Хөдөлмөр, халамж, үйлчилгээний ерөнхий газраас иргэдэд үзүүлдэг Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний талаар Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Г.Анхбаяраас тодрууллаа.
-Нийгмийн халамжийн үйлчилгээ хэдэн төрөл байдаг вэ?
-Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ, төрөлжсөн асрамжийн үйлчилгээ гэсэн хоёр төрөлтэй байдаг.
-Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ гэж юу вэ?
-Зорилтот бүлгийн хүмүүст амьдралын итгэл үнэмшил, бие даан амьдрах чадвар, хөдөлмөрийн дадал олгох, авьяасыг нь дэмжих зорилгоор сургалт зохион байгуулах үйлчилгээг олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ гэж ойлгож болно. Энэ халамжийн хүрээнд зорилтот бүлгийн иргэдэд сэтгэлзүйн зөвлөгөө өгөх, уламжлалт болон орчин үеийн тоног төхөөрөмж бүхий сэргээн засах үйлчилгээнд хамруулах ажлыг хийдэг. Мөн хүчирхийлэлд өртсөн хүн, гэр оронгүй тэнэмэл хүмүүсийг түр байрлуулан асрамжлах, өдрийн үйлчилгээнд хамруулдаг. Ганц бие, хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настан, гэр оронгүй иргэн, түүний гэр бүлийн гишүүдийн амьдрах итгэлийг нэмэгдүүлэх, нийгэмшүүлэх, бичиг баримтжуулах, түр хоноглох байранд байрлуулах ажлыг олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ гэж ойлгож болно. Хөдөлмөр, халамжийн хэлтсээс зорилтот бүлгийн хүмүүсээс хамт олны бүлэг бүрдүүлэх, тэднийг орлогын эх үүсвэртэй болгох төсөл хэрэгжүүлж, амьдрах ухаанд сургах есөн төрлийн үйлчилгээг хүргэн ажиллаж байгаа.
-Зорилтот бүлгийн хүн гэж ямар хүнийг хэлээд байна вэ?
-Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүнд нөхцөлд байгаа хүүхэд, мөн хүчирхийлэлд өртсөн, хорих ангиас суллагдсан, согтуурах, мансуурах донтох өвчтэй, эдгэшгүй хүнд өвчтэй хүн, гэр оронгүй тэнэмэл амьдралтай өрх, иргэн, шилжин суурьшсан нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа шаардлагатай өрхийн гишүүн, өрх толгойлсон эх, эцгийг хэлдэг.
-Зорилтот бүлгийн хүмүүс олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд хамрагдах хүсэлтээ хаана гаргах ёстой вэ?
-Халамжийн үйлчилгээнд хамрагдах хүсэлтээ бичиг баримтын хамт бүрдүүлж сум, хорооны нийгмийн халамжийн ажилтанд өгнө.
-Халамжийн үйлчилгээнүүдийг хэн, хэрхэн зохион байгуулдаг вэ?
-Бүлгийн зохион байгуулалтын төсөл сонгон шалгаруулахаас бусад халамжийн үйлчилгээг магадлан итгэмжлэгдсэн ААН, төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлдэг.
-Эдгээр төрийн бус байгууллагуудыг хэрхэн сонгодог вэ?
-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын А/391 тушаалын дагуу орон тооны бус гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг магадлан итгэмжлэл явуулдаг. Магадлан итгэмжлэлд тэнцсэн байгууллагууд тухайн жилд нээлттэй зарласан тендерт оролцон үйлчилгээ эрхлэх зөвшөөрлөө авдаг. Бидний зүгээс тухайн байгууллага нь иргэдэд үйлчилгээ үзүүлэх тохилог байр, орон, мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан байх шаардлагыг тавьдаг.
-Бүлгийн төсөл хэрэгжүүлсэн иргэдэд санхүүгийн буцалтгүй тусламж олгодог гэсэн энэ талаар мэдээлэл өгнө үү?
-Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний ес дэх төрөл нь бүлгийн төсөл юм. Зорилтот бүлгийн хоёр өрх болон түүнээс дээш өрхийн гишүүд саналаараа нэгдэн, бүлэг үүсгэж, ажлын байр бий болгосон тохиолдолд 500 мянгаас 1.5 сая хүртэлх төгрөгийн буцалтгүй тусламж олгодог.
-Бүлгийн төслийн сонгон шалгаруулалтыг хэзээ зохион байгуулдаг вэ?
-Жил бүрийн нэгдүгээр улиралд харьяа дүүрэг хорооны халамжийн ажилтнууд бүлгийн төслийг авч, сонгон шалгаруулалт зохион байгуулна. Шаардлага хангасан төслийн санхүүжилтийг зургадугаар сарын 15-ны дотор өгдөг.