Шинэ санаа, бизнесээ эхлүүлэх хүсэл мөрөөдөлтэй залуусыг дэмжих зорилгоор “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслийг Швейцарийн Хөгжлийн агентлагийн санхүүжилтээр GFA консалтинг групп Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран 2016 оноос хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Тус төслийн хүрээнд гарааны бизнес эрхлэх сургалтад хамрагдаж, өөрөө санаачилсан шинэ бизнесээ эхлүүлэхэд 10 хүртэлх сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг аваад зогсохгүй хөрөнгө оруулагч ч олоод амжсан шавилхан бүсгүйг “Хөлсний амт” буландаа урьж, ярилцлаа. Тэр бол Ховд аймгйин “Эко гутал” үйлдвэрийн захирал Н.Эрдэнэхишиг. Тэрбээр 30 нас хүрээгүй. Гэсэн ч, аль хэдийнэ өөрийн гэсэн үйлдвэрээ байгуулж, баруун таван аймгийнхныг гутлаар хангах хүсэл мөрөөдөлтэйгөөр хөдөлмөрлөж байна.
-Та яагаад гутлын бизнес эрхлэхээр болсон юм бэ. Эзэмшсэн мэргэжилтэй чинь холбоотой байв уу, эсвэл зах зээлийн эрэлтээс болов уу?
-Би “Урлах эрдэм” дээд сургуульд 2009 онд урилгаар элсэж, 2013 онд төгссөн. Миний эзэмшсэн мэргэжил гутал, арьсан эдлэл зохион бүтээгч. Өөрөө бол хувцас загварын ангид орох сонирхолтой байлаа.
Харин эгч гутлын ангид бүртгүүлчихсэн байсан. Дээр нь оюутнуудын хийсэн гутлуудыг хараад “Энэ гутлуудыг энд хийж сурах нь” гэж бодоод л сонгочихож билээ. Бидэнд арьсан эдлэлээр хийж болох бүгдийг л зааж байсан учраас сонирхолтой санагдаж байлаа.
Тэгээд л мэргэжилдээ дурлачихсан. Сургуулиа төгсмөгцөө хувиараа гутал, цүнхний захиалга авч оёж эхэлсэн. Ингэж л бизнесээ эхлүүлсэн дээ. Одоо дөрвөн жил болсон байна.
-“Урлах эрдэм” дээд сургуульд урилгаар орсон гэлээ. Технологийн хичээлдээ сайн хүүхэд байж дээ?
-Багаасаа гарын доорх материал, хаягдал ашиглаад өөрт хэрэгцээтэй зүйл хийгээд суучихдаг хүүхэд байлаа. Олон ч тэмцээн уралдаанд оролцож байсан. Хамгийн сүүлд Ховд аймгийн технологийн олимпиадад оролцож, хүрэл медаль авсан юм.
Тэр үед миний гаргасан эвхэгддэг үзэгний савны загвар шүүгчдэд их таалагдаж, “Урлах эрдэм” сургуулийн урилгыг гардуулсан. Үүнээс өмнө Чандмань сумынхаа ЕБС-ийн хэмжээнд зохион байгуулсан “Гоёл” гэх мэт тэмцээнүүдэд байнга л түрүүлдэг байсан.
Төгсөх жилээ технологийн багш, өөр хоёр сурагчийн хамт аймаг болон сумдад бүтээлээрээ үзэсгэлэнгээ гаргаж байлаа. Харин “Урлах эрдэм” дээд сургуулиа улаан дипломтой төгсч, “Хаврын гоёл” наадамд дипломынхоо ажлаар оролцоод Гран при шагнал авсан.
-Өмнө нь бизнес эрхэлж байсан туршлага байсан уу?
-Үгүй. Сурч байх хугацаандаа сургуулийнхаа захиалга, загварын шоу, загварын долоо хоногт ажилладаг байсан болохоор тодорхой хэмжээний туршлагатай болсон байлаа. Түүндээ түшиглээд л хувийн бизнесээ эхлүүлнэ гээд зориглоод орчихсон юм.
-Залуус хувийн бизнес эхлүүлэхэд олон саад тулгардаг. Таны хувьд хамгийн хэцүү нь юу байв?
-Бизнесээ босгох хөрөнгө л байсан. Ээж, аав маань тэтгэвэртээ гарсан учраас зээл авах шаардлагатай тулгарсан. Тэгээд төсөл бичээд аймгийнхаа Хөдөлмөрийн хэлтэст өгсөн юм.
