Зургадугаар сарын цаг агаарын нөхцөл байдал болон үүлэнд зориудаар нөлөөлж буй талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын мэргэжилтэн Г.Мөнгөнбаатараас тодрууллаа.
-Энэ сард хур тунадас орох уу?
-Энэ сарын эхээр болон сүүлээр бороо орох төлөвтэй байсан. Салхилаад үүл тогтохгүй байсны улмаас бороо орохгүй байсаар сарын эхэн үе дууслаа. Зургадугаар сарын хоёр дахь 10 хоногийн дунд үеэр болон сүүлээр хур тунадас орохоор харагдаж байгаа. Бүс нутаг, багахан газар нутгийн хамарсан үүлний бөөгнөрөл харагдаж байсан. Гэхдээ тэр нь халалтаас шалтгаалсан жижиг хэмжээний үүл байгаа учраас тэнд, энд бороо орно гэж хэлэхэд хэцүү байна.
-Өнөөдрийн байдлаар хэдэн удаа үүлэнд зориудаар нөлөөлсөн бэ?
-Бид үүлэнд нөлөөлөх үйл ажиллагааг тасралтгүй явуулж байгаа. Одоогийн байдлаар 45 экспидец монгол орны хэмжээний ажиллаж байна. Бороо орох хэмжээнд үүл гараад ирвэл өөрсдөө харвалт хийгээд явж байгаа. Зургадугаар сарын 01-ний байдлаар 120 гаруй удаа үүлэнд үйлчилж, 516 пуужин зарцуулчихаад байна. Өдөр болгон үүлэнд зориудаар нөлөөлж байгаа. Пуужингийн нөөц энэ жилдээ хангалттай хүрэлцэнэ.
-Үүлэнд зориудаар нөлөөлснөөр үр дүн хэр гардаг вэ. Хүмүүс үр дүн гарахгүй байна гэж яриад байдаг?
-Үүлэнд зориудаар нөлөөлснөөр зарим газруудаар хур тунадас хангалттай орсон. Орж байгаа процессыг нэмэгдүүлэх үйл ажиллагааг тогтмол явуулж байна. Төв суурин газруудаар бороо дамжин орох нь тааруухан байгаа. Гэхдээ үүл тогтонги муутай байгаа учраас монгол орны хэмжээнд хур тааруухан байна. Салхи болон өдөр шөнийн температурын контраст зэрэг хүчин зүйлийн улмаас үүлэнд зориудаар нөлөөлөх ажлын үр дүн сайн биш байдаг. Жаахан үүл гараад ирэхээр салхилаад хөөчихнө. Үүний улмаас үүлний тодорхой хэмжээний бүтцэд өөрчлөлт орж байна гэсэн үг. Үр дүнгийн талаар ярихад арай эрт байна.
-Үүлэнд зориудаар нөлөөлөхдөө ямар арга хэрэглэдэг вэ. Мэргэжлийн хүмүүс энэ ажлыг хийдэг үү?
-Цаг агаарын үзэгдэл, цаг уурын системийн байгууллагад ажиллаж ажилчид бүгд мэргэжлийн чиглэлийн хүмүүс байдаг. Пуужин нь тэсрэх, дэлбэрэх бодисын ангилалд ордог учраас энэ чиглэлийн мэргэжлийн боловсон хүчнүүдийг авч ажиллуулдаг. Мөн жилд хоёроос гурван удаа хүмүүсээ давтан сургалтад хамруулдаг байгаа. Түүнчлэн, шинээр орсон хүмүүсээ зайлшгүй сургалтад хамруулж эрхийн гэрчилгээ олгодог. Тийм учраас мэргэшсэн хүмүүс үүлэнд нөлөөлөх үйл ажиллагаа явуулдаг гэж ойлгож болно. Үүлэнд зориудаар нөлөөлөхдөө хоёр арга хэрэглэдэг юм. Тодруулбал, нэгдүгээрт бороо орох үүл гарч ирэх үед үүл рүү чиглүүлж байгаад пуужин харвана. Хоёрдугаарт, өндөр уулын орой дээр ноцоох зуух байрлуулна. Зуухнаас утаа дээш гарч үүлэнд очно. Ингэж үүлэнд зориудаар нөлөөлж бороо оруулдаг байгаа.
-Хур тунадас улсын аль нутгаар их орж байна вэ. Хур тунадас ороогүй газар байгаа юу?
-Хур тунадас огт ороогүй газар гэж байхгүй. Бага ч гэсэн орж байгаа. Зарим сард нь бороо ороогүй тохиолдол бий. Бид дөрөвдүгээр сарын 01-нээс эхэлж үүлэнд нөлөөлөх үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Салхи шуурга ихтэй байгаа учраас бороо бага орсон газрууд байна. Монгол орны хойд хэсгээр, тухайлбал Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зүүн өмнөд хэсэг, Төв аймгийн өмнөд зүүн хэсэг, Архангай, Завханы зүүн хойд хэсгээр гайгүй бороо орсон. Гэвч салхи ихтэй байгаа учраас орсон хур тунадаст ургамал, ногоо сэргэхгүй байна.