ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Нартай” урлан

Б.ХОСНАМАР
2018-04-30

Сэтгэлийн гэрэлтэй хүнийг амьдралын гэрэл дагадаг. Яг л энэ үгэнд тохирсон нэгэн бүсгүйн талаар бичиж сууна. Өндөр нуруулаг бие, дүрэлзсэн алаг нүд, сайхан инээмсэглэлтэй 40 гаруй насны энэ бүсгүйг Бэхтөрийн Нармандах гэдэг. Өөрийн хичээл зүтгэл, хүсэл мөрөөдлөөрөө амьдарч яваа өрх толгойлсон ээжүүдийн нэг. Түүнд бусдаас ялгарах олон зүйл бий бөгөөд амьдралыг нь гар урлалаас салгаж ойлгох боломжгүй. Гэхдээ зүгээр ч нэг урлал биш. Тэр бидний мэдэх бүхий л хүүхдийн үлгэрийн номыг эсгийгээр урладаг юм. “Ах дүү гурав”, “Болдоггүй бор өвгөн”, “Манжин”, “Өнхрүүш”, “Цуутын цагаагч гүү”, “Эрхий мэргэн” зэрэг үлгэрүүдийг хүүхдийн сонирхолд нийцэхүйцээр олон талаас нь сэтгэж, хэний ч төсөөлөхгүйгээр учир утга шингээн урлах хөдөлмөрч бүсгүйг “Хөлсний амт” буландаа урьж ярилцлаа.

Япон хэлний орчуулагчаас гар урлал руу

Уг нь Б.Нармандахын эзэмш­сэн мэргэжил гар урлал­тай огт­хон ч холбоогүй. “Улаан­баа­тар” их сургуулийг Түүх, япон хэл­ний орчуулагч мэргэжлээр төгс­сөн хэдий ч, дургүйд хүч­гүй гэгчээр мэргэжлээрээ ажил­лах нь түүнд сонирхолтой санаг­даагүй аж. Гагцхүү мөнгө олж амьдралаа залгуулахын тулд орчуулга хийж нэлээд ху­га­цааг өнгөрөөжээ.

Тэр үүндээ ихэд харамсаж явдаг гэнэ. “Хай­ран залуу нас, цаг хугацаа минь тэнд өнгөрчихсөн ч юм шиг санагддаг” гэж ярьсан юм. Магад­гүй энэ бүхэн түүний өрөөсөн хөл дээрээ дэнжигнэж явсан үе байх. Харин гар урлал руу­гаа зам шулуудах болсон шалт­гаан нь их өвөрмөц юм билээ.

Б.Нар­мандах “Сургуулиа төг­­­сөөд орчуулга хийж байх үедээ хөөрхөн охинтой болсон. Гэр­­тээ хүүхдээ хараад суудаг ээжүүд юу хийдэг тэр бүхнийг хий­­­гээд л энд тэндэхийн юм ухаж төнхөөд өдрийг өнгө­рөө­дөг байлаа. Гэрт байгаа бүхий л со­нин, сэтгүүл, номыг уншина. Ямар нэг юм хиймээр байдаг, хаанаас яаж санаагаа олохоо мэдэхгүй байсан л үе. Хайж хайж их гоё ном уншиж билээ.

Хүүх­дэд зориулсан бүхий л юм байдаг. Түүнийг хараад, тэр гоё зүйлийг хийж сурах юм­сан. Монголд ийм материал нь хэзээ орж ирэх юм болоо гээд л өдөр бүр дэлгэж хардаг бай­лаа.

Тэр үед одоогийнх шиг юм юм элбэг дэлбэг байсангүй. Яагаад ч юм тэр номыг унш­санаас хойш байж ядаад бүр бол­доггүй. Өдрийн бодол шө­нийн зүүд болсон. Аргаа ба­раад өөрийнхөө өмсдөггүй цамц, өмдөө хайчилж охиндоо зо­риу­лаад нэг хөөрхөн тоглоом хий­сэн юм.

Тэр миний хүсэж байсан эхлэл байсан. Миний аав ч үүнийг хүсэж байсан юм билээ. Аав маань эхлээд жоо­хон дургүй байдаг байлаа. Хи­чээл номондоо анхаарлаа хандуу­лах­гүй хэрэггүй юманд цагаа үрлээ гээд л. Үүний дараа төд удалгүй аавын маань бие гэнэт муудаад хэвтэрт орчихсон юм.

Намайг дуудаж ирээд “миний охин, үүнийгээ хийгээд заавал амжилтад хүрээрэй. Аав нь өдий хүртэл охиноо ойлгоогүй явжээ. Нөгөө л нэг коминуст үз­лээрээ хандаж байсан бай­на. Энэ их авьяасыг чинь хөг­жүүлж чадаагүй аавыгаа ууч­лаарай” гэж хэлээд бурхан бол­сон.

Тэр үед би ааваа таны зөв, буруу байжээ ч гэж хэлж ча­далгүй гарыг нь атгаж суу­саар байгаад л явуулсан даа. Энэ өдрөөс би гэдэг хүн сэтгэл са­наагаар унаад зөвхөн аавын тэр хэлсэн үг л миний сэтгэлд код­логдоод үлдсэн. Өөр юу ч бодог­доогүй” хэмээн нулимс дуслуулан ярив. Магадгүй энэ бү­хэн түүнийг хүссэн зүйлд нь хүр­гэх эргэлтийн цэг байсан ч байж мэдэх юм.

