Төрийн албан тушаалыг 60 тэрбумаар арилжаалах схем зурж, төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэрэгт холбогдуулан НИТХ-ын дарга асан Ц.Сандуй болон түүний туслах гэх А.Ганбаатар нарыг шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болов.
Тэдэнд шүүхээс 15-20 жилийн ял төлөвлөсөн бөгөөд Эрүүгийн хуулийн 19.2-д зааснаар төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг оролдсон гэх зүйл ангиар ял төлөвлөөд байсан юм.
Тэгвэл өнөөдөр өглөө Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийж, анхан шатны шүүх хурлыг ирэх аравдугаар сарын 07-ны өдөр явуулахаар тов тогтоожээ.
Харин сэжигтэн Ц.Сандуй “Энэ бол цэвэр улс төрийн зорилготой гэмт хэрэг. Шүүх хурал ирэх сарын 07-ны өдрийг хүртэл хойшиллоо. Гэрчээр Г.Доржзодовыг дуудах байх” хэмээжээ. Ийн хэлээд давхин одохдоо тэрбээр сэтгүүлч Т.Оюумаагийн хөлийг машинаараа дайрсан бөгөөд сэтгүүлч Гэмтлийн эмнэлэгт үзүүлэхээр явжээ. Ц.Сандуй, А.Ганбаатар нарын өмгөөлөгчөөр Б.Мэргэн ажиллаж байгаа юм байна.