Сургуульд шинээр элсэх хүүхдийн бүртгэл хэзээ болох талаар Нийслэлийн боловсролын газрын Бага боловсрол хариуцсан мэргэжилтэн Л.Уртнасангаас тодрууллаа.
-ЕБС-д шинээр элсэх сурагчдыг хэзээ бүртгэх вэ?
-2018-2019 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэн суралцах сурагчдыг ирэх наймдугаар сарын 20-ноос бүртгэхээр төлөвлөж байгаа. Нийслэлийн хэмжээнд элсэгчдийн бүртгэлийг өмнө нь хавар явуулдаг байсан. Энэ нь нэг талаар төсөв, бэлтгэл ажилтай холбоотой байсан юм. Тодруулбал, хэдий хэмжээний бүлэг элсүүлэх, хэчнээн багш хэрэгтэй вэ гэдгийг урьдчилсан байдлаар тогтоохын тулд хавар элсүүлдэг байсан. Гэвч, эцэг эхчүүдээс “Хоёр элсэлт авахаар чирэгдэл үүсгэж байна” гэсэн гомдол, санал ирсний дагуу энэ хичээлийн жилд бүртгэлийг наймдугаар сард явуулахаар болсон.
-Ирэх жил хэчнээн хүүхэд нэгдүгээр ангид элсэхээр байгаа вэ?
-Өнгөрсөн хичээлийн жилд 31400 хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцсан. Энэ жил хүн амын тоогоор 34 мянга гаруй хүүхэд элсэн суралцана гэсэн статистик тоон мэдээ байгаа.
-ЕБС-д шинээр элсэн орох гэж байгаа хүүхэдтэй эцэг эхчүүд юу бэлтгэх шаардлагатай вэ?
-Эцэг эхчүүд хүүхэддээ энгийн хэд хэдэн дадал зуршлыг заах хэрэгтэй. Тухайлбал, гутлаа өөрөө үддэг, хувцсаа өөрөө өмсдөг байх хэрэгтэй. Бичиж сурах дадал хэвшүүлэхийн тулд жижиг булчин хөгжүүлэх тоглоомууд тухайлбал, сувс хэлхэх баримлын шавар гэх мэт жижиг ажилбаруудыг хийлгэх хэрэгтэй. Зурах, будах үйл ажиллагааг сайн хийлгэнэ. Мөн өөрийгөө илэрхийлэх чадварт сургах хэрэгтэй.
-Хүүхдээ бүртгүүлэхдээ юунд анхаарах ёстой вэ?
-Жил бүр Нийслэлийн боловсролын газраас хамран сургах тойрог тогтоодог. Энэ жилийн хамран сургах тойргийг ирэх долоо хоногт тогтоохоор бэлтгэл ажилдаа орсон. Судалгааны ажлаа эхлүүлээд явж байна. Хамран сургах тойрог тогтоосноор тухайн хорооны хүүхэд аль сургуульд суралцах нь тодорхой болох юм. Тиймээс эцэг эхчүүд бичиг баримтуудаа сайн бүрдүүлэх хэрэгтэй. Хаяг байршлаа тодорхой болгох ёстой. Мөн хүүхдийн төрсний гэрчилгээ хэрэг болдог. Бүртгэлийн үед зарим нэг асуудал гарах тохиолдол бий. Тухайлбал, эцэг эх нь гадаадад амьдардаг хүүхдүүд эмээ, өвөөгийндөө эсвэл хамаатныдаа байдаг шүү дээ. Тэднийг бүртгэхэд хаягийн асуудал үүсдэг юм. Тиймээс тухайн хүүхдийг ээж, ааваас нь асран хамгаалахаар авч үлдсэн хүмүүс итгэмжлэх буюу хууль эрх зүйн дагуу бичиг баримтуудаа цэгцлэх хэрэгтэй. Мөн шинэ байранд ороод хаягаа шилжүүлдэггүй. Энэ нь хүүхэд нь сургуульд ороход асуудал үүсгэдэг. Шилжиж ирээд удаагүй байгаа хүмүүсийг шууд бүртгэхэд хэцүү. Учир нь хуурамч хаягаар бүртгүүлсэн байх асуудал их гардаг.
-Заавал зургаан настай хүүхэд орох уу. Сараараа зургаан нас хүрээгүй хүүхэд сургуульд орж болох уу?
-Боловсролын хуульд зургаан настайгаас нь элсүүлнэ гэж заасан байдаг. Үүнийг төрсөн оноор нь тооцно. Тодруулбал, 2012 онд төрсөн хүүхэд энэ жил нэгдүгээр ангид элсэн суралцах юм. Харин хүүхэд нь 2012 оны есдүгээр сараас хойш төрсөн бол сургуульд оруулах эсэх нь эцэг эхийн өөрсдийн шийдэх асуудал. Харин 2012 оны нэгдүгээр сараас есдүгээр сард төрсөн бол заавал сургуульд элсүүлэх ёстой. 2013 оны нэгдүгээр сард төрсөн хүүхдээ сургуульд оруулж болох уу гэж эцэг, эхчүүд асуудаг. Хуулийн дагуу энэ хүүхдүүд оноороо 2019 онд орох ёстой.