Иргэн таны машиныг ачилтын компанийнхан ачсан, цагдаагийн зөвшөөрөлтэй бичиггүйгээр ачиж, журмын хашаанд хийсэн тохиолдолд төлбөр төлж машинаа авах ёсгүй гэх мэдээлэл цацагдсан билээ. Энэ талаар нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индрагаас тодрууллаа.
-Машин ачилтын компаниуд цагдаагийн зөвшөөрөлтэй машин ачдаг уу?
-Цагдаагийн зөвшөөрөлтэй ачдаг. Зөвшөөрөлгүй ачсан тохиолдолд гэрээг нь цуцлах арга хэмжээ авдаг.
-Зөвшөөрөлгүй машин ачдаг гэсэн иргэдийн гомдол их байдаг. Энэ талаар тайлбар өгөхгүй юу?
-Цагдаагийн зөвшөөрөлгүй машин ачсан тохиолдолд нийслэлийн Авто замын хөгжлийн газрын нэг цэгийн үйлчилгээнд өргөдөл, гомдол гаргах боломжтой. Тэгвэл бид тухайн болсон үйл явдлыг Замын цагдаагийн газартай хамтраад шалгаж, хэний буруутай үйлдлээс болсон байна гэдгийг тогтооно. Машин ачилтын компаний буруу байвал гэрээг нь цуцлаад явна. Иргэдээс цагдаагийн зөвшөөрөлгүй машин ачсан гэсэн гомдол ирдэг. Шалгаж үзэхээр дүрэм, журмынхаа дагуу ачсан байдаг. Иргэд зогсох ёсгүй газраа зогсч бусдын хөдөлгөөнд саад учруулдаг. Машинаа ачуулсны дараа торгууль мөнгөө өгөхгүй гэж уурлаж бухимдсанаас тус компани зөвшөөрөлгүй машин ачсан гэх маргаан гаргадаг тохиолдол цөөнгүй байдаг. Тиймээс жолооч нар дүрэм, журмаа мөрдөөд автомашинаа байршуулах газраа байршуулж, тэмдэг тэмдэглэгээ зөрчихгүй байх талаар анхаарах хэрэгтэй. Үнэхээр цагдаагийн зөвшөөрөлгүй ачсан тохиолдолд бидэнд мэдээллээ баримттай нь өгвөл газар дээр нь очиж шалгаж, тухайн компаний гэрээг цуцалж, иргэдийн гомдлыг арилгана.
-Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах журамдаа юу гэж заасан байдаг вэ?
-Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах журам 1.1.3-т “Цагдаагийн эрх бүхий алба хаагчийн шийдвэргүйгээр замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тогтоомж зөрчсөн тээврийн хэрэгслийг түр саатуулах, зөөж шилжүүлэхийг хориглоно” гэсэн байдаг.
-Иргэд машинаа авах гэж очихдоо цагдаагийн зөвшөөрөлтэй ачсан эсэхийг нь харах ёстой. Цагдаагийн зөвшөөрөл байхгүй бол 60 мянган төгрөгөө өгөхгүй байж болно гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-Машин ачилтын компани машиныг нь цагдаагийн зөвшөөрөлтэй ачсан эсэхийг нь жолооч нар шалгах эрхтэй. Тээврийн хэрэгслийн зөөж шилжүүлэх, түр саатуулах журам 3.3.9-д “Цагдаагийн алба хаагч зөөж шилжүүлэх мэдэгдлийг хавсралт /маягт 39/-ын дагуу бөглөж, гарын үсэг зурж баталгаажуулна. Мэдэгдлийг зөрчилтэй тээврийн хэрэгслийн шилэн дээр харагдахуйц газар нааж байрлуулж болно. Мэдэгдлийн дагуу чирэгч, ачигч автомашины жолооч, техникийн ажилтан нь тухайн тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлнэ. Тээврийн хэрэгслийн бүхээг, тээшинд хүн, мал, амьтан байгаа тохиолдолд шилжүүлэхгүй” гэсэн байдаг.
-Машин ачилтын компаниуд уг журмыг хэр мөрддөг вэ. Машинд хүүхэд байхад ачиж явсан хэрэг гарсан шүү дээ?
-Машинд хүүхэд байхад ачиж явсан гэсэн нэгэн иргэний гомдол ирж байсан. Гомдлын дагуу шалгаж үзэхэд автомашинд ямар ч хүүхэд байгаагүй гэдэг нь тухайн үед хийсэн бичлэгээр нотлогдсон. Уг асуудал нь дүрэм зөрчиж автомашинаа тавьснаас болсон. Тодруулбал, журмын хашаанд гурав хоносон мөнгөө төлөхгүйн тулд тухайн компанийг гүжирдэж, гомдол гаргасан явдал байсан. Жолооч нар замын хөдөлгөөний дүрэм, журмаа барьж бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх хэрэгтэй.