Гэрээт хилчний алба хаах бүртгэл өчигдрөөс эхэлсэн байна. Энэ талаар Хил хамгаалах ерөнхий газрын гэрээт хилчин хариуцсан офицер, хурандаа Ц.Эрдэнээс тодрууллаа.
-Гэрээт хилчний алба хаах бүртгэл хэзээ дуусах вэ. Бүртгэлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Гэрээт хилчний алба хаах бүртгэл ирэх сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд бүртгүүлсэн хүмүүс сонгон шалгаруулалтад орж, тэнцсэн тохиолдолд гэрээт хилчний анхан шатны сургалтад хамрагдах юм. Улмаар сургалтаа амжилттай төгссөн бүртгүүлэгчдийг хилийн ангиудад томилж, тэндээ гэрээгээр цэргийн албыг хаана. Гэрээ нь хоёр жилийн хугацаатай байх бөгөөд эрх үүргийг нь тодорхой зааж өгсөн байгаа. Гэрээт хилчний албыг амжилттай хаасан залуус хилийн цэргийн офицерийн бүртгэлийн цэргийн сургуульд орж болно. Цалин, хоол хүнс, хувцас, орон сууц, ажлын байраар хангахаас гадна эрүүл мэндийн болон нийгмийн даатгал нь төлөгддөг байгаа. Хоёр жилийн хугацаанд гэрээгээ сайн биелүүлсэн, хилийн зөрчил илрүүлсэн, онцгой гавьяа байгуулсан цэргүүдийг ахлагчийн албанд оруулна. Ингэхдээ мөн л сонгон шалгаруулалт явуулна. Тэнцсэн тохиолдолд ахлагч болох юм. Хилийн цэрэгт алба хаагаад ахлагч юм уу, офицер болсон тохиолдолд гэрээгээр алба хаасан хугацаа нь ажилласан жилд тооцогддог.
-Сонгон шалгаруулалтыг хэрхэн зохион байгуулдаг вэ. Ямар нэгэн материал бүрдүүлэх шаардлагатай юу?
-Эхлээд эрүүл мэндийн үзлэгт орох ёстой. Эрүүл мэндээр тэнцсэн тохиолдолд бие бялдрын шалгалтад орно. Харин дараа нь сэтгэл зүйн сорил өгөөд тэнцсэн тохиолдолд ерөнхий мэдлэгийн шалгалт өгч, сонгон шалгаруулалтад тэнцэх юм. Хэд хэдэн бүрдүүлэх материал бий. Тодруулбал, хил хамгаалах байгууллагад гэрээт хилчний алба хаах талаар гаргасан өргөдөл, гурван үеийн түүх, иргэний, цэргийн үүрэгтний, боловсролын үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, эрүүл мэндийн анхан шатны үзлэгээр орсон хуудас байх хэрэгтэй. Мөн баг, хорооны Засаг даргын тодорхойлолт, ажиллаж байсан байгууллага, цэргийн алба хааж байсан ангийн тодорхойлолт, төрийн албан хаагчийн анкет, зураг, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн дэвтэр, цагдаагийн байгууллагын тодорхойлолтыг авчрах ёстой.
-Ямар шаардлага тавьж байгаа вэ?
-Эрүүл мэндийн шаардлага хангасан, биеийн жингийн зохистой харьцаатай /50 кг-аас дээш жинтэй/, 29 хүртэлх настай эрэгтэй, 160 см-ээс дээш өндөртэй, бүрэн болон тусгай дунд, дээд боловсролтой байх. Мөн ёс зүйн болон сэтгэл зүйн зөв төлөвшилтэй, ял шийтгэлгүй, гэр бүлгүйгээр алба хаах боломжтой, алслагдсан газар, хүндрэлтэй нөхцөлд үүрэг гүйцэтгэх чадвартай байх гэх мэт шаардлагуудыг тавьж байгаа.
-Цалинтай гэрээт хилчний алба хаадаг гэсэн. Энэ үнэн үү?
-Хилийн цэргийн даргын тушаалаар хилийн ангиудад гэрээт хилчнээр томилно. Гэрээт хилчнээр томилохдоо цалинтай. Гэрээгээр хүлээсэн үүргээ амжилттай биелүүлээд алба хаах хугацаандаа цалин авах боломжтой. Үүнийхээ 70 хувийг гар дээрээ, 30 хувийг нь дансандаа байршуулж, хоёр жилийн дараа авах ёстой. Янз бүрийн байдлаар, ар гэрийн гачигдлаар, эрүүл мэндийн шалтгаанаар, сахилгын зөрчилд холбогдоод гэрээ зөрчигдсөн тохиолдолд 30 хувийг өгөхгүй. Мөн 70 хувиа 80, 90 хувь болгож болно.
-Гэрээгээ сунгаж болох уу?
-Болно. Энэ сард 100 гаруй гэрээт хилчдийн гэрээ дууссан. Хоёр жилийн хугацаатай гэрээгээр алба хаасан 20 гаруй залуус гэрээгээ нэг жилээр сунгаж байгаа. Гэрээт алба хаах журамдаа шинэчлэл оруулж байгаа. Хоёр жилийн гэрээтэй алба хаачихаад гурав дахь жилдээ алба хааж байгаа гэрээт хилчнийг энхийг сахиулах ажиллагаанд явуулахаар болсон.
-Хөдөө, орон нутагт байгаа залуус яаж бүртгүүлэх вэ?
-Харьяа аймгийн хилийн отрядын ангид бүртгүүлнэ. Ихэнхи аймгууд хилтэй залгадаг. Өвөрхангай, Архангай, Сүхбаатар, Төв аймгийн иргэд заавал биеэр ирж бүртгүүлнэ.