Улирлын томуугийн эсрэг вакцины дархлаажуулалтын хугацааг сунгажээ. Тиймээс эцэг, эхчүүдийг хүүхдүүдээ дархлаажуулалтад хамруулахыг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна. Дархлаажуулалтын вакцины давуу тал болон гол онцлогийн талаар НЭМГ-ын Дархлаажуулалт хариуцсан мэргэжилтэн Ж.Энхцэцэгээс тодрууллаа.
-Улирлын томуугийн эсрэг вакцины дархлаажуулалт хийгээд удаагүй байна. Энэ жилийн дархлаажуулалтын гол онцлог нь юу байв?
-Улирлын томуугийн эсрэг вакцины дархлаажуулалт Эрүүл мэндийн сайдын 451 дүгээр тушаалын дагуу энэ сарын 4-ний өдрөөс эхэлсэн. Дархлаажуулалтын ээлжит 10 хоног жил бүр болдог. Энэ удаагийн ээлжит 10 хоногийн хугацаа дууссан боловч вакцин үргэлжлэн хийхээр боллоо. Гол онцлог нь нийслэлийн бүх төрийн өмчит цэцэрлэгийн хүүхдүүдийг хамруулж байгаагаараа онцлогтой. Өмнөх жилүүдэд гэр хорооллын агаарын бохирдол ихтэй цэцэрлэгүүдээс сонгож авдаг байсан. Энэ жил мөн асрамжийн газруудыг хүүхдүүдийг хамруулж байгаа. Засгийн газар өөрийн хөрөнгөөр жил бүр вакцин худалдаж авдаг бөгөөд анх Нийслэлийн боловсролын газраас өгсөн тоонд вакцинаа захиалдаг юм. Гэхдээ бодит байдалд вакцин хийгээд эхлэхэд цэцэрлэгт явж байгаа хүүхдүүдийн тоо харьцангуй бага, эцэг эх нь вакцин хийлгэхэс татгалзах, хүүхдүүд нь өвчтэй гэсэн шалтгаанаар илүү гарсан вакцинаа дүүргүүдэд хуваарилж, эрсдэлт бүлгийн хүүхдүүдэд өрхөөр нь дамжуулж хийх зөвлөмжийг өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт өгсөн. Нийтдээ 159500 туныг Солонгос улсаас авчирлаа.
-Эрсдэлтэй бүлэгт багтдаггүй хэрнээ цэцэрлэгт явдаггүй хүүхдүүд хэрхэн хамрагдаж болох вэ?
-Тэдгээр хүүхдүүд 15 мянган төгрөгөө төлөөд хамрагдах боломжтой. Бага насны хүүхдийн 90 орчим хувь нь цэцэрлэгт явдаг гэсэн судалгаа бий. Тиймээс төвлөрсөн газруудаа сонгосон.
-Хамгийн түрүүнд халдвар авах эрсдэлтэй эрүүл мэндийн байгууллагын ажилчид хамрагдах боломжтой юу?
-Эрсдэлт бүлгийн хүн амд цөөхөн тооны буюу 4600 орчим хүнд вакцин хуваарилагдаж ирсэн. Энэ нь жирэмсэн эх, архаг хууч өвчтэй, өндөр настай хүмүүс багтсан юм. Дараагийн ээлжинд ирэх вакциныг насанд хүрэгчид, эрсдэлт бүлэг рүү чиглэж хийх төлөвлөгөөтэй. Энэ удаагийн дархлаажуулалтаар эрүүл мэндийн ажилчдыг хамруулсан. Ингэхдээ Нэгдсэн эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төв, түргэн тусламжийн төвийн эмч нарыг хамруулсан. Дараагийн удаад бусад эрүүл мэндийн ажилчдыг хамруулна.
-Хүүхдүүдтэй ажилладаг багш, ажилчдад вакцин хийх үү?
-Хийхгүй. Хоёр жилийн өмнө цэцэрлэг сургуулийн багш нарыг хамруулсан. Энэ удаад зорилтод насанд нь байхгүй. Гэхдээ сайн дураар хамрагдаж болно.
-Насанд хүрэгчид томуугаас урьдчилан сэргийлэх зорилгоор вакцинд сайн дураар хамрагдах боломжтой юу. Үнэ төлбөрийн тухайд?
-Сайн дурын дархлаажуулалтыг одоогийн байдлаар Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндинй төвөөс бусад байгууллагууд татан авсан. Хэрвээ иргэд хүсвэл сайн дурын дархлаажуулалтад 15000 төгрөг төлөөд хамрагдаж болно. Мөн ХӨСҮТ-ийн Сайн дурын дархлаажуулалтын кабинет ч бас хийж байгаа. Хувийн эмнэлгүүдэд улирлын томуугийн вакцин хийгээд эхэлсэн бөгөөд үнийн хувьд 35-60 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна.
-Хөдөө орон нутгийн болон хувийн цэцэрлэгүүдэд хуваарилагдсан уу?