Бизнесээ зэвэрсэн оёдлын машинаар эхлүүлжээ

Энэ бүхнийг эхлүүлэхэд түүнд зэвэрч муудсан оёдлын ма­шин, хөрш айлын ахаараа хийл­гэсэн ганц ширээнээс өөр юу ч байгаагүй аж. Зөвхөн хийх хүсэл л байв. Шөнө ч ун­тахгүй өнөөх ширээн дээрээ хэнд зориулж буйгаа өөрөө ч анзаарахгүйгээр, толгойд орж ирсэн бүхнээ оёж тавьдаг бай­жээ.

Харин нэг өдөр том ах нь ирээд дэлгүүрт ганц, хоёрыг та­виад үзээч гэж зөвлөсөн байна. Ахын­хаа хэлснээр ойролцоох дэл­гүүрт эсгийгээр урласан үл­гэ­рийн номоо тавьсан бөгөөд хү­мүүс ч сонирхож, илүү ол­ныг хийлгэе гэсэн хүсэлтүүд ирэх болжээ. “Яг энэ өдрийн орой охиныхоо төрсөн өдрөөр бэлэг­лэх үлгэрийн ном хийлгэх гэсэн юм. Эхний хавтсан дээр нь Тэлмэн гээд бичээд өгөөрэй.

Охин маань заавал таны хийсэн номыг авна гээд байх юм гээд нэг гэр бүл ирсэн. Тэр миний урам зоригийг улам хурцалсан. Магадгүй амьдралдаа хамгийн их баярлаж байсан зүйл тэр байх. Ээжээ захиалга ирсэн шүү та надад туслаарай гэж хэлээд өдөр шөнийг ч анзааралгүй оёж эхэлсэн дээ” гэж хэлэхдээ их л жар­галтай харагдаж байлаа. Тэр өд­рөөс хойш хаана л үзэсгэлэн болно түүн рүү ширээгээ үрээд л номоо цүнхлээд бидний нэрлэж заншсанаар “Дамбадаржаагийн эцэс”-ээс алхахдаа алхаж, суух­даа суусаар зорьсон газартаа оч­дог байсан гэнэ лээ.

Гэхдээ энэ бүхэн түүнд огтхон ч хүнд бай­гаагүй аж. Хийсэн бүтээл нь огт зарагдахгүй үе ч байх хэдий ч, хөлсөө дуслуулж олсон мөнгөөрөө гэрийнхээ жижиг өрөөг тохижуулан өөртөө ажлын байр бий болгож, түү­нийгээ “Нартай урлан” гэж нэр­лэжээ. Учир нь хүүхдийн төлөө хийсэн бүхэн сайхан энергитэй байдаг тул ийн нэрлэсэн аж. Түүний урласан номууд 20-35 мян­ган төгрөгийн хооронд бай­даг бөгөөд хэн ч үнэтэй байна гэж хэлдэггүй гэсэн.

Харин ч сэт­гэл зүрхээ зориулан сайхан зүйл хийж байгаад нь ихэд талархан урмын үг хайрладаг байна. Түүний ойрын туслах нь эдүгээ 70 гарч яваа ээж нь. Тэрбээр ээжийгээ та­нил­цуулахдаа “Ми­ний нарийн би­чиг” гэсэн. Охинд нь юу хэрэг­тэй байна тэр бүрт тусалж, ха­жууд нь үргэлж байдаг аж. “Охин маань бага байхдаа хөдөл­мө­рийн хичээлдээ их дуртай бай­сан.

Кино үзсэн ч, ном үзсэн ч түүнийгээ дуурайлгаж зурна. Би эхэндээ гайхдаг байлаа. Нэг өдөр охин маань ээжээ би том бо­лоод хүүхдэд зориулсан ном гар­гана гэж хэлж билээ. Би ч ту­хайн үедээ юу яриад байгааг нь ч ойлгоогүй өнгөрсөн. Тэр охины минь хүсэл мөрөөдөл байсан гэж хэзээ ч бодож байгаагүй.

Одоо тэр минь хүс­сэндээ хүрчихлээ. Энэ л эх хү­ний жаргал шүү дээ” хэмээн түүний ээж бахархан өгүүлэв. Хүний хүсэл гэгч агуу юм. Тэр жаахан охины ярьж байсан зүйл өнөө­дөр биеллээ олоод илүү олон хүүхдийг баярлуулаад явж байна. Түүнд үүнийг хэн ч зааж өгөө­гүй. Гагцхүү өөрийнх нь хийж чадна гэсэн чин хүсэл түү­нийг энэ бүхэн рүү хөтлөжээ.

Мэдээж энэ бүхнийг эхлүүлэхэд олон бэрхшээл тулгарч байсан. Харин тэр унахдаа өөрийгөө алгадаж, онохдоо урамшуулж явжээ. Түүний дараагийн зо­рилго нь өөрийн бүтээсэн үл­гэ­рийн номоороо дэлхийд таниг­дах аж. Үүгээр зогсохгүй, хойч үедээ зааж сургахын тулд сур­галтын орчин бий болгож, түүн­дээ зориулсан техник хэ­рэгс­лийг худалдаж авах мөн­гийг цуглуулсаар байгаа юм.

Хүн хүссэн зүйлээ хийнэ гэдэг хич­нээн сайхан. Дараа нь түүн­дээ хүрчихсэн шүү гээд гавьяагаа эдлэж суух хичнээн жар­галтай. Энэ бүх хугацаа амар­хан биш ч, хичээсэн бүхэн бүт­дэг юм байна. Хөлс хүчээ шав­хаж олсон мөнгө түүний хүсэл мөрөөдлийн жигүүр, хөдөл­мөрийнх нь “амт” байжээ.

Б.Алтанабагана