Дэлхийн хэвлэл, мэдээллийн байгууллагууд Монголын тухай, тэр дундаа нийгмийн хөгжил, эдийн засгийн байдал, улс үндэстний тухай хэрхэн мэдээлж буйг “Тэд бидний тухай” булангаараа орчуулан хүргэдэг билээ. Харин энэ удаа “The Guardians” сайтад гарсан Монгол дахь хүчингийн хэргийн тухай буюу АНУ, Европт өрнөсөн эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг Me Too хөдөлгөөн хэрхэн Монголд эхэлсэн талаарх мэдээллийг орчуулан хүргэж байна.
Жилийн өмнө Ч.Саранзаяа руу дүү Наранзаяа нь яаралтай дуудлага хийжээ. Урьд шөнө нь хамт амьдардаг бүсгүй нь гэртээ эрэгтэй найзыгаа авчирч хоносон байна. Улмаар бүсгүйг ажилдаа явахад нь өнөөх эр гэрт нь үлджээ. Харин энэ явдлаас хэдэн цагийн дараа тэрхүү дуудлагыг Наранзаяа эгч рүүгээ хийсэн юм. Тэр уйлж, “Тэр залуу хэн байсан юм бэ. Намайг хүчиндчихээд явчихлаа” хэмээн асуусан байна.
Төд удалгүй тэд тэр эр нь эрх баригч намаас УИХ-д сонгогдсон гишүүн Д.Гантулга байсныг мэджээ.
Одоо тэрбээр хуулийн байгууллагад шалгагдаж байгаа юм. Д.Гантулга үйлдсэн хэргээ үгүйсгэж, бид тохиролцон бэлгийн харилцаанд орсон хэмээн өөрийгөө өмгөөлсөн байдаг.
Энэ бол сүүлийн жилүүдэд Монголд гарсан хамгийн их анхаарал татсан улс төрийн скандалуудын нэг байсан юм.
Нөгөөтэйгүүр, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах үйлсэд гарсан шинэ ахиц дэвшил байв. Эдүгээ 32 настай Ч.Саранзаяа бол улс оронд нь үйлдэгдэж буй бэлгийн хүчирхийллийг таслан зогсоохын төлөө эмэгтэйчүүдийг уриалан дуудаж буй маш жижиг хэсгийн нэгэн төлөөлөл. Зарим талаараа сул хууль, нийгэм дэх хохирогчдыг буруушаах хандлагын улмаас удаан хугацаа шаардлагатай болсон хэдий ч, энэ бол Монгол дахь “Ме тоо” хөдөлгөөний эхлэл байжээ.
“Зарим хүмүүс юуны төлөө тэмцээд байгаа юм бэ. Яагаад болихгүй байгаа юм гэж асуудаг. Бид бусад эмэгтэйчүүдэд жим гаргахыг хүсч байна. Хэрвээ энэ хэрэгт бид ялбал, хохирогчдод шударга ёсыг авчирч, бусад хохирогчдод туслах болно” гэж Ч.Саранзаяа ярьж байна. НҮБ-ын Хүн амын сан, Үндэсний статистикийн газраас гаргасан жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх судалгаагаар, Монголын нийт эмэгтэйчүүдийн 31 хувь нь бэлгийн болон бие мах бодийн хүчирхийлэлд өртсөн гэсэн дүн гарчээ.
НҮБ-ын Хүн Амын сангийн зөвлөх Хенрьетте Жансены ярьж буйгаар Монголын долоон эмэгтэй тутмын нэг нь өөрт хамааралгүй буюу нөхөр, хамтран амьдрагчдаа бус өөр хэн нэгэнд хүчиндүүлсэн гэсэн судалгаа гарсан байна. Энэ нь дэлхийн дунджаас хоёр дахин их байгаа төдийгүй Азийн бусад орнуудаас ч илүү өндөр хувьтай байгаа юм.
Гэхдээ энэ бүхний эсрэг эсэргүүцлийн хөдөлгөөн тус улсад өрнөсөөр байна. Гуравдугаар сард хэсэг эмэгтэйчүүд хэдэн зуун улаан ноосон малгай нэхэж, олон улсын эмэгтэйчүүдийн баяраар нийслэл хотдоо хүчирхийллийн эсрэг жагсаал хийсэн. Мөн тавдугаар сард нэгэн эмэгтэйчүүдийн групп “Үтрээний хүүрнэл” монологийг монгол хэл рүү орчуулсан байна.
Мөн хүний эрхийн төлөө тэмцэгчид болон эмэгтэй гишүүд хэдэн жилийн турш лоббидсоноор 2016 онд гэр бүлийн хүчирхийллийг анх удаа гэмт хэрэгт тооцох эрхзүйн орчин бүрджээ. Харин одоогоор иргэний нийгмийн байгууллагууд бэлгийн дарамтыг Хөдөлмөрийн тухай хуульд тусгахыг шаардаж байгаа аж. Бэлгийн дарамт үзүүлэх хэрэг Хүний эрхийн үндэсний комиссоор зохицуулагддаг бөгөөд тус байгууллага зөвлөмж гаргахаас хэтэрдэггүй байна.