-Хувийн цэцэрлэгийн хүүхдүүд 15000 төгрөгөө төлөөд вакцин хийлгэх боломжтой. Харин хөдөө орон нутгийн тухайд сонгогдсон аймгийн зарим цэцэрлэгүүдэд хийгдэж байгаа.
-Улирлын томуугийн эсрэг вакцин нь хэр үр дүнтэй вэ?
-Үр дүнтэй. Яг л томууг үүсгэж байгаа дэд хэв шинжүүдэд үйлчилж буй вакцин юм. Улирлын томуугаас сэргийлэх найдвартай арга бол энэ шүү дээ. Вакцин хийлгэсэн хүн өөр төрлийн ханиадаар өвчилж болно. Гэхдээ хөнгөн, хүндрэл багатай тусдаг. Уг вакциныг хийлгэснээр 14 хоногийн дараа дархлаа тогтох бөгөөд нэг жил үргэлжилдэг. Хүүхдэд онцлог хийгдэж байгаа. Өөрөөр хэлбэл, зургаан сараас гурван нас хүртэлх хүүхдэд 0.25 хэмжээний тунгаар нэг сарын зайтай хоёр удаа хийж байна. Харин гурван наснаас дээш насанд хүрэгчдэд 0.5 гэх тунгаар нэг удаа л хийлгэнэ. Цэцэрлэгүүд бараг хийгээд дуусчихсан. Харин хоёрдугаар тунгийн вакцин нэг сарын дараа хийнэ. Өнгөрсөн жилээс хойш ажиглаад байхад эцэг, эхчүүд хүүхдээ хоёрдугаар тунгийн вакцинд хамрагдуулах нь муу байдаг. Гэтэл хоёр тунгаа авч байж тухайн хүүхэд дархлаа тогтоно шүү дээ. Үүнийг сайн анхаарах хэрэгтэй.
-Эсрэг заалтын тухайд мэдээлэл өгөхгүй юу. Жирэмсэн эхчүүд хамрагдаж болох уу?
-Уналт таталтын эм ууж байгаа, сүүлийн нэг жилийн дотор таталт өгсөн гэсэн эсрэг заалт байгааг мөрдөнө. Эсрэг заалтад тухайн вакцины найрлагад орсон бодис хэт мэдрэг, эсвэл тахианы мах, махан бүтээгдэхүүн, өндөгөнд хэт мэдрэг, дархлаа дарангуйлах эм хэрэглэх, гармоны эмчилгээ хийлгэж байгаа, халдварт өвчнөөр өвдөөд нэг сар болоогүй, товлолын вакцин болон өөр тархвар судлалын вакцин хийлгээд нэг сар болоогүй бол үүнийг хийлгэхгүй. Учир нь вакцин хоорондын зай нэг сар байдаг. Жирэмсэн эхчүүд ямар ч хугацаанд энэ вакциныг хийлгэж болно. Энэ нь өөрийгөө болон, хэвлий дэх урагаа халдвараас сэргийлж байна гэж ойлгох хэрэгтэй. Мөн тухайн өдөр хүүхэд вакцин хийлгэж байхдаа хурц халуураагүй, ханиадтай биш бол хийж болно. Иргэдийн хувьд энэ долоо хоногтоо томуугийн вакциндаа идэвхтэй хамрагдаарай гэж хэлье.
-Хүүхэд таталт өгч байна гэсэн мэдээлэл гарсан. Үүнд та тайбар өгөөч?
-Одоогоор бидэнд дархлаажуулалтын дараах урвал, хүндрэл бүртгэгдсэн тохиолдол ирээгүй. Гэхдээ тарьсан гэсэгт хавдах, улайх, хүүхэд халуурах урвал тодорхой хэмжээнд явагддаг. Бид вакцин хийхдээ эцэг, эхчүүдээс зөвшөөрөл авсны үндсэн дээр хүүхдэд хийдэг.
-Томуугаас урьдчилан сэргийлэхийн тулд эцэг эхчүүд юуг анхаарах ёстой вэ?
-Мэдээж вакцин хамгийн найдвартай арга. Томуугийн улиралд хүүхдийг онц шаардлагагүй бол олон нийтийн газраар авч явахгүй байх хэрэгтэй. Авч явах тохиолдолд эмнэлэг, олон нийтийн газар амны хаалт зүүлгэх, гарын ариун цэврийг сахих, өөрсдөө ханиад томуутай байх үедээ эмчийн заавраар гэртээ эмчилгээ хийлгэж бүрэн эдгээх нь чухал. Хүүхэддээ амин дэмтэй хоол хүнс хэрэглүүлэх, царван, сод, давсны уусмалаар хоолой амыг нь зайлах, хамрыг нь цэвэрлэж хэвших учиртай. Шингэн зүйл сайн уулгаж, дулаан хувцаслах, гэртээ тогтмол чийгтэй цэвэрлэгээ, агааржуулалт хийх хэрэгтэй.