ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Дээлтэй эх оронч доо...

Б.БУНДХОРОЛ (сэтгүүлч)
2018-06-15

Бидний өвөг дээдсийн түүх зарим үед, бидэнд их гай болж байх шиг санагддаг. Бидний ой ухааныг XIII зууны дурсамжинд маань, өөрөөр хэлбэл өнгөрсөн үед минь “хад”-чихсан аятай бодогддог. Үнэндээ түүх бидэнд гай болсон доо биш л дээ. Бид түүхээ зөвөөр ашиглаж чадахгүй дээ, учир байна л даа. 

Ямар ч хүчирхэг түүхгүй орнууд биднийг аль хэдийнээ ардаа орхичихсон байхад бид л дээлээ өмсөөд, мориндоо мордоод, дэлхийг эзлэнэ гэсэн гэнэн мөрөөдөлтэйгөө, Африкийн хамгийн дорой хэдэн оронтой нэг эгнээнд зууралдсаар. Урагшлая, хөгжье, дээшлэе, дэвжье гэж бодож байгаа бол өнгөрсөн алдаанаасаа суралцаж, өнөөдөр бүтээж, ирээдүй рүү тэмүүлж, тэмцье. Бусдын бүтээсэн сайн сайхнаас суралцаж, бусдаас ялгарах онцлогоо тусгаж явъя. Гэтэл бид морь байхад машинаар яах вэ, Монгол байхад бусдаар яах вэ, мал байхад хөгжлөөр яах вэ, магнаг байхад хувцсаар яах вэ гэж элийрч байна. Одоо тэгвэл бүгдээрээ цонхоороо сүүгээ өргөөд, дээлээ өмсөөд, морь малаа хотын төвөөрөө унаад, ганц хоёр жил амьдрах гээд үзье л дээ. Болох нь уу, үгүй юу гэдгийг харъя. Тэр амьдралын маань хэвшил суурин соёл иргэншилд тохирохгүй нь илт мэдэгдэх юм бол тийм юм ярьдаг хүмүүсийг магтаж, хөөргөх биш амыг нь наадаг туузаар наая. Байх ёстой газар нь байлгаж, хэвтэх ёстой газар нь хэвтүүлье. 

Яг үнэндээ би өөрөө багадаа хурга, ишиг хариулж өссөн хүү. Даага, шүдлэн сургаж, даруй жаал жаалхан наадамд уралдаж өссөн залуу. Гэрт амьдарч, гэр барьж, буулгаж нүүдэллэж, суудаллаж явсан хүн. Цагаан сар, наадмаар дээлээ өмсдөг монгол. Муухан хөдөөний хүний дайны мэдлэгтэй нэгэн. Гэлээ гээд тэр бүхнийгээ өдөр бүр санагалзаад өдөр бүр хорхог, боодог, дээл хувцас, хятад цус яриад байвал Улаанбаатарт бүү хэл улсдаа багтахгүй биз дээ. Тиймээс бүгдээрээ баяр ёслолоороо л өв уламжлалаа гайхуулъя. Бусад үед нь араг түшиж төрөх, төрүүлэх тухай ярихаа больё, андуудаа. Нэг л их эх оронч хүн болох гэж дүр эсгээд эх орноо баллахаа байя л даа, бүгдээрээ.