“Discover Mongolia-2019” чуулга уулзалт өнөөдөр эхэллээ. Энэ удаагийн чуулга уулзалтыг Монгол Улсын стратегийн орд газруудад төрийн төлөөллийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй “Эрдэнэс Монгол” ХХК хамтран зохион байгуулж байна.
Чуулга уулзалтын эхлэлийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү “Уул уурхайн салбар дахь төр-хувийн хэвшлийн түншлэл” сэдвээр илтгэл тавьж байна. Тэрбээр “Эрдэнэс Монгол” ХХК нь өөрийн стратегийг хэрэгжүүлэхийн тулд уул уурхайн салбарын төрийн бодлого, удирдамжийн дагуу гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдаас хөрөнгө оруулалт татах, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, засаглалыг сайжруулах, олон улсын стандарт, шилдэг туршлагыг нэвтрүүлэх, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төслүүдийг хэрэгжүүлэх зэрэг зорилтуудыг хангаж ажилладаг. Энэ хүрээнд төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэд хэдэн охин компани байгуулан нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төслүүдийг хэрэгжүүлж байна.
Тухайлбал, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бизнесийн салбарт өргөжүүлэх, хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх замаар “Монголын Алт” ХХК-тай хамтран “Эрдэнэс Ашид” ХХК, “Бэрэн групп” ХХК-тай хамтран “Эрдэнэс Стийл” ХХК-ийг тус тус үүсгэн байгуулж, үйл ажиллагаагаа явуулж байна” гэж мэдээлэв.