ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Мөнхийн дайсан гэж үгүй”

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-06-13

-АНУ, БНАСАУ Элчин сайд нараа удахгүй томилно-

Нэгэн цагт “Сэтгэцийн өвчтэй пуужин хүү”, “Зөнөг өвгөн” гэх зэргээр нэг нэгийгээ гутаан доромжилж, зэр зэвсгийн хүчээрээ өрсөлдөж  байсан хоёр эрхэм өчигдөр Сингапурын энх­тайван, амар амга­ланг бэлгэдсэн утгатай  “Сентоза”  аралд  анх удаа гар барилаа. 

Солонгосын хойгт өрнөсөн хүйтэн дайн дуусгавар болсноос хойш  АНУ-БНАСАУ энхийн гэрээ байгуулаагүй, дайсагнасан харилцаатай бай­сан юм.  Ха­рин өчигдөр хоёр улсын төрийн тэргүүн  тус арлын  “Капелла” гэх тансаг зэрэглэлийн зочид буудалд уулзалт хийснээр, түүхэн үйл явдлын эзэд болов. 

Учир нь сүүлийн 60 орчим жилийн хугацаанд АНУ-ын төрийн тэргүүнүүдээс Умард Солонгосын удирдагчтай уулзсан хүн байхгүй бөгөөд Д.Трамп анхдагч болж байгаа гэдгээрээ онцлог байв.  

“Капелла” зочид буудалд уулзалт өглөөний 09:00 цагт эхэлж, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, БНАСАУ-ын төрийн тэргүүн Ким Жон Ун нар гар барин мэндчилж, зургаа татуулснаар ганцаарчилсан уулзалт эхлэв. Тус уулзалт хөтөлбөр ёсоор 45 минут үргэлжилсэн юм. Үүний дараа  АНУ-аас тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео, Ерөнхийлөгчийн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх Жон Болтон болон Дотоодын аюулгүй байдлын сайд Жон Келли нарын долоон төлөөлөгч,  Умард Солонгосын талаас  Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны орлогч дарга Ким Ён Чоль мөн тус хорооны орлогч дарга бөгөөд олон улсын асуудал эрхэлсэн хэлтсийн эрхлэгч Ли Су Ён болон Умард Солонгосын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо нарын найман төлөөлөл  нэмэгдэж,  өргөтгөсөн хуралдаан хийлээ. Хурлын дараа талууд хамтдаа үдийн зоог барьсан бөгөөд ресторанаас зочид буудал хүртэл Ким, Трамп нар хамтдаа алхжээ. Үдийн зоогийн дараа талууд хамтарсан баримт бичигт гарын үсэг зурсан юм. Энэ үеэр Д.Трамп хоёр талын яриа хэлэлцээр гайхалтай болж өнгөрснийг онцолж, цаашид Умард Солонгостой найрсаг харилцаатай байна гэж найдаж буйгаа илэрхийлсэн аж.  Мөн дахин уулзана гэдгээ тодотгож байжээ. Тус баримт бичигт гарын үсэг зурсны дараа Ким Жон Ун “Сентоза” арлыг орхиж, Сингапурын төвд байрлах “Режис” зочид буудал руугаа буцсан бол Д.Трамп сэтгүүлчдэд уулзалтын үр дүнгийн талаар мэдээлэл хийв. Тэрбээр хоёр улсын түүхэн дээд хэмжээний уулзалт маш үр дүнтэй болсон гэдгийг онцолсноос гадна  АНУ-аас Умард  Солонгосын эсрэг  тавьсан хоригийг хэвээр үлдээсэн гэлээ.  Гэхдээ Пхеньян Солонгосын хойгийг  цөмийн зэвсгээс бүрэн ангижруулсан цагт хоригийг цуцалж болно хэмээсэн юм.  Үүнээс гадна, тэрбээр АНУ болон БНАСАУ  харилцан Элчин сайдуудаа тун удахгүй солилцоно гэдгийг тодотголоо. 

