НМХГ-аас эмийн сан, үйлдвэр, эм ханган нийлүүлэх байгууллагад хийсэн шалгалтын талаар мэдээлэл хийлээ. Шалгалтаар нийт 40 байгууллагын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг холбогдлох байгууллагад хүргүүлэхээр болжээ. Хяналт шалгалтын талаар НМХГ-ын Эм био бэлдмэлийн улсын байцаагч Д.Оюунбилэгээс тодрууллаа.
-Хэчнээн эмийн санд хяналт, шалгалт хийсэн бэ?
-2018 онд Эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийгдсэн байгаа. 2019 онд эмийн сангуудад түлхүү хяналт шалгалт хийсэн. Энэ онд нийт 150 эм хангамжийн байгууллага хяналт, шалгалтад хамрагдахаар батлагдсанаас 90 нь хамрагдлаа. Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 1300 гаруй эмийн сангийн 10 орчим хувь буюу 100 гаруй эмийн санд мэргэжлийн хяналтын байгууллагын зургаан дүүргийн байцаагч нар шалгалт хийсэн юм. Төлөвлөгөөт хяналт, шалгалт гэдэг нь урьдчилан сэргийлэх буюу өмнө нь зарлаж байгаад очиж хийдэг. Ингэхдээ хяналтын хуудсаар үнэлэлт дүгнэлт өгдөг юм. Хяналтын хуудас нь тухайн ах ж ахуйн нэгжийн хууль, дүрэм, стандартын хэрэгжилт ямар хувьтай байгаа, бичиг баримт, журмаа хэрхэн боловсруулж, яаж хэрэгжүүлж байгааг хянадаг. Ингэж бүгдийг нь хувилж байж их, бага, дунд эрсдэлтэй гэдгийг гаргадаг. Түүнээс биш тохиолдлын шинжтэй зөрчил илэрнэ гэдэг нь эрсдэлтэй гэсэн үг биш л дээ.
-Их, дунд эрсдэлтэй аж ахуй нэгжүүд ямар эрсдлээр ингэж үнэлэгдсэн бэ. Сонгинохайрхан дүүргийн Монос Улаанбаатар ХХК, Тавин-ус ХХК-ийн эмийн сан, Азифарм ХХК-ийн Бичил эмийн сан, Баянзүрх дүүргийн Оригмаг эмийн сангуудын зэрэглэлийг бууруулах саналыг Нийслэлийн Эрүүл мэндийн газарт хүргүүлсэн гэсэн?
-Холбогдох дүрэм журмаа мөрдөж ажлаагүйтэй холбоотой зөрчил дутагдал илэрсэн учраас ингэж үнэлэгдэж байгаа. Шаардлага хангасан нөхцөлд нэгдүгээр зэрэглэлийн эмийн сан нь дотуур эмийн бэлдмэлийг бэлтгэдэг. Гэтэл тэр хэмжээгээрээ найруулж чадахгүй байх зөрчил илэрсэн. Тиймээс нэгдүгээр зэрэглэлийн эмийн сангуудын зэрэглэлийг бууруулах талаар яригдаж байна.
-Бусад ноцтой зөрчлүүдийн талаар мэдээлэл өгөөч?
-Хамгийн гол зөрчил нь бүртгэлийн заавраас зөрүүтэй эм худалдаалсан байсан. Мөн мэргэжлийн бус хүн эм барьсан, хадгалалтын хугацаа дууссан гэх мэт ноцтой зөрчлүүд илэрлээ. Эм хангамжийн байгуулладаг эм зүйч, эм найруулагч эм барих тусгай лицензтэй байх ёстой. Гэтэл мэргэжлийн бус, мэргэшээгүй хүн эм барьсан нэг тохиолдол гарсан. Хадгалалтын хугацаа дуусах нь тухайн эмийн сангийн зохион байгуулалтын асуудал шүү дээ. Нөөцөө хэтрүүлэн татсанаас болоод борлуулагдахгүй, хугацаа нь хэтэрсэн бүтээгдэхүүнээ тусгаарлаж хадгалах үүрэгтэй. Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтаар арга хэмжээ авч ажилладаг. Үйл ажиллагаа хэсэгчлэн зогсоосон нэг, бүтээгдэхүүн хураасан хоёр, албан шаардлага 45, 12.6 сая төгрөгийн торгуулийг 22 ААН, хоёр албан тушаалтанд тавьсан. Нөхөн төлбөр болох 800 мянган төгрөгийн улсын орлогод төвлөрүүлсэн.