ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Он гарснаас хойш зам тээврийн ослоор 366 хүн амиа алджээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-09-10

Монгол Улс гурван сая гаруй хүн амтай. Гэтэл хоногт тэдний 1-2 нь зам тээврийн ослоор нас бардаг гэх харамсалтай мэдээллийг Тээврийн цагдаагийн алба­наас өглөө. Энэ тоо бол зөвхөн дунджилсан үзүүлэлт. Гэтэл нэг ослын улмаас хэд, хэдэн хүн нас барах тохиолдол цөөнгүй бий.

Ингээд бодохоор зам тээврийн осол монголчуудын нас баралтын голлох шалтгааны нэг болсон гэхэд хэтийдэхгүй юм. Энэ оны эхний найман сарын байдлаар зам тээврийн ослоос үүдэлтэй нас баралт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 18.2 хувиар өсчээ. Тодруулбал, өнгөрсөн оны эхний найман сарын байдлаар зам тээврийн ослоос үүдэж, газар дээрээ нас барсан хүний тоо 192 байсан бол энэ жил  227 болж өсчээ. Харин эмчилгээ хийлгэж байгаад, эсвэл бэртлээ даалгүй өөд болсон хүмүүсийг тооцвол он гарсаар 366 хүн нас бараад байгаа аж. Хэдхэн хоногийн өмнө л гэхэд нэг өдрийн дотор зам тээврийн ослоор дөрвөн хүний алтан амь үрэгдсэн байна. Тэдний нэг “Гурван бүдүүн” хамтлагийн дуучин А.Мөнгөншагай агсан юм. Зам тээврийн осол ихэвчлэн баруун болон хойд чиглэлийн замуудад гарч байгааг Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Эрдэнэсүх хэллээ. Тухайлбал, Сэлэнгэ, Хөвсгөл, Булган, Өмнөговь, Төв аймгуудад хамгийн их осол гардаг байна. Энэ жилийн тоон үзүүлэлтийг ч мөн эдгээр аймгууд тэргүүлжээ. Үүний тодорхой хувь нь замын нөхцөл байдалтай холбоотой гэдгийг онцолж буй. Тодруулбал, зам тээврийн ослын 60 орчим хувь нь хурд хэтрүүлснээс үүдэлтэй байдаг бол 40 орчим хувь нь замын нөхцөл байдал, гэрэл шилжүүлээгүй, гүйцэд түрүүлэх зэргээс үүдэлтэй байдаг аж. Энэ онд гарсан нийт ослын 0.3 хувийг замын нөхцөл байдлаас шалтгаалсан осол эзэлж байгаа аж. 

Он гарсаар гарсан ноцтой ослуудыг дурдвал:

  • Энэ сарын 07-ны 03:00 цагийн орчимд Өмгөговь аймгийн төвөөс 30 орчим километрийн зайд “LC-200” маркийн автомашин зам хөндлөн гарч явсан тэмээг мөргөж, хүний амь нас эрсэдсэн осол гарав. Тус машинаар зорчиж явсан дуучин А.Мөнгөншагай газар дээрээ амиа алдаж, жолооч болон, хамт зорчиж явсан иргэн эмнэлэгт хүргэгдсэн байна. /2019-09-07/
  • Баянхонгор аймгийн Өлзийт сумын нэгдүгээр баг “Бай хөндий” гэх газар /сумын төвөөс баруун урагш 18км/ асфальтан замд “Toyota Prius” маркийн автомашин онхолдож, зорчигч  зургаан настай, эмэгтэй С, гурван настай, эмэгтэй Э нарын хоёр хүүхэд нас барсан. /2019-08-16/
  • Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутаг дэвсгэрт “Тоёота Приус” маркийн автомашин “Тоёота Аксио” маркийн автомашинтай мөргөлдөж, ослын улмаас таван сартай хүүхэд болон 41, 53, 27 настай гурван том хүн, нийт дөрвөн иргэн нас барсан./ 2019-08-07/ 
  • Сэлэнгэ аймгийн Жавхлант сум хоёрдугаар баг “Нарстайн ам” гэх газар асфалтан замд “Hyundai Mighty” маркийн автомашин онхолдож 49 настай, эрэгтэй Л нас барсан. /2019-08-03/ 
  • Сүхбаатараас Улаанбаатар хотын чиглэлд дөрвөн зорчигчтой явж байсан “Латио” загварын суудлын автомашин “Ланд крузер-200” маркийн автомашинтай мөргөлдөж, дөрвөн иргэн амиа алдсан. Осол Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нугаар багийн “Устын ам” гэх газарт болсон аж. /2019-07-18/
  • Төв аймгийн Аргалант сумын гуравдугаар багийн нутаг “Цагаан хөтөл” гэх газар асфальтан замд “Kia K5” маркийн автомашин “Toyota Prius” маркийн автомашинтай мөргөлдөж нэг хүн газар дээрээ нас барж, зургаан хүн хүнд гэмтсэн. /2019-07-01/
  • Архангай аймгаас Улаанбаатар чиглэлд зорчиж явсан Ланд крузер 200 маркийн автомашин Баянхангай сумын “Тав хангай” гэх газар замын зорчих хэсгийн хажуу руу унаж, дөрвөн иргэн, таван настай нэг хүүхэд нас барсан. /2019-06-17/
  • Дорнод аймгийн Чойбалсан сумын “Баян-Нуур” гэх газар  шороон замд Lexus-470 маркийн автомашины жолооч БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн Т жолоочтой автомашин онхолдож, зорчигч БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн 52 настай, эрэгтэй П нас барсан. /2019-06-11/