Тэд  хүний эрхийн асуудлыг ч мөн хэлэлцжээ.  Гэхдээ  уулзалтын үр дүнд хоёр тал хамтарсан баримт бичигт дөрвөн зүйлийг тодотгосон гэдгийг эх сурвалжууд гэсэн юм. Үүнд:  

• Хоёр улсын ард түмний хүсэл, сонирхолтой холбогдуулан АНУ–БНАСАУ шинэ харилцааг бий болгох 
• Солонгосын хойгт БНАСАУ болон АНУ энх тайвны замаар тогтвортой байдлыг бий болгох
• Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 27-нд Панмонжумд баталсан тогтоолын дагуу Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах
• 1950-1953 оны хооронд болсон Солонгосын дайнд үрэгдсэн, сураггүй алга болсон АНУ-ын цэргүүдийг хайх ажиллагааг эхлүүлэх

Мөнхийн дайсан гэж байдаггүй, мөнхийн эрх ашиг л байдаг гэх үг байдагчлан дайсагнасан харилцаатай байсан хоёр улсын төрийн тэргүүнүүд ийнхүү нэг эрх ашгийн дор нэгдсэн нь энэ байлаа. Тус түүхэн үйл явдлыг 3000 гаруй сэтгүүлч сурвалжлан шууд дамжуулан үзүүлсэн бөгөөд дэлхий нийт  өчигдөр тэр чигтээ Ким, Трампын уулзалтаар “амьсгалав”. 

Урилгагүй зочин 

Энэ удаагийн АНУ-БНАСАУ-ын төрийн тэргүүнүүдийн уулзалтын бүрэлдэхүүнд багтаж, албан ёсоор уригдаагүй ч, даваа гарагийн шөнө Сингапурт буусан хүн бол тэтгэвэртээ суусан сагсанбөмбөгч Деннис Родман.  Тэрбээр Умард Солонгосын төрийн тэргүүний найз төдийгүй Доналд Трамптай ч сайн харилцаатай нэгэн.  Родман  Сингапурын “Чанги” нисэх онгоцны буудалд газардсаныхаа дараа өөрийн твиттер хуудастаа “АНУ-БНАСАУ-ын төрийн тэргүүнүүдийн түүхэн уулзалттай холбоотойгоор Сингапурт ирлээ. 

Ерөнхийлөгч Д.Трампын уулзалт амжилтад хүрч, дэлхий дахинд ач тусаа өгнө гэж найдаж байна” хэмээн жиргэсэн байдаг.  Гэсэн ч, Д.Трамп өмнө нь “Тэр сайн хүн ч, түүхэн уулзалтад уригдаагүй” хэмээж байсан юм. Үнэхээр ч тэр өчигдөр яг ямар үйл ажиллагаанд оролцох нь тодорхойгүй байв. Нөгөөтэйгүүр, өөрийн амьдралд нь тулгарч байсан бэрхшээлийг “CNN” агентлагт нулимс дуслуулан ярьсан нь нийгмийн сүлжээнд цацагдлаа. 

Тэрбээр Ким Жон Унтай уулзсаныхаа төлөө гэртээ ч харьж чадахгүй 30 хоногийн турш бусдаас нуугдан амьдарч байсан тухайгаа ч ярьжээ. Родман “БНАСАУ-ын удирдагчтай нөхөрлөснийхөө төлөө  гадуурхагдаж, гэртээ ч харьж чадахгүй заналхийлуулж байсан.  Ким Жон Уныг эх орныхоо төлөө өөрчлөлт хийж чадна гэдэгт байнга  итгэдэг байлаа. Би үүнийг урьдчилан хэлснийхээ төлөө ад үзэгдсэн. Чамайг амласандаа хүрч, ийм алхам хийнэ гэдгийг мэдэж байсан шүү”, дүү минь гэж хэлээд уйлжээ.  Тэрбээр Ким Жон Уныг 2011 онд төрийн тэргүүн болсноос хойш таван удаа Пхеньянд зочилж байв.