Ингээд Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн 30 хүртэлх сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авахаар болсон. Зээлээ 2013 оны арваннэгдүгээр сард авч, Улаанбаатараас үйлдвэрийнхээ тоног төхөөрөмжийг аваад, аймагтаа очсон нь тэр.
-Дөнгөж сургуулиа төгссөн 20 гаруй насны бүсгүйг дэмжсэн гэхээр бахархалтай санагдаж байна?
-Нэлээд юм болсон. Хэн надад итгэж 30 сая төгрөг зээлэх билээ дээ. Банкаар дамжина. Барьцаалах хөрөнгө гэх юм байхгүй. Өөртөө итгүүлэх шаардлага гарна. Хоёр сар орчим хөөцөлдөж байж, зээлээ бүтээсэн.
Хийсэн бүтээгдэхүүнээ үзүүлж, туршлагаа харуулна. “Урлах эрдэм” дээд сургуулийнхаа захирлын бичсэн тодорхойлолт, диплом, гаргасан амжилтаа үзүүлсэн. Тэр бүгд итгэл төрүүлсэн байх гэж боддог юм.
Харин эгч минь намайг батлан дааж, зээлээ авч билээ. Тэр үед бизнесийн талаар ямар ч ойлголтгүй. Гагцхүү ямар нэг зүйл хийх хүсэл л байсан.
-Зээлээ төлж дууссан уу?
-Таван жилийн хугацаатай, долоон хувийн хүүтэйгээр зээлж байсан. Ирэх онд дуусна. Одоо долоон сая төгрөг л үлдсэн байгаа.
-“Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслийг Швейцарийн Хөгжлийн агентлагийн санхүүжилтээр GFA консалтинг групп Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран хэрэгжүүлсэн. Тэр төслийн үр шимийг хүртсэн залуусын нэг нь яах аргагүй та шүү дээ. Ололт, амжилт нь юу байв?
-Төслийн эхний шат Ховд аймагт гуравдугаар сард хэрэгжиж эхэлсэн юм. Бизнес эрхлэх хүсэлтэй залуус эхлээд бүртгүүлж, дараа нь сургалтад суусан. Бизнесийн талаар хичээл зааж тодорхой хэмжээний ойлголттой болгосныхоо дараа бэлэн бүтээгдэхүүн гаргуулж, хооронд нь өрсөлдүүлсэн хэрэг л дээ.
Манай аймагт 50 залуу өрсөлдсөнөөс манайх шалгарсан. Түүний дараа төслийн сүүлийн шат буюу таван долоо хоногийн хугацаанд хурдасгуур хөтөлбөрт хамрагдаад 10 сая төгрөгийн санхүүжилт авсан.
-Эргүүлж төлөх үү?
-Үгүй. Гэхдээ бид сар бүр тайлангаа явуулах ёстой. Тухайн санхүүжилтээрээ хэрэгцээт зүйлсээ авах ёстой юм. Манайх материал авсан. Ер нь маш их үр дүн гарсан гэж бодож байгаа.
-Тухайлбал?
-Хэрвээ “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төсөлд хамрагдаагүй бол ажлын гутал хийх санаа надад яагаад ч төрөхгүй байсан. Бэлэн бизнес байгааг олж хардаггүй байсан юм билээ.
Зөвхөн захиалга авч, бизнес хийх юм шиг төсөөлдөг байлаа. Харин төсөлд хамрагдсанаар бид бүх санаагаа туршиж үзсэн. Эхлээд эмч нарт зориулсан гутал хийсэн ч, нэг их амжилт олоогүй учраас орхисон.
Харин энэ намар эрэгтэй, эмэгтэй ажлын гуталны загвар гаргаад, байгууллагуудад үзүүлэхэд дэмжиж, гэрээ хүртэл хийсэн. Манайх дөрвөн компанийн ажлын гутал хийх захиалга авч чадсан. Ажлын гутал өөрийн гэсэн онцлогтой. Хөнгөн, чийг татахгүй, хальтрахгүй, дулаан байх ёстой байдаг юм.
-Нэг компани хэчнээн гутал захиалах вэ?
-Хамгийн багадаа 25 гутал захиалсан. Бид энэ жил нэлээд ачаалалтай ажиллахаар байгаа. Төсөлд хамрагдсаны ачаар бизнесийнхээ зөв замыг олж харж чадсан гэж бодож байгаа.
Түүнчлэн, төслийн хүрээнд бидэнд зөвлөх бэлдэж өгсөн. Найман аймагт зөвлөх ажиллаж байгаа юм билээ. Бидний бизнест ямар нэг бэрхшээл гарахад тэд зөвлөгөө өгч, гарцыг нь зааж өгөх ёстой юм.
Харин манай аймгийн зөвлөх миний таньдаг хүн байж таарсан. Би бизнесээ эхлүүлээд удаагүй байхдаа МҮОНРТ-ийн “Дөрвөн урилга” нэвтрүүлэгт оролцож байсан юм. Тэр үед хамт оролцож байсан Т.Баярсайхан гэж хүн манай аймгийн зөвлөх юм билээ.
Өөрөө насаараа бизнес хийсэн хүн. Анх малгай оёж бизнесээ эхлүүлж байсан бол одоо бүх л салбарт бизнес эрхэлдэг. Дөрвөн жил цуцалтгүй бизнесээ үргэлжлүүлж байна гэж намайг магтаад хувиасаа манай үйлдвэрт хөрөнгө оруулалт хийж, байр барьж өгөхөөр болсон.
Бид яг л Шарк Танк нэвтрүүлэгт оролцож байгаа юм шиг ярилцсан. Зарчим нь ч гэсэн адилхан, тэр хүн манайхаас тодорхой хувь эзэмших юм. Харин хувиа хараахан тохироогүй байгаа. Төсөл хэрэгжээгүй бол Т.Баярсайхан ахтай таараа ч уу, үгүй ч үү. Ирэх жилээс үйлдвэрийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлж, өөрийн гэсэн байртай болсон байх болов уу.
-Монголд үйлдвэрлэсэн гутал гэхээр зузаан цагаан ултай гутал гэж төсөөлдөг үе ард хоцорсон бололтой. Таны хийсэн гутал европ загвартай юм?
-Хүмүүс гутал хийхээрээ ихэвчлэн цагаан ултай гутал хийдэг. Харин манайх хүний захиалсныг хийдэг. Түүгээрээ давуу талтай.
-Өөрөө загварыг нь гаргаж, хийсэн гутал байдаг уу?
-Олон бий.
-Цор ганц загварын гутал захиалъя гээд ирдэг хүн бий юу?
-Тийм. Захиалсан гутлыг нь л хийж өгдөг. Гэхдээ хүмүүс бусдыг дуурайх дуртай юм шиг санагддаг. Тэрний өмссөн шиг тийм гутал хийлгэе гээд ирдэг. Би захиалга өгч буй хүмүүсийн хийлгэе гээд авчирсан загвартай яг адилыг өөр хүнд хийж өгөх дургүй. Харин өөрийн гаргасан загвараасаа хэчнээнийг л бол хэчнээнийг хийж өгч чадна.
-Хамгийн анхны гутлаа хэзээ хийж байв?
-Нэгдүгээр курст байхдаа хийсэн. Манай сургууль тэр тал дээр чөлөөтэй. Тухайн оюутан юу хийхийг хүснэ, тэр бүхнээ хийх боломжтой. Багш нар ч тусалдаг. Хамгийн анх өөртөө цагаан өнгөтэй улавч хийж байлаа.
Анхны оролдлого байсан болохоор ч тэр үү, хөл их холгоно. Харин дараа нь аавдаа гутал хийсэн. Аав минь бүтэн жил голохгүй л өмссөн. Тэр үед өөр юм бодох сөхөөгүй, шөнө ч унтахгүй гутал оёдог байлаа.
-Хувиараа хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн хувьд гэр бүлийн хэн нэгэн нь хамгийн сайн туслагч нь байдаг юм шиг санагддаг. Таны хувьд?
-Нөхөр минь их дэмждэг. Манай гутлын дотрыг эсгэж өгдөг.
-Нөхөртэйгөө ижил мэргэжилтэй юм уу?
-Үгүй. Нөхөр маань Соёл урлагийн их сургуулийг Соёлын менежер мэргэжлээр төгссөн. Одоо төрийн байгууллагад ажилладаг юм. Гэхдээ манай үйлдвэрийн бүх л яриа хэлэлцээр, гэрээг хийдэг. Бараг л менежер гэсэн үг.
-Таны цаашдын зорилго юу вэ?
-Баруун таван аймгийнхаа иргэдийг гутлаар нь хангахыг хүсдэг. Дээр нь ажлын гутлаараа дагнах бодолтой байгаа. Манайх юу ч хийх боломжтой. Зочид буудлын улавч ч хийнэ.