоор ажиллаж байсан Н.Баярмагнай гэсэн хоёр хүний үүдийг мөн ч их сахисан даа. Эцэст нь тэд надад итгэл хүлээлгэж, Тагнуулын ерөнхий газрын өмнөх гудамжинд 200 орчим метр.кв талбайг зүлэгжүүлэх ажил өглөө. Гэхдээ “Чи үүнийг л хийчих. Болж байвал чамайг дэмжинэ. Болохгүй бол мөнгийг чинь ч өгөхгүй шүү” гэсэн. Ингээд тэр газрыг зүлэгжүүлэхээр боллоо. Тухайн үед халаасанд мөнгө байсангүй. Хөвсгөлд хувиараа бизнес эрхэлдэг эгч рүүгээ утсаар ярьж, 50 мянган төгрөг зээлээд тармуур, хоёр хүрз, хоёр жоотуу авч, найз нарынхаа хамт газраа хагалж, хөрсөө цэвэрлээд, зүлгээ тарьсан. Үр, хар шороо, элс бүгдийг л зээлж байсан. Зүлгээ тарьсныхаа дараа нүүрээ халхалсан баг зүүчихээд, зүлэгжүүлсэн газраа эргэж тойрч, усалж арчилдаг байсан юм. Долоо хоногийн дараагаас хар шороо байсан талбай ногоон зүлэг болсон. Зун зүлэг долоо хоногт л ургадаг. Ямартай ч, надад итгэсэн хүмүүсийн итгэлийг алдаагүй ээ. Үүний дараагаас эхлээд янз бүрийн боломжууд нээгдсэн. Хийсэн зүйлтэй болоод хүмүүстэй уулзах огт өөр юм билээ. Анхны ажлынхаа хөлсөнд сая орчим төгрөг авсан. Бүх зардлаа хасахад, 300 мянган төгрөг үлдэж байсан байх. Их л мөнгө санагдаж байлаа.

-Ажлынхаа хөлсийг авчихаад хамгийн түрүүнд юунд зарцуулсан бэ?

-Эхлээд утасныхаа дугаарыг сольж, “9191”-тэй дугаар авсан. Дараа нь костюм, цамц, гутлаа сольё гэсэн ч хүрээгүй л дээ. Гэхдээ тэр үед зун байсан болохоор цамцаа л сольж байв. Бас комиссын бараанаас 20 мянган төгрөгөөр арай гайгүй гутал авч өмссөн. Ингэж л компанийнх нь дансаар мөнгө орсон, дараа төлбөрт дугаартай, шинэ цамцтай дарга болсон доо /инээв/. Удалгүй Б.Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнг тохижуулах ажилтай залгаж, оффис түрээсэлж, доороо ч ажилтан авсан. Дараа нь Ж.Самбуугийн гудамжны тохижилтын ажлыг хийж байлаа. Тэр намар Хөвсгөл рүү аав, ээж дээрээ жижиг япон тэрэг унаад очиж байлаа шүү дээ. Жил гаруй ажилгүй, дүү нар оюутан болоод ирсэн тэр өвөл би гэртээ хариагүй юм. Гэтэл аав минь надад захидал бичсэн байсан. Тэр захидал надад урам, эрч хүч өгсөн юм шиг санагддаг.

-Ямар захидал бичиж байсан юм бол?

-2010 оны өвөл цагаан сараар замын зардалгүй, аавдаа архи, ээждээ тавгийн чихэргүй очихыг хүсээгүй юм. Бараг утсаар ч яриагүй байх. Ямар ч байсан ажилтай залгатлаа гүрийхээр шийдсэн хэрэг. Тэр жил аав “Миний хүү таван жил сурлаа. Дээрээс нь гурван дүү чинь оюутан болчихлоо. Аав, ээж нь тийм их малтай, баян хүмүүс биш. Бидний орлого үнэндээ хүрэлцэхгүй байна. Миний хүү сумандаа ирээд ойр зуурын ажил хийж болохгүй юм уу. Танай ангийн тэр сумандаа ирээд, банкинд ажиллаж байна. Ангийн чинь тэр сумандаа ирээд багийн дарга болчихлоо” гээд л захидал бичсэн байж билээ. Тэр захидал надад их зүйл бодогдуулж, цаашдаа ч ихийг хийх сэдэл өгсөн. 2010 онд компаниа байгуулж, анхны ажлаа аваад 2014 он хүртэл бизнесээ өргөжүүлээд л байлаа. Харин 2015, 2016 онд эдийн засаг агшаад бага зэрэг саарсан.

-Одоо танайх хэчнээн ажилтантай болсон бэ?

-Манайх байнгын 11 ажилтантай. Зун ажил ихтэй үед 20-30 орчим хүн ажилладаг. Манай салбар өөрөө их эмзэг. Улирлын шинж чанартай. Хот, тохижилт ногоон байгууламжийн ажил 5-10 дугаар сар хүртэл үргэлжилдэг. Таван сар ажиллаад үлдсэн долоон сард нь ажилгүй байдаг гэсэн үг. Гэхдээ өвөл зүгээр суухгүй. Ногоон байгууламжийн зураг төслөө хийж байдаг юм.

