ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Богд Ар” хорооллын сургууль, цэцэрлэгийн газрын захирамжийг гурван удаа өөрчилжээ

С.БУДРАГЧАА (сэтгүүлч)
2018-06-12

Баянгол дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт 2001 онд “Богд Ар” хорооллын барилгын ажил эхэлж байжээ. Анх 1088 айлын орон сууцны барилга, 640 хүүхдийн цэцэрлэг, 240 хүүхдийн цэцэрлэг, хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн байр нийгмийн бүх үйлчилгээг цогцоор нь шийд­вэр­лэсэн Улаанбаатар хотын жи­шиг хороолол болно хэмээн яриг­даж байсан уг төсөл өнөөдөр хо­тын төвд байрлах хамгийн “дампуу” хорооллоор нэрлэгдээд байгаа юм. Анхны төлөвлөлтөөсөө бараг хоёр дахин олон айл бүхий хороолол болсон атлаа төлөвлөсөн газартаа сургууль, цэцэрлэг барихгүй байгаа асуудлыг манай сонин цувралаар сурвалжилж байгаа билээ. Хотын төвд хэт төвлөрөл үүсгэсэн мөртлөө сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг зэрэг нийгмийн чанартай бүтээн байгуулалтыг хийхгүй удааж, “Богд Ар” хорооллын оршин суугчдыг хохироож буй гол буруутан нь эцсийн бүлэгт Нийслэлийн удирдлагууд болж таарч байна. 

2000 онд “Богд Асар” ХХК “Богд Ар” хорооллыг барих гэрээг тухайн үеийн Нийслэлийн Засаг дарга Ц.Батбаяр, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Бадамжунай нартай байгуулж, Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөлтийн дагуу барилгын ажлаа эхлүүлжээ. 
Тус хорооллыг БНХАУ-ын иргэн Чин Жан Хуа гэдэг иргэн санхүүжүүлж, гүйцэтгэлийг БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай Х.Идэнбаяр захиралтай “Богд Асар” ХХК хийсэн байна. Барилгын ажлыг гүйцэтгэгч “Богд Асар” ХХК уг хорооллоо босгохын тулд “УБТЗ” ХНН-ын эзэмшил есөн объект, таван айлын автомашины дулаан зогсоолыг нүүлгэж, 25 ширхэг нэг давхар хуучны шар орон сууцны эзэдтэй тохиролцон газрыг чөлөөлж, уг төслөө дуусгажээ. Хорооны байр, өрхийн эмнэлгийн барилгыг ч зохих ёсоор барьж хүлээлгэн өгчээ. Харин тус хорооллын дунд барих сургууль, цэцэрлэгийг “УБТЗ” ХНН-ын нэр дээр бүртгэлтэй газарт төлөвлөсөн нь өнөөгийн будлианы эх үндэс болжээ. 

“Богд Асар” ХХК-ны холбогдох хүмүүс “УБТЗ” ХНН-ын удирдлагуудтай уулзаж нөхөн олговортойгоор газрыг чинь аваад хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу сургууль, цэцэрлэг барья гэхэд төмөр замынхан зөвшөөрөөгүй байна. Түүгээр ч зогсохгүй УБТЗ-ынхан уг газар дээрээ ажилчдынхаа орон сууц буюу одоогийн 14 дүгээр орон сууцыг барьж, ашиглалтад оруулсан байна. 
Тус хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан газарт сургууль, цэцэрлэгийг барих боломжгүй болсон учраас 2008 онд хэсэгчилсэн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж, тус хорооллын 20 дугаар байрны хажууд 3515 мкв талбайд 950 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг барихаар төлөвлөжээ. 

