ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ОХУ Хөлбөмбөгийн ДАШТ-д бэлэн

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-06-12

Хөлбөмбөгийн ДАШТ хоёр өдрийн дараа ОХУ-д эхэлнэ. Манай хойд хөрш дэлхийн хүчирхэг нэгэн гүрэн боловч, Хөлбөмбөгийн ДАШТ зохион байгуулах эрхийг анх удаагаа авсан нь энэ юм. Тиймдээ ч тус тэмцээний зохион байгуулалтад онцгой анхаарал хандуулж, бэлтгэлээ аль хэдийнэ хангажээ. 
Энэ удаагийн хөлбөмбөгийн 21 дэх удаагийн ДАШТ-д дэлхийн шилдэг 32 баг тамирчид оролцох бөгөөд тоглолтууд 12 цэнгэлдэх хүрээлэнд болно. Тодруулбал,  “Екатеринбург Арена”, Сочи хотын “Стадион Фишт”, “Казань Арена”, “Стадион Калининград”, Москва хотын “Стадион Лужник”, “Стадион Спартак”, “Мордов Арена”, “Стадион Нижний Новгород”, “Ростов Арена”, “Самар Арена”, “Санкт-Петербург Арена”, “Волгоград Арена”-д тус тус зохион байгуулагдах бөгөөд нээлт нь Москвагийн алдарт “Лужник” цэнгэлдэхэд болох юм. 

Дээрх цэнгэлдэхүүдээс хамгийн их анхаарал татаж буй нь Санкт Петербург. Үүнийг өөрөөр “Зенит арена” хэмээн нэрлэдэг. Нийтдээ 68 мянган хүний суудалтай эл цэнгэлдэх хүрээлэнгийн загварыг Японы архитектур гаргасан бөгөөд гаднаас нь харахад яг л хөлөг онгоц шиг харагддаг аж.  Нөгөөтэйгүүр, бүрэн баригдаж дуусах хүртлээ 10 гаруй жилийг зарцуулсан гэх баримт байдаг юм байна. Барилгын нийт өртөг нь 48 тэрбум рубль. Угтаа цэнгэлдэхийн барилгын ажил 2006 онд эхэлсэн боловч, нэмэлт зардал, барилгын ажилчдын цаг бусын үхэл, элдэв саад бэрхшээлээс үүдэн 2016 онд ашиглалтад орж байжээ. 

ОХУ Хөлбөмбөгийн ДАШТ-ий зохион байгуулалт, бэлтгэл ажилд нийтдээ 20 тэрбум ам.доллар төсөвлөсөн байдаг.  Үүний 10 тэрбумыг зөвхөн бэлтгэл ажилд зарцуулснаас тэн хагас нь дэд бүтцийг хөгжүүлэхэд зориулагдсан байна. Ялангуяа,  ДАШТ-ий тоглолтууд болох хотуудын нисэх онгоцны буудлуудыг засварлаж, шинэчлэхэд  зарцуулагджээ.  Тухайлбал, Самар хотод шинэ трамвайн шугам тавьсан байна. Мөн Саранск хотод шинээр хоёр зочид буудал, жижиг орон сууцны хорооллууд барьжээ.  Түүнчлэн, төмөр зам, авто замын сүлжээг шинэчилснээс гадна хотуудын хооронд хурдны галт тэрэгний  зам тавьж, хотоос хот хүртэл зарцуулах хугацааг багасгахад зохион байгуулагчид онцгой анхаарал хандуулсан байна. 

ДАШТ-ийн бэлгэдэл нь чоно

21 дэх удаагийн Хөлбөмбөгийн ДАШТ-ий бэлгэдэл нь Забивака чоно. Тус бэлгэдлийн загварыг интернэт санал асуулгаар тодруулсан бөгөөд Экатерина Бочарова гэх оюутан гаргажээ. Чоно улаан богино өмд, хөх  ханцуйтай цагаан фодвулк, шар спорт загварын шилтэй. Фодвулкны энгэрт “ОХУ 2018” гэсэн бичээстэй аж. Эдгээр цагаан, хөх, улаан өнгө нь ОХУ-ын далбааны өнгө юм. 

