Монгол Улс “Саарал жагсаалт”-д ороод гарч байсан түүх бий ч тэр үед энэ асуудал нийгмийн анхааралд өртөж байгаагүй юм. Харин 2019 онд Монгол Улс дахин саарал жагсаалтад орсон нь найман настай балчраас наян настай буурал хүртэл мэдэх асуудал болжээ. Ингээд Монгол Улс сүйрэх гэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлсэн нь улсынхаа нэр төрийг золин байж улс төрийн ашиг хонжоо харан тоглолт хийсэн МАНАН-ийн зохион байгуулалттай тарьсан хэрэг юм. Яагаад гэвэл энэ нь хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, Монгол Улсын нэр төрийг дэлхийд “сааралтуулсан” АН, МАН-ын ард түмнээ мөлжиж, авлигад автуулсан нүглээ өөрсдөөсөө зайлуулахын тулд тэдний тарьсан гай балгийг залруулах гэж ажилласан төрийн байгууллагууд руугаа “Та нар ажлаа муу хийсэн учраас ФАТФ байгууллагаас өгсөн зөвлөмжийн дагуу ажилласангүй” гэж буруугаа чихэв. Хоёрдугаарт, үгэнд нь орж нам улс төрийнх нь үйл хэргийг дэмжихгүй гэдгээ илэрхийлж, зарчим баримталдаг төрийн байгууллагуудын зарим удирдлагуудыг үүгээр далимдуулан огцруулахын тулд саарал жагсаалтыг хүн бүрийн мэдэх сэдэв болгон нийгэмд сэвжээ. Одоо л учиг тайлагдав. Энэ дүгнэлтийг цаг үеийн үйл явдлууд бэлээхэн гэрчилнэ. ФАТФ байгууллагын хурал өнгөрсөн долоо хоногт Парис хотноо хуралдаж, Монголын асуудлыг хэлэлцсэн тэр өдөр АН-ын дарга С.Эрдэнэ шийдвэр гарахаас ч өмнө “Монгол Улс саарал жагсаалтад орчихлоо. Ам.долларын ханш өсөх нь” хэмээн тэдний өмнөөс мэдэгдэл хийгээтхэв.
Тэр даруй Монголбанк, СЗХ-ны дарга нарт хариуцлага тооцъё гэсэн эвлүүлэг бүхий зурагтай мэдээлэл хэд хэдэн шар сайтаар түгж эхэлсэн (захиалгатай нийтлэл) билээ. Араас нь УИХ-ын дарга мөн л эдгээр байгууллагуудын удирдлагуудад хариуцлага тооцно гэсэн модон орчуулгатай захидлыг ФАТФ байгууллагад илгээснээ өөрийн цахим хуудсаараа зарлаж, сааралд орохгүй бололтой гэсэн мэдээ тараажээ. Бодвол саарал орохгүй бол ганц захидал бичээд л “Монголыг аварсан” гэж харагдахыг хүсээ биз. Улмаар, улс төрийн оноо авах оролдлого хийхийн хамт “саарлаар” яаж албан тушаалын холио солио хийх гэж буйгаа нийгэмд тов тодорхой илэрхийлэв. Мөн ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж намын бүлгийн хурлын тухай сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ өөрийгөө хамгаалж бурууг өөрөөсөө зайлуулж, бусдыг буруутгахаар оролдлоо. Магадгүй МАНАН-тсан зохиолын дагуу энэ бүх үйл явдлыг өрнүүлсэн байх. Ард түмэн тэнэг биш. Хэн яаж ажилласныг чинь дэлхий хэлээд өглөө. Одоо хэн ажлаа хийгээгүйг ч бас давхар сануулаад даалгавраа өгсөн байна. Ялангуяа, орон дотроо хууль засч, давхар дээлтнүүдийг төрүүлсэн, авлигачдыг, мөнгө угаагчдыг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг заалтаар өршөөн хэлтрүүлэх хуулийн цоорхойг гаргасан Ц.Нямдорж танд харин хийх ажил их байгааг маш тодорхой заасан байгаа тул тэмдэглэж аваад духан дээрээ наах хэрэгтэй юмсан. Тантай холбоотой таны болоод таны нөхдийн төрөөс шамшигдуулсан ард түмний мөнгийг угаасан хэргээ нуун далдлах гэсэн оролдлогууд Монгол Улсын нэр төрийг дэлхийд сааралтуулахад асар их хувь нэмэр оруулсныг доорх үүрэг даалгавраас харж болно. Мөн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тантай хамаатай асуудал мөн 50 хувь байхад алдаагаа арилжааны хэдэн банк руу чихчихээд л уснаас хуурай гарах гэж улайрч байх юм, та. Улс төр яах вэ, урдах даалгавраа биелүүлцгээе.
