ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Европын холбоо VS ШХАБ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-06-15

Монгол Улс Европын холбоотой 1989 оны наймдугаар сарын 1-нд дипломат харилцаа тогтоосон. Харин  Шанхайн хамтын ажиллагааны байгуулагын хувьд 2004 онд ажиглагчийн статустай улс болсон билээ. Тэгвэл Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын ээлжит хурал БНХАУ-ын Чиндао хотод зохион байгуулагдсантай холбоотойгоор судлаачид, улстөрчид, холбогдох албаныхан Европын холбоо хийгээд ШХАБ-ын асуудлаар янз бүрийн байр суурь илэрхийлэх болсон. Тиймээс Европын холбоо, ШХАБ-ын давуу болон сул талыг элдэв дүгнэлтгүйгээр уншигчиддаа сонирхуулж байна. 

Европын холбоо: Давуу ба сул тал

1958 онд Европын нүүрс, ган болон Эдийн засгийн нийгэмлэг нэгдэж, Европын холбоог байгуулж байжээ. Тухайн үед зургаан улс гишүүнчлэлтэй байсан бол жил бүр гишүүдийнх нь тоо нэмэгдсээр эдүгээ 28 улс харьяалагдаж байна. Өөрөөр хэлбэл, тус байгууллага нь Европ тивийн 28 тусгаар улсын эдийн засаг, улс төрийн нэгдэл болжээ. 

Түүнчлэн, дотроо Европын хороо, Европын холбооны  зөвлөл, Европын зөвлөл, Европын холбооны шүүх, Европын төв банк зэрэг тусгай үүрэгтэй долоон байгууллагыг багтаадаг. Мөн таван жил тутамд Европын парламентын гишүүдийг сонгодог байна.

Давуу тал: Европын холбооны гишүүн орнуудад хил хязгаар гэж үгүй. Тэд нэгдсэн хуультай, нэгдсэн зах зээлтэй. Дэлхийн хүн амын 7.3 хувь буюу 510 сая хүн энэ холбоонд харьяалагдах бөгөөд ДНБ-ий үнэлгээгээрээр дэлхийн эдийн засгийн 26.45 хувийг эзэлдэг. Эдийн засаг, бизнесийн тухайд ЕХ-ны гишүүн орнуудад нээлттэй, чөлөөтэй.  Өөрөөр хэлбэл, гишүүн 28 улс  бараа бүтээгдэхүүнээ Европын зах зээлд татварын хөнгөлөлттэй нийлүүлэх, ажиллах хүч нь чөлөөтэй зорчих боломжтой байдаг байна. Ерөнхийдөө дотоодын зах зээл дэх бараа, үйлчилгээ, хүн хүч, хөрөнгийн чөлөөт хөдөлгөөн, эдийн засгийн өсөлтийг хангах  нь ЕХ-ны гол зорилго юм.  Манай улс ЕХ-той худалдаа, эдийн засгийн чиглэлээр харилцаагаа хөгжүүлж ирсэн бөгөөд 2016 онд гэхэд зургаан тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг татаж чадсан байдаг. 

Сул тал: Европын холбоо эдийн засаг, улс төрийн нягт ажиллагаагаараа ШХАБ-аас илүү боловч, гишүүн орнуудынхаа засаглалыг давхар чиглүүлдэг гэдгээрээ манай улсын хувьд тийм ч ашигтай бус. Учир нь тус холбоо маш хатуу гишүүнчлэлтэй. Хамгийн наад захын жишээ нь, иргэний дайн, ядуурал, өлсгөлөнгийн улмаас эх нутгаа орхин дүрвэж буй дүрвэгсдийг Европын холбоо хүлээн авах байр суурьтай бол гишүүн орнууд үүнийг биелүүлэхээс аргагүй. Эсрэгээр аль нэг хямралтай улсад санхүүгийн тусламж үзүүлэх шийдвэрт хүрвэл мөн л тодорхой хэмжээний хөрөнгө, санхүүжилтийг гаргахаас аргагүй болдог. Өөрөөр хэлбэл, засаглалын хэмжээнд нөлөөлөх хүчтэй гэсэн үг юм.  Мөн Европын холбоо өөрсдийн гэсэн Төв банктай учир улс бүр өөрсдийн гэсэн мөнгөн тэмдэгт хэвлэх боломжгүй. Мөнгөн тэмдэгт гэдэг аливаа улсын тусгаар тогтнолын баталгаа болдог бол Европын холбоонд хил хязгаар гэж байдаггүй. Одоогоор ЕХ-ны 28 гишүүн орны 19 нь нэгдсэн мөнгөн тэмдэгт болох еврог хэрэглэж байна. Нөгөөтэйгүүр, Евро бүсийн аль нэг улс өрийн дарамтад ороход, Европын эдийн засаг хүндрэлд орох эрсдэлтэй. 

ШХАБ: Давуу ба сул тал

БНХАУ-ын Шанхай хотод 1996 онд ОХУ, БНХАУ, Казахстан, Киргиз, Тажикистан гэсэн таван орны төрийн тэргүүн уулзаж, хилийн районуудад цэргийн салбарын итгэлцлийг бэхжүүлэх тухай гэрээнд анх гарын үсэг зурснаар “Шанхайн тав” гэх нэгдэл үүсчээ. Тэд хуучин Зөвлөлтийн орнууд болон Хятадын хилийн дагуу тогтвортой байдлыг хангах зорилгын дор нэгдсэн байдаг.  Харин Узбекистан, Энэтхэг, Пакистаныг эгнээндээ элсүүлснээр “Шанхайн найм” болсон юм.  Ингэснээр ШХАБ-ын гишүүн, ажиглагч болон яриа хэлэлцээний түнш орнуудын хүн амын тоо гурван тэрбумд хүрсэн нь дэлхийн нийт хүн амын 43 орчим хувийг эзэлж байна.  

Давуу тал: ШХАБ аль нэгэн улсын эсрэг чиглэсэн цэргийн эвсэл биш бөгөөд олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, сайн хөршийн харилцааг бэхжүүлэх, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангах, терроризм, салан тусгаарлах үзэл болон хэт даврах үзлийн бүхий л хэлбэр, хар тамхины наймаатай хамтран тэмцэх үндсэн зорилготой. Мөн худалдаа-эдийн засаг, батлан хамгаалах, хүрээлэн буй орчныг хамгаалах, соёл, шинжлэх ухаан-технологи, боловсрол, эрчим хүч, тээвэр, зээл санхүү болон бусад салбарт бүс нутгийн хамтын ажиллагааг дэмжихэд чиглэдэг. ШХАБ-ын гишүүн орнууд ЕХ-ны улсыг бодвол харьцангуй чөлөөтэй гэж хэлж болно.  Тодруулбал, өөрсдийн гэсэн мөнгөн тэмдэгт, хил хязгаар, хилийн цэрэгтэй байж болох аж. Мөн засаглалын хэмжээнд  төдийлөн нөлөөлөх хүчгүй бөгөөд ямар нэг шийдвэр тулгадаггүй учир улс бүр өөр өөрийнхөөрөө асуудалд хандах боломжтой.  Түүнчлэн, ШХАБ-ын гол орнууд нь манай хоёр хөрш юм. 

Сул тал: Монгол Улс хоёр хөрштэйгөө найрсаг харилцааг эрхэмлэдэг ч гуравдагч хөршийн бодлогыг мөн барьсаар ирсэн. Зарим улс төр судлаачийн хэлж байгаагаар хэрэв ШХАБ-ын ажиглагчийн статусаа өөрчилж, гишүүн болвол Монгол хамгийн их тусламж авдаг донор орнуудаасаа хагацах аюул нүүрлэх гэнэ. Хоёр том гүрний дунд улс төр эдийн засгийн шууд хамааралтай болно гэж үздэг. Мөн ШХАБ-ын бүрэн эрхэт гишүүн улс бусад улстай цэргийн болон батлан хамгаалах салбарт үйл ажиллагаа явуулвал эвсэлдээ мэдэгдэнэ гэж заасан байдаг аж. Энэ утгаар хэрэв манай улс ШХАБ-ын гишүүн боллоо гэхэд  энхийг сахиулах ажиллагаа, “Хааны эрэлд” зэрэг цэргийн олон улсын сургуулилт хийхдээ заавал мэдэгдэх шаардлагатай болох юм байна.