Гэтэл Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас “Уг газарт сургууль, цэцэрлэг барих нь Барилгын тухай хууль, НИТХ-аас батал­сан барилгын ажил эхлүүлэх, үргэжлүүлэх журмыг зөрчсөн үйлдэл болно” хэмээн сургууль, цэцэрлэгийг бариулаагүй байна. Сургууль, цэцэрлэг барихаар төлөвлөсөн газартай залгаа УБТЗ-д ажиллаж байсан н.Цэндсүрэн, н.Дамдинсүрэн гэдэг хоёр хүний өмч болох ус дулаанд холбогдоогүй хоёр газар байдаг аж. Мөн цэцэрлэг, сургууль барих 3515 мкв газрын төв хэсэгт Төмөр замын дөрвөн объектыг халаах зориулалттай хуучирч муудсан орон сууцны контор байдаг аж. ЗХУ-ын технологи бүхий уг конторыг татан буулгаж, халаалт дулааны шугамыг нь “Богд Ар”-ын ОСНААУГ-тай холбоё гэдэг саналыг холбогдох хүмүүс НӨХГ-т хүргүүлэхэд “Төрийн өмчийг хувийн байгууллагатай холбох гэх болж байна” хэмээн эрс эсэргүүцсэн байна. Уг хоёр айлын газар болон хуучирсан орон сууцны конторыг чөлөөлөхгүйгээр 3515 мкв газарт сургууль, цэцэрлэг барих ямар ч боломжгүй байгаа аж. Мөн дээрх айлуудын газрыг чөлөөлөх чиглэлээр нийслэлийн удирдлагууд ямар ч шийдвэртэй алхмыг хийхгүй орхисон байна. 

“Богд Асар” буюу одоогийн “Богда Холдинг” ХХК-ийн холбогдох хүмүүс цэцэрлэг, сургуулийн газартай залгаа газар өмчлөгч н.Цэндсүрэн, н.Дамдинсүрэн нартай уулзаж, “Та хоёрт тус бүрт хоёр өрөө байр хоёрыг өгье” хэмээн тохиролцож газрыг нь чөлөөлөхөөр болсон боловч тун удалгүй нөгөө хоёр иргэн зөвшилцлөөсөө татгалзаж, тус бүрт нь 500 саяыг өгвөл газраа өгье гэх болжээ. Харин өнөөдөр тус бүрт нь 300 мкв талбай бүхий үйлчилгээний талбай өгвөл газраа чөлөөлнө гэдэг болсон байна. Газар чөлөөлөлтийн маргаантай асуудлаас үүдэн “Богд Ар” хорооллын ор­шин суугчид сургууль,  цэцэр­лэгтэй болж чадахгүй байна. 

“Богд Ар” хорооллын дундах сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын явцад нийслэл дүүргийн удирд­лагууд шат шатандаа саад учруулж байсан аж. Тухайлбал, Баянгол дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан Л.Амгалан “Баянгол дүүргийн 20 дугаар сургуульд өргөтгөл хийж байгаа тул “Богд Ар” хорооллын дунд шинэ сургууль барих шаардлагагүй” гэсэн албан бичгийг явуулж сургуулийн ажлыг гацаажээ. БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар цэцэрлэгийн ажил хийх тухай яригдаад эхэлмэгц Нийслэлийн өмчийн харилцааны газраас Нийслэлийн төсвөөр уг газарт цэцэрлэг барина, БНХАУ-ын буцалтгүй тусламж хэрэггүй хэмээн хориглосон байна. Нийслэлийн төсөвт цэцэрлэгийн төсвийг суулгасан уу хэмээн оршин суугчид шаардлага тавихаар  нийслэлийн төсөвт мөнгө байхгүй учраас цэцэрлэгийн төсвийг суулгаж чадсангүй гэх хариуг өгөх болсон байна. 

Өнгөрсөн хугацаанд “Богд Ар” хорооллын дундах сургууль, цэцэрлэгийн зориулалттай 3515 мкв газрын зориулалтыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар гурван удаа өөрчилжээ. Хамгийн сүүлд газрын зориулалтыг өөрчлөхдөө сургууль гэдэг үгийг авч  цэцэрлэг, орон сууцны зориулалтаар ашиглана гэх захирамж гаргасан байдаг аж. Энэ чигээрээ хоёр жил болоход цэцэрлэг гэдэг үг нь хаягдаж, орон сууц, үйлчилгээний зориулалттай болон өөрчлөгдөх биз ээ.