Солонгосын хойгт өрнөсөн цус асгаруулсан дайнаас хойш 60 жилийн турш дайсагнасан харилцаатай байсан АНУ-БНАСАУ-ын төрийн тэргүүнүүд Сингапурын “Сентоза” аралд түүхэн уулзалт хийсэн билээ. Тус уулзалтаар Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп нар юу ярилцаж, ямар үр дүнд хүрсэн гэдгийг бид өмнөх дугаартаа нийтэлсэн. Харин энэ удаа зохион байгуулагч улс болох Сингапурын Засгийн газар түүхэн уулзалтад хэрхэн бэлтгэж, хэчнээн хэмжээний зардал гаргаж, басхүү хэд орчим ашиг орлого олсныг уншигчиддаа сонирхуулж байна.
Зохион байгуулалтад нийтдээ 19.6 сая сингапур доллар зарцуулав
Ким, Трамп нарын уулзалтыг зохион байгуулах боломжтой газраар хэд, хэдэн хот нэрлэгдэж байсан. Тэдний дунд манай улсын нийслэл Улаанбаатар ч багтаж байсан ч, аюулгүй байдал, зохион байгуулалтыг дээд зэргээр хийж чадна гэх үзүүлэлтээр Сингапур тус уулзалтыг зохион байгуулахаар болсон юм. Хоёр улсын удирдагчдын уулзалтын гол сэдэв энхтайвныг тогтоох байсан. Тэр утгаараа Сингапурын “Сентоза” арлыг сонгосон нь тохиолдлын хэрэг биш. Учир нь “Сентоза” гэдэг нь “Энхтайван, амар амгалан” гэсэн утгатай үг юм. Харин тус аралд байрлах тансаг зэрэглэлийн “Капелла” зочид буудалд түүхэн уулзалт болсон байдаг. Тус зочид буудлын загварыг Их Британийн архитектур Норман Фостар гаргасан бөгөөд 112 өрөө, хотхоноос бүрддэг байна. Үүнээс гадна уг зочид буудал харуул хамгаалалт, аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан байдаг аж.
Энгийн үед ч “Капелла” зочид буудал руу хэр баргийн хүн нэвтрэх боломжгүй байдаг юм байна. Үүнийгээ дагаад төлбөр нь ч өндөр. Тодруулбал, жирийн өрөөнд нь нэг шөнийг өнгөрүүлэхэд л 400 евро төлөх шаардлагатай гэнэ. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, мөн түүнийг дагалдан яваа төлөөлөгчид Шангри-Ла зочид буудалд буудалласан бол Ким Жон Ун “Режис”-т байрласан билээ. Тэгвэл эдгээр зочид буудлын нэг хоногийн төлбөр дунджаар 300 евро байдаг аж. Нөгөөтэйгүүр, БНХАУ, БНСУ-ын төлөөлөгчдийн байрласан зочид буудлын төлбөр ч нэлээд жин дарах нь гарцаагүй юм. Ким, Трампын түүхэн уулзалтыг сурвалжлах сэтгүүлчдийн бүрэлдэхүүнийг ч орхигдуулж болохгүй билээ. Учир нь энэ ч гэсэн зохион байгуулалтын нэг хэсэг байсан юм.
Уулзалтыг сурвалжлахаар Сингапурт 3000 сэтгүүлч ажилласан байдаг. Тэдний байрлах байр, зочид буудал, зоог зэрэгт ч нэлээд хэмжээний хөрөнгө зарцуулсан байна. Сингапур “Formula One” мото уралдааныг зохион байгуулдаг. Тэгвэл тус уралдааны мэдээ, мэдээллийг дамжуулахад ашигладаг хэвлэл мэдээллийн төвд сэтгүүлчид ажиллаж, уулзалтын сонин сайхныг дэлхий даяар шууд дамжуулан үзүүлсэн байна. Гэхдээ энэ удаа тусгай тайзыг шинээр барьж, тэндээ 2000 ажлын ширээ, дэлгэц, явуулын станц бүхий автомашин, кабелын сүлжээ зэргийг бэлтгэжээ. Энэ мэтээр Сингапурын Засгийн газар Ким, Трамп нарын уулзалтын зохион байгуулалт, аюулгүй байдалд нийтдээ 19.6 сая сингапур долларыг зарцуулсан байна. Энэ мөнгийг монгол төгрөгт шилжүүлж тооцвол 36 орчим тэрбум төгрөг болох билээ. Гэхдээ Сингапурын хувьд 20 сая доллар тийм ч их мөнгө биш. Учир нь тэд жил бүр 150 сая сингапур долларыг “Формула 1” уралдааныг зохион байгуулахад зарцуулдаг юм.