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлдэг эрсдэлтэй орон биш гэдгээ залруулах дөрвөн ажил
“Банк санхүүгийн бус байгууллага, санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдэд хяналт тавих эрх бүхий байгууллагаас мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийг үнэлж, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын үйл ажиллагааг хэрэгжүүлж мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр хүлээсэн үүргээ зөрчсөн хүн, хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэх, уг хариуцлага нь гаргасан зөрчилтэй нийцсэн, дахин үйлдэгдэхээс сэргийлсэн шинжтэй байх
Ажиллах ёстой байгууллага - Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам, ХЗДХЯ
Эрсдэлд суурилсан үйл ажиллагааны хүрээнд мөнгө угаах гэмт хэргийн олон төрлөөр мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж шүүхээр шийдвэрлүүлэх
Ажиллах ёстой байгууллага - ХЗДХЯ-ны мэдлийн хууль сахиулах байгууллагууд /ЦЕГ, ТЕГ, АТГ, УЕПГ, Шүүх байгууллага/
Мэдүүлээгүй, хуурамчаар мэдүүлсэн бэлэн мөнгийг хураан авах, битүүмжлэх, зөрчил гаргасан этгээдэд хариуцлага хүлээлгэх, уг хариуцлага нь гаргасан зөрчилтэй нийцсэн, дахин үйлдэгдэхээс сэргийлсэн шинжтэй байх
Ажиллах ёстой байгууллага - Сангийн яам, Гаалийн ерөнхий газар
Хориг арга хэмжээг зөрчихөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр эрх бүхий байгууллага хоорондын үр дүнтэй харилцаа, хамтын ажиллагааг сайжруулж, санхүүгийн байгууллага болон санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдийн үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй холбоотой санхүүгийн зорилтот хориг арга хэмжээг хэрэгжүүлэх үүргээ биелүүлж буй эсэхэд хяналт тавьж, зөрчсөн этгээдэд хариуцлага хүлээлгэх, уг хариуцлага нь гаргасан зөрчилтэй нийцсэн, дахин үйлдэгдэхээс сэргийлсэн шинжтэй байх
Ажиллах ёстой байгууллага - Гадаад харилцааны яам, Тагнуулын ерөнхий газар
...Дээрх дөрвөн даалгавар цэвэр Засгийн газраас хамаарах ажлууд. Авлигын туйлд хүрсэн Зимбабветай эдийн засгийн өрсөлдөх чадвараар дээгүүр түвшинд байгаа ч авлига, мөнгө угаалтаараа ялгагдах юмгүй гэдгээ нэг эгнээнд орсноор мэдэцгээлээ. Аалзны тор нэхсэн авлига албан тушаал, хээл хахуулийн хэргүүд шүүх дээр шийдэгддэггүй. Мөнгө угаах гэмт хэргээр зүйлчилсэн хэрэг бүртгэгдээгүй шахуу. Шахуу гэдэг нь гар утас хулгайлсан гэмийг энэ зүйл ангиар зүйлчилсэн нь нүглийн нүдийг гурилаар хуурснаас ялгаагүй сонсогдож байгаа юм. ФАТФ хугацаатай үүрэг даалгавар өгснөө мэдэгдсэн. Оймсны хэргээс өгсүүлээд баримттайгаар олон нийтэд дэлгэгдсэн төрийн байгууллагуудын мөнгө угаасан шившиг, өндөр албан тушаалтнуудын шалгагдаж байгаа хэргүүд энэ хугацаанд харин шийдэгдэж, зохих ёсны ял зэмээ авах нь уу үгүй юу гэдгийг ард түмэн харин та нарын буянаар сайн мэдэж авсан. “Саарал жагсаалт” гэдэг мэдлэгийнхээ хүрээнд хяналт тавин анхаарч байя. Та нарыг ард түмэн сонгодог юм!!!
Б.Яруу