-Б.Явуухулан­гийн цэцэр­лэг­т хүрээлэн, Самбуугийн гудамжны тохижилтоор нь танайхыг нийслэлчүүд андахгүй байх. АСЕМ-ын үеэр ч ногоон байгууламжийн ажил хийсэн гэсэн?

-Бид өнгөрсөн хугацаанд нийслэлдээ өнгө нэмэхээр тодорхой ажлууд хийсэн. Тэдний нэг нь АСЕМ-ын үеэр тарьсан савласан моднууд. АСЕМ-ын өмнө манайхан хотоо гоёсон шүү дээ. Гэтэл тухайн үед хотын төв гудамжуудад ногоон байгууламж хийх зай талбай байхгүй, бүгдийг нь цементэлсэн байсан. Тиймээс нийслэлийн удирдлагуудтай ярьж байгаад савлаж тарих аргыг нэвтрүүлж, 100 гаруй мод тарьж байлаа. Төв гудамжаар ч том моднууд тарьсан. Бидний хийсэн гол ажлуудын нэг л дээ. Одоо ч сайхан ургаж байгаа. Ер нь ногоон байгууламжийг зөв арчилж чадвал урт настай байдаг юм. Ургуулсан болоод хаячихдаг ажил биш. Тарьсан модоо эхний жилд өөрсдөө арчилж, хоёр дахь жилээс нь ашиглагч байгууллагадаа зөвлөгөө өгч ажилладаг. Ингэхгүй л бол дараа жил нь шороо болчихоод байдаг юм.

-Цаашид хийхээр төлөвлөсөн ажлаасаа сонирхуулахгүй юу?

-Өнгөрсөн жилээс компанийнхаа үйл ажиллагааг өргөжүүлэх янз бүрийн төсөл хэрэгжүүлж байна. Тохижилт, ногоон байгууламжийн чиглэлээр 13 га талбайд мод үржүүлгийн талбай байгуулж байгаа. Манайд том мод үржүүлгийн газар байдаггүй юм. Ихэнх модыг нь импортоор БНХАУ, ОХУ-аас оруулж ирдэг. Тэр нь манай цаг агаарт тохирдоггүй. Тэгэхээр нийслэлийнхээ ойролцоо сүүлийн үеийн мод үржүүлгийн газар байгуулахаар төлөвлөж байна. Энэ жилээс л эхлүүлсэн. Дөрвөн жилийн дараагаас үр дүн нь гарах байх. Мөн тэндээ “Нарлаг хүлэмж” гээд нарийн ногооны аж ахуй байгуулахаар төлөвлөсөн. Мөн Төв аймгийн Аргалант суманд жимсний аж ахуй эхлүүлснээс гадна тохижилт, ногоон байгууламжийн бизнестээ тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд ажиллаж байна.

-Нэг зүйлийнхээ төлөө тууштай зүтгэсэн хүн зорилгодоо хүрдэг л юм байна?

-Олон зуун хүнийг ажлын байраар хангаж, улсдаа өчнөөн сая төгрөгийн татвар төлж чадахгүй байгаа ч, хэдэн хүнийг ажилтай, орлоготой байлгаж, нийгмийн сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулаад явах хэмжээний байр суурийг өнгөрсөн найман жилийн хугацаанд эзэлсэн байна. Үүнийгээ цаашдаа илүү ахиулах зорилго тавьж байна. Компанийн үйл ажиллагаа өргөжихийн хэрээр нийгмийн сайн сайхны төлөө олон санаачилга гаргая л гэж боддог.

-Нийгмийн хариуцлага гэж их ярих болж?

-Нийгмийн хариуцлагын хүрээнд төсөл хэрэгжүүлэх бодолтой байгаа. “Хашаандаа сайхан амьдаръя” төслөө эхлүүлсэн. Төслийнхөө хүрээнд ирэх сард Яармагийн таван хороонд сургалт явуулна. Мөн “Хашаагаа аваръя” телевизийн нэвтрүүлэг хийхээр төлөвлөж байна. Нэг айлыг сонгож аваад, долоо хоногийн дотор эзнийх нь оролцоотойгоор тохижуулж, бусдад үлгэрлэх зорилготой юм. Нэвтрүүлэг гараад эхлэхээр бусад хүмүүс ч гэсэн хашаагаа гоё болгохыг хүсэх нь гарцаагүй. Бас нэг санаачилга нь ногоон суварга. Төв гандан түүхийн дурс­гал боловч, орчин нь хэцүүхэн шүү дээ. Хаврын цагт шороо, тоос бужиг­наад. Тэгхээр гандан­гийн хашаанд бетонон суварга маш их бий. Харин одоо мод тарья гэсэн зорилгоор ногоон суварга буюу мод тарих уриалга гаргаж, Мэгжиджанрайсэг бурхны урд талын хэсгийг ногооруулахаар ажиллаж байна. Санаачилгаа Баянгол дүүрэг, Гандантэгчинлэн хийдийн удирдлагуудад танилцуулсан. Тэд ч хүлээж авсан. Бид жижиг газрыг тохижуулаад үзүүлье. Харин гандан болон сүсэгтэн олон ч гэсэн ногоон байгууламжид хандив тусламж өгөөд, үргэлжлүүлээсэй л гэж хүсч байгаа юм. Энэ ажлынхаа үр дүнг үзэхийн тулд 2-3 жил зүтгэнэ гэж боддог.