5000 цагдаа хамгаалалтад гарч, дрон, чанга яригчийг хоригложээ
Ким, Трампын уулзалтын үеэр Сингапурт 5000 цагдаа, цэргийн алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан байна. Хэдий АНУ, БНАСАУ-ын төрийн тэргүүнүүд өөрсдийн хамгаалалтын албатайгаа хүрэлцэн ирсэн ч, тэдний буудаллах зочид буудал, явах зам, гудамжуудад дээр дурьдсан хууль, хяналтын байгууллагынхан ажиллажээ. Мөн өнөөдөр хүртэл хотын хэд хэдэн хэсэгт оршин суугчдад зориулсан аюулгүй байдлын санамжуудыг байрлуулсан байна. Түүнчлэн, дээр дурьдсан хоёр улсын удирдагчдын буудалласан буудал, явах зам талбай бүхий тусгай хэсгүүдэд дрон нисгэж, чанга яригч хэрэглэн, зэр зэвсэг биедээ авч явахыг хоригложээ. Ингэснээр цагдаагийн алба хаагчид тухайн хэсгүүдээр нэвтэрсэн бүх хүмүүсийн биед нэгжлэг хийж байжээ. Мөн энэ сарын 11, 12, 13-ны өдрүүдэд Сингапурын агаарын бүсэд ямар нэг нислэг хийхийг хориглох арга хэмжээ авснаас гадна энэ хугацаанд гадны улс руу зорчих иргэдэд нислэгээ хойшлуулах санал тавьсан байна.
Сингапур 20 гаруй сая долларын ашиг олно
Сингапурын Ерөнхий сайд Ли Сяньлуны хэвлэлд мэдээлснээр түүхэн уулзалтад 19.6 сая сингапур доллар зарцуулсан гэдгийг дээр дурьдсан билээ. Гэхдээ уг зардлын задаргаа нь нийтэд ил болоогүй байгаа юм. Тэгвэл тус улс ийм хэмжээний зардал гаргаж, эсрэгээр хэчнээн хэмжээний орлого олсныг хэвлэлд хэрхэн мэдээлж буйг сонирхоё. Сингапурын олох ашиг орлогыг тооцоход хамгийн чухал байр суурийг аялал жуулчлалын салбар эзлэх билээ.
Тус улсын Аялал жуулчлалын байгууллагаас гаргасан статистик мэдээллээс үзвэл, нэг жуулчид гурван өдөр Сингапурт байрлахдаа хамгийн багадаа 1500 сингапур доллар үрдэг гэсэн тооцоо байдаг аж. Тэгвэл Ким, Трамп нарын уулзалтын үеэр буюу түүхэн үйл явдлын гэрч болохоор зөвхөн энэ долоо хоногт Сингапурт 4000 жуулчин очсон гэсэн тооцоо байна. Үүнийг дээрх үзүүлэлтээр тооцвол 21 сая сингапур долларын орлого олно гэсэн урьдчилсан тооцоо гарчээ. Нөгөөтэйгүүр, Сингапурын Худалдаа, аж үйлдвэрийн сайд С.Исваранин “Straits Times” сонинд маш сонирхолтой нэг зүйлийг дурьдсан байсан юм. Тэр нь мөн л аялал жуулчлалын орлого. Түүний ярьснаар, Сингапур Ким, Трампын уулзалтыг зохион байгуулахад зарцуулсан зардал нь аялал жуулчлал, урлаг, соёлын үйл ажиллагаа, бусад зохион байгуулалтаас олох ашиг орлогынх нь ердөө тав хуваасны нэг хэсэг гэнэ.
С.Исваранин уулзалтын үеэр тус улсад гадна, дотны төлөөлөгч, жуулчин, аялагчид гээд нийтдээ 450 мянган хүн очиж, 1.4 тэрбум сингапур долларын орлого оруулна гэдгийг онцолсон байв. Дашрамд дурьдахад, зөвхөн энэ долоо хоногт шинэ нэр төрлийн хачиртай талх гаргасан нь, олон жуулчдын анхаарлыг татсан гэнэ. “Энхтайвны бургер” гэх нэртэй эл талхны орцонд америк бяслаг, солонгос шарсан мах багтсан байна. Нөгөөтэйгүүр, “Пуужин залуу”, “Эл Трамп” гэх зэргээр нэрлэсэн хоолнуудаар томоохон ресторанууд үйлчилж байжээ. Аялал жуулчлалаас гадна Сингапур дурсгалын зоос таван сая сингапур долларын ашиг олсон байна. Тодруулбал, АНУ-БНАСАУ-ын төрийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалтад зориулж, “Сингапур Минт” гэх компани алт, мөнгө, никель хийцтэй дурсгалын зоос гаргасан байдаг. Алтан зоосоо тэд 1000, мөнгөн зоосыг 15 мянган ширхэг үйлдвэрлэжээ. Алтан зоосны нэг бүрийн үнэ 1380, мөнгөн зоос 118 сингапур долларын үнэтэй бол никель хийцтэй нь 36 синг.доллар. Эдгээрийг тус улсад зочилсон жуулчид, төлөөлөгч, орон нутгийн иргэдэд зарахад таван сая сингапур долларын ашиг орлого олох юм байна.