Тасалбар

ДАШТ-ий тасалбар борлуулалтын эхний шат өнгөрсөн оны есдүгээр сарын 14-нд эхэлсэн. Хөлбөмбөгийн хорхойтнууд “Fifa.com” гэсэн цахим хуудсаар нэвтэрч, албан ёсны бүртгэл үүсгэж, аравдугаар сарын 12-ны дотор тасалбар авах маягт бөглөж, баталгаажуулснаар тасалбар авах эрхтэй болох бөгөөд үүнээс түүврийн аргаар сонгогджээ. Түүнчлэн, тэмцээнд оролцогч, үзэгчдийн аль аль нь иргэншилтэй эсэхээс үл хамаарч тэмцээний үеэр болон өмнө нь ОХУ-д визгүй зорчих боломжтой.  Үзэгчид тусгай зураг болон нууц үг бүхий “Fan-ID” бүртгүүлж,  “Fan-ID”-гээ үнэмлэхийн хамт үзүүлээд ОХУ-д визгүй зорчих боломжтой гэнэ. Мөн үүгээрээ нийтийн тээврийн үйлчилгээг үнэ төлбөргүй авах эрхтэй аж.  ДАШТ-ий тасалбар анх удаагаа 1000 ам.доллар давсан гэдгээрээ өмнөх тэмцээнүүдээс онцлог болж байгааг энд дурьдахгүй өнгөрч болохгүй биз ээ. Тодруулбал, тэмцээний сүүлийн өдрийн тасалбаруудыг хөлбөмбөгийн хорхойтнууд 1100 ам.доллароор худалдан авчээ.  Өмнө нь Бразилын Рио де Жанейро хотод болсон Хөлбөмбөгийн ДАШТ-ий сүүлийн өдрийн тоглолтууд 990 ам.доллар байсан юм. Харин Оросын иргэдэд тасалбар илүү хямд үнээр буюу 1280 рублиэр хүрсэн байна. 

Сүлд дуу

Тэмцээний албан ёсны сүлд дуу нь “Live It Up”. Уг дууг Уилл Смит, Ники Жэм, Эра Истрефи нар дуулжээ. Дуу тавдугаар сарын 25-нд сонсогчдод хүрч эхэлсэн бол клип нь зургадугаар сарын 8-нд олон нийтэд хүрч эхэлсэн байна.

Шагнал

Хөлбөмбөгийн дэлхийн аварга болсон баг хэдий хэрийн мөнгө “хожих” вэ гэдэг нь уншигчдын анхаарлыг зүй ёсоор татах биз. Тэгвэл 21 дэх удаагийн ДАШТ-ий шагналын сан 400 сая ам.доллар. Энэ нь  “Бразил 2014” ДАШТ-ийнхээс даруй 42 сая ам.доллароор илүү байгаа юм. Дөрвөн жилийн өмнө дэлхийн аварга болсон Германы баг 35 сая ам.доллар авч байсан бол “ОХУ 2018” ДАШТ-ий түрүү баг 38 саяыг хүртэнэ. Мөнгөн медальтан 28 сая, хүрэл медаль хүртсэн баг 24 сая ам.доллар хүртэх аж. 

ДАШТ-д оролцох багууд 

Нөгөөдөр Саудын Араб-ОХУ-ын тоглолтоор эхлэх ДАШТ-д 32 баг оролцоно гэдгийг дээр дурьдсан билээ. Тэгвэл дэлхийн таван удаагийн аварга Бразилын шигшээ баг нэг ч удаа өнжилгүй буюу 21 дэх удаагаа Хөмбөгбөгийн ДАШТ-ий ногоон талбайд гарах нь. Харин Исландын шигшээ анх удаагаа оролцож байгаа бол олон шилдэг багууд оролцож чадалгүй жагсаалтын гадна үлдэж байна. Дэлхийн аваргад оролцох багуудыг дурьдвал, ОХУ, Бельги, Англи, Франц, Герман, Исланд, Польш, Португал, Серби, Испани гэсэн багууд хэсгээ тэргүүлэн шууд ДАШТ -д оролцож буй бол нэмэлт эрхээр Хорват, Дани, Швед болон Щвейцарын багууд буурал тивийг төлөөлөн оролцохоор болсон юм. Харин Африк тивийг Египет, Морокко, Нигери, Тунис, Сенегалын багууд төлөөлөн оролцоно.
Хойд болон Төв Америкаас  Коста Рика, Мексик, Панама оролцох бол Өмнөд Америкийн бүсээс Аргентина, Бразил, Колумб, Перу, Уругвай, Ази тивээс Австрали, Иран, Япон, Сауди Араби болон Солонгосын багууд тус тус оролцоно.