Иргэд нийтийн тээвэрээр зорчихдоо бэлэн мөнгө ихээхэн ашиглаж буй. Тэгвэл үүнд ямар арга хэмжээ авч байгаа талаар Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газрын Тээврийн төлөвлөлт, технологийн хэлтсийн дарга С.Цэцэгмаагаас тодрууллаа.
-Нийтийн тээвэрт карт уншуулахаас илүү жолоочид 500 төгрөг өгч үйлчлүүлэх тохиолдол их гарч байна. Өчигдөр өглөө л гэхэд автобусны буудлаас таван хүний гурав нь мөнгө өгч харагдсан. Үүнд нийтийн тээврийн газраас хэрхэн хяналт тавьдаг вэ?
-Манай байгууллагад өнөөдрийн байдлаар 23 тээврийн хяналтын улсын байцаагч ажиллаж байна. Зорчигчид бэлэн мөнгөөр зорчих явдал сүүлийн үед их гарах болсон. Улмаар иргэдэд Зөрчлийн тухай хуулиар сануулах арга хэмжээ авдаг. “Улаанбаатар смарт карт” компаниас цахим төлбөрийн карт хэрэгжүүлж эхэлснээс хойш зорчигчид тодорхой арга хэмжээ авч байгаа. Гэхдээ цэнэглэх цэгүүд хүрэлцэхгүй, зарим нь өглөө эрт онгойхгүй, цагийн хуваарь тодорхой бус байгаагаас шалтгаалж иргэдэд чирэгдэл учирдаг тал бий. Нөгөө талаас иргэд нийгмийн хариуцлагын хүрээд аль болох цахим төлбөрийн картаа ашиглаж зорчвол тухайн мөнгө улсын төсөвт орно. Улмаар парк шинэчлэл гэх мэт нийтийн тээвэрт иргэний оруулах хувь нэмэр тэр чинээгээр нэмэгдэнэ гэсэн үг шүү дээ. Энийг л ойлгох хэрэгтэй байна.
-Танайхаас цагийн хуваарийн асуудалд шаардлага тавьсан уу?
-“Улаанбаатар смарт карт” компанитай гэрээ байгуулсан зарим жижиг супермаркет, ТҮЦ-д цахим карт зарахаас гадна цэнэглэдэг. Гэтэл эдгээр цэгүүд “Улаанбаатар смарт карт” компанитай байгуулсан гэрээгээ мөрдөхгүй, цагийн хуваарь нь алдагдаж, чирэгдэл учруулж байгаад Нийтийн тээврийн газраас удаа дараа шаардлага тавьсан. Харамсалтай нь өнөөдрийн байдлаар хангалттай хэмжээнд хүрч ажиллахгүй л байна.
-Бэлэн мөнгө төлж зорчиж буй бас нэг шалтгаан нь карт цэнэглэх цэгүүд иргэдэд банкны картаар үйлчилдэггүй, заавал бэлэн мөнгө төлж байж цэнэглэдэг юм билээ. Ихэнх хүмүүс банкны карт ашиглаж үйлчилгээ авах эрмэлзлэлтэй болсон шүү дээ?
-Энэ талаарх шаардлагуудыг “Улаанбаатар смарт карт” компанид хүргүүлж байгаа. Одоохондоо хэрэгжээгүй байна. Хүн бүхэн “Хаан” банкны картыг ашиглаж байгаа учир иргэдэд аль болох хүртээмжтэй байх боломж олгож өгөөч гэдэг шаардлага тавьж байна.
-Хялбар аргаар картаа цэнэглэх боломжийг судалж үзсэн үү?
-Иргэд бэлэн мөнгө төлөхөөр орлого буурч байгаа л даа. Олон улсын жишгээс харахад заавал цахим төлбөрийн картаар биш, мөнгөний хайрцаг тавьж ажилладаг. Тиймээс ухрах биш, хайрцаг эсвэл бэлэн мөнгө унших төхөөрөмж тавих боломж байгаа эсэхийг судалж байгаа. Удахгүй ямар нэгэн шийдэлд хүрэх байх. Эсвэл зарим банкны карттай холбох ч гэдэг юм уу. Гэхдээ иргэд аль болох картаа цэнэглүүлээд уншуулаад явах хэрэгтэй шүү.
-Орлого багассан гэлээ. Хэр хэмжээгээр буурсан талаар мэдээлэл бий юу?
-Орлого сүүлийн гурван жилийнхийг харьцуулж харахад 20-30 хувиар буурсан байсан. Үүнээс бэлэн мөнгөний зорчилт 20 орчим хувийн эзэлж байгаа.
-Жолооч нар өөрсдөө зорчигчдод картаар үйлчлүүлэх шаардлага тавих ёстой шүү дээ. Гэтэл шаардлага тавьдаг жолооч маш цөөхөн байдаг. Бэлэн мөнгө авч байгаа жолооч нарт ямар арга хэмжээ авдаг вэ?
-Хариуцлага тооцно. Баримтжуулсан тохиолдолд Авто тээврийн улсын хяналтын байцаагч нар Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцдог. Мөн автобусанд онлайн камер тавих ажил эхлүүлчихсэн. Өнөөдрийн байдлаар 60 орчим автобус онлайн камертай болсон учир асуудал гарах нь бага байна.
-Нэг хэсэг байцаагч нар өөрсдөө автобусандаа суугаад иргэдэд шаардлага тавьж байсан. Энэ хугацаанд нилээд жигдэрсэн байсан шүү дээ?
-Өнөөдрийн байдлаар Нийслэлийн хэмжээнд 900 автобус шугаманд үйлчилж байна. Эдгээр 900 гаруй автобусанд 23 байцаагч яагаад ч хүрэлцэхгүй. Тэдэнд зөвхөн зорчигчид шалгаад явах нь ажил үүргийн хуваарьт нь байхгүй. Манайх дотроо олон салбартай бөгөөд ачаа тээвэр, техник технологийг шалгах гэх мэтчилэн ажил үүрэгтэй. Иргэд өөрсдөө ухамсраараа нийтийн тээврээр үйлчлүүлбэл